Олимп, дэлхийн аварга ОХУ-ын жүдоч Т.Хайбулаевтай ярилцлаа

 

2012 оны наймдугаар сарын 2. Энэ бол Монголын тамирчин анх удаа Олимпийн наадмын хошой медаль хүртсэн өдөр. “Лондон 2012” зуны Олимпийн ХХХ дахь наадмын жүдо бөхийн -100 кг-ын барилдаанд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Бээжин 2008” Олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогт Тайландын Т.Хомкинг цэвэр, хоёрт Францын Т.Фабрег цэвэр, шөвгийн наймд Узбекистаны С.Сайдовыг цэвэр, хагас шигшээд БНСУ-ын Х.Хе-Тэг юүко үнэлгээгээр ялсан. Харин аваргын төлөө ОХУ-ын алдарт бөх Т.Хайбулаевт цэвэр ялагдсан.

 

Олимпийн алтан медаль хүртсэн Т.Хайбулаев 1984 оны зургаадугаар сарын 24-нд хуучнаар ЗХУ-ын Дагестаны Кизилюрт гэдэг жижиг сууринд төрсөн. Жүдо бөхөөр хичээллэсэн цагаасаа хойш “Лондон 2012” зуны Олимпийн ХХХ дахь наадам, 2011 онд Францын Парис хотод болсон дэлхийн аварга, 2009 онд Гүржийн Тбилисид болсон Европын аваргад тус тус түрүүлсэн юм.

 

Энэ сарын 8-наас 18-ны өдрүүдэд ОХУ-ын жүдо бөхийн нэгдүгээр шигшээ баг Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, манай бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийсэн. Дээрх хамтарсан бэлтгийн багийн хамтаар Монголын бөх Н.Түвшинбаяртай Олимпийн алтан медалийн төлөө барилдсан Т.Хайбулаев Монгол улсад ирсэн юм. Манай эх оронд ирээд байхад нь түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Монгол улсад хэд дэх удаагаа ирж байна вэ?

 

-Би анх 2006 онд ирж байлаа. Түүнээс хойш гурван удаа ирсэн юм байна.

 

-Таныг 2012 оны Лондонгийн Олимпийн шигшээд манай бөх Н.Түвшинбаяртай барилдаж байснаар Монголын бөх сонирхогчид анхдахгүй. Тэр үеийг эргээд дурсахгүй юу?

 

-Би өнгөрсөн зүйлийг бус ирээдүйгээ илүү боддог.

 

-Тэгвэл 2016 онд Рио де Жанейрод болох зуны Олимпийн наадамд аваргаа хамгаалах зорилготой юу?

 

-Дөрвөн жил гэдэг хурдан хугацаа юм. Одоо Олимпийн наадам хаяанд ирлээ. Ямар ч байсан эрхийн оноо олгох тэмцээнд амжилттай оролцох төлөвлөгөөтэй байна. Гэхдээ улсаасаа эрх авах нь чухал. Миний жинд хүчтэй өрсөлдөгчид байгаа.

 

-Харин Олимпийн наадамд хэн нь хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?

 

-Мэдээж Монголын Н.Түвшинбаяр байна. Бас энэ оны дэлхийн аваргад түрүүлсэн Японы Р.Хага, мөнгөн медаль хүртсэн Германы К.Ф.Фрай, Францын К.Марет гээд олон шилдэг бөхчүүд Олимпийн наадмын эрхээ авах байх.

 

-Гэхдээ 2011 онд Парис хотод дэлхийн аваргад түрүүлэхдээ бүх өрсөлдөгчөө цэвэр ялж байлаа. Энэ бол асуухгүй байхын аргагүй зүйл?

 

-Яг ч бүгдийг нь цэвэр ялаагүй. Эхний тойрогт Украйны В.Денисовыг гурван юүко үнэлгээгээр хожиж байлаа. Харин дараа нь Данийн К.Холмгард, Германы Д.Петерс, нутгийн бөх С.Самолович, Белгийн Э.Ван дер Гест, Казахстаны М.Раков нарыг цэвэр ялж, алтан медаль хүртсэн.

 

-Та гэрлэсэн үү, хэдэн хүүхэдтэй вэ?

 

-Эхнэртэй хүүтэйгээ амьдардаг. Хүү маань одоо таван сартай.

 

-Хүүгээ өөртэйгээ адилхан бөх болгох уу?

 

-Спорт гэдэг бол хүнд хүмүүжил, тэсвэр хатуужил өгдөг маш сайхан зүйл. Ялангуяа жүдо бөх хүмүүжлийн асар том хичээл. Харин хүүгээ ямар ч байсан тамирчин болгоно. Гэхдээ өөрөө ямар спортоор хичээллэхээ сонгох нь зүйтэй гэж боддог.

 

-Харин багадаа ямар хүүхэд байсан бэ?

 

-Би Дагестанд төрсөн. Багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор спортын төрлүүдийг их сонирож, хичээллэх хүсэлтэй байсан. Бас манай Дагестаны залуучууд чөлөөт бөхөөр хичээллэж, улсдаа болон олон улсад өндөр амжилт үзүүлдэг. Тийм болохоор бих анхандаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж байгаад дараа нь жүдо бөхийг сонгосон. Ер нь самбо, сонгомол, чөлөөт, жүдо хоорондоо их төстэй байдаг.

 

 

 

 


Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)