“Алтан мужийн дайчид” гайхалтай эргэн ирэлтийг хийж, ялалтын цувралаа үргэлжлүүллээ

 

NBA-ийн талбайд өнөөдөр гурван тоглолт боллоо. Дээрх тоглолтууд бүгд үзэгчдийн анхаарлыг татаж, сонирхолтой өрнөсөн юм. Улирал эхэлнээс хойш дөрвөн удаа трипль-дабль хийгээд байсан Р.Рондо өнөөдөр багийнхаа нөхдийн хамтаар Майами хотод зочиллоо.

 

Талбайн эздээс К.Бош 23 оноо, 11 самбар, Д.Уэйд 24 оноо, 5 самбар, 6 оновчтой дамжуулалт, Т.Жонсон 19 оноо, Х.Уайтсайд 12 оноо, А.Стоудмайер 10 оноо авсан. Харин “Сакраменто Кингз”-ээс М.Белинели 23 оноо, Б.МаКлемор 17 оноо, О.Касспи 16 оноо, Р.Рондо 14 оноо, 9 самбар, 18 оновчтой дамжуулалт, Р.Гэй 13 оноо, 12 самбар, У.Каулей-Стейн 11 оноо авсан ч баг нь 116:109-өөр ялагдал хүлээсэн. Өнөөдөр Р.Рондо мөн л трипль-дабль хийх хэмжээнд тоглосон. Тэрээр цаг дуусахаас өмнө дахин нэг удаа самбараас бөмбөг авсан бол энэ улирлын тав дахь трипль-даблаа хийх байлаа.

 

Энэ өдрийн хоёр дахь тоглолт “Клевлэнд Кавлерс”-“Милуоки Бакс”-ийн хооронд болов. Талбай дээрээ тоглосон “Морин цэргүүд”-ээс Л.Жеймс 27 оноо, 9 самбар, 6 оновчтой дамжуулалт, К.Лав 22 оноо, 15 самбар, Ж.Ар Смит 18 оноо, Т.Томпсон 12 оноо, 11 удаа самбараас бөмбөг авлаа. Харин зочин баг “Милуоки Бакс”-ийн Г.Антетокоунмпо 33 оноо, Г.Монрое 17 оноо, К.Миддлетон 15 оноо, Ж.Паркер 14 оноо авсан ч энэ нь хангалтгүй байж, 115:100-гаар ялагдал хүлээсэн юм.

Өнгөрсөн улиралд С.Карриг зогсоох тамирчин гарч ирээгүй. Тэрээр улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал авснаас гадна, багаараа аварга болсон. Харин энэ улиралд ч “Алтан мужийн дайчид” болсон С.Карри гайхалтай байна. Тэд 12 тоглолт дараалан хожсон бөгөөд өнөөдөр “Лос Анжелес Клипперс”-тэй ээлжит тоглолтоо хийлээ.

 

 

Тулааны эхний үед талбайн эзэд 41 оноо авсан бол аваргууд 25 оноотой байв. Харин сүүлийн гурван үед “Голден Стэйт Уорерз” багийн тоглолтыг жинхэнэ утгаар нь харуулж, 29:27, 31:23, 39:26-гаар илүүрхэж, хүчтэй өрсөлдөгчөө 124:117-гоор хожсон аж.

 

Талбай дээрээ тоглосон “Лос Анжелес Клипперс”-ээс К.Пол 35 оноо, 8 оновчтой дамжуулалт, Б.Гриффин 27 оноо, 6 самбар, Ж.Кроуфорд 15 оноо, А.Риверс 10 оноо, Д.Андре Жордан 9 оноо, 10 удаа самбараас бөмбөг авчээ. Мөн зочин багаас С.Карри 40 оноо, 11 самбар, 4 оновчтой дамжуулалт, К.Томпсон 25 оноо, Х.Барнес 21 оноо, 7 самбар, Д.Грин 19 оноо, 6 самбар, 9 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.

 

Өнөөдөр С.Карри багийн лидерийн үүргээ хангалттай биелүүлсэн. Тэр нуруугаар намхан ч 11 удаа самбараас бөмбөг авч, 22 довтолгоон хийхдээ 11-ийг цагаригт оруулж, 40 оноо авсан билээ. Ингэснээр аваргаа хамгаалан тоглож буй “Голден Стэйт Уорерз” улирал эхэлнээс хойш нэг ч хожигдоогүй цувралаа үргэлжлүүлж байна. Тэд 13 дараалан хожсон юм.


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)