Монголын жүдочид дөрвөн медаль хүртээд байна

 

Ирэх онд Бразил улсын Рио де Жанейро хотноо зуны Олимпийн ХХХI дэх наадам болно. Тус наадмын жүдо бөхийн төрөлд оролцох тамирчдын эрхийн оноо олгох цуврал тэмцээн үргэлжилж байна. Энэ өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотод жүдо бөхийн Гранпри тэмцээн болж байгаа аж. Уг тэмцээнд 59 орны эрэгтэй, эмэгтэй 375 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсаас 19 төлөөлөл оролцож байна.

 

Өчигдөр эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын барилдаан болсон. Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдах байсан Ц.Цогтбаатар тодорхой шалтгааны улмаас татами дээр гарч чадаагүй. Харин 66 кг-д Азийн наадмын аварга ОУХМ Д.Төмөрхүлэг Польш, Гүрж, БНСУ-ын бөхчүүдийг дараалан ялж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Харин алтан медалийн төлөө Азербайжаны Н.Шахализадтай барилдсан ч цэвэр ялагдлаа.

 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг Куба, БНСУ, БНАСАУ-ын бөхчүүдийг ялж финалд үлсэн ч энэ оны залуучуудын дэлхийн аварга Японы Ф.Тонакид ялагдсан байна. Ийнхүү манай хоёр бөх алтан медалийн төлөө барилдсан ч төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Д.Сумьяа эхний тойрогт Туркменистан, хоёрт Япон, хагас шигшээд Австрийн бөхчүүдийг ялж, шигшээд үлдсэн. Улмаар аваргын төлөө Германы М.Ропертыг цэвэр ялж, алтан соёмбот төрийн далбаагаа хамгийн дээр нь мандуулж чадсан аж.

 

Мөн эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон хүрэл медаль авч, манай улс багийн дүнгээр гуравт бичигдэж байна. Өнөөдөр хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Н.Хадбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа нар эх орноо төлөөлөн барилдана.

 

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)