Ёкозүна Харумафүжи Бямбадорж долоо дахь удаагаа эзэн хааны цом хүртлээ

 

Японы мэргэжлийн сумо бөхийн оны сүүлийн башё өнөөдөр хаалтаа хийлээ. Кюүшюү башёд Монгол бөх түрүүлэх нь тодорхой байсан. Гэхдээ Хакухо юу, Харумафүжи юу гэсэн асуултын хариу үзэгчид хүлээж байв.

 

Арвантав дахь өдөр дээд зиндааны цолтой бөхчүүдээс ёкозүна Какүрюү Ананд нутгийн аварга Хакухо Даваажаргалыг, озэки Гоэйдо сэкиваки Точиозанг, озэки Тэрүнофүжи м-6 Котоюүиг давсан бол ёкозүна Харумафүжи Бямбадорж озэки Кисэносатод, сэкиваки Миёогирюү м-4 Эндод өвдөг шороодсон.

 

Сүүлийн өдөр Харумафүжи Бямбадорж өрдсөлдөгч бөхөө давсан бол шууд түрүүлэх байлаа. Харин озэки Кисэносато түүнийг даснаар хоёр аваргын барилдааныг хүлээх үлдсэн. Гэхдээ Какүрюү Ананд өөрийгөө дутуу үнэлж болохгүй гэдгийг харуулж, Хакухо Даваажаргалыг давснаар Харумафүжи Бямбадорж 13 даваа, 2 унаатай дээд зиндаанд долоо дахь удаагаа түрүүлэх эрхтэй болсон юм.

 

Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь ёкозүна Харумафүжи Бямбадорж 1984 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. Анх 2001 оны нэгдүгээр сард мэргэжлийн сумод хяналтын барилдаан хийж, гуравдугаар сард нь хамгийн доод зиндаа буюу жонокүчигийн 29-өөс барилдан шууд түрүүлж байлаа.

 

Тэр цагаас хойш зиндаа бүрт барилдаж, 2004 оны арваннэгдүгээр сард макүүчид дэвшсэн. Энэ хугацаанд 2009 оны тавдугаар сард 14-1, 2011 оны долоодугаар сард 14-1, 2012 оны долоодугаар сард 15-0, есдүгээр 15-0, 2013 оны нэгдүгээр сард 15-0, арваннэгдүгээр сард 14-1, 2015 оны арваннэгдүгээр сард 13 даваа, 2 унаатай нийт долоон удаа эзэн хааны цомыг хүртээд байна.

 

Энэ оны сүүлийн башёд барилдсан Монгол бөхчүүдийн амжилт

 

Ёкозүна Харумафүжи Бямбадорж 13 даваа, 2 унаатай түрүүлсэн

 

Ёкозүна Хакухо Даваажаргал 12-3

 

Ёкозүна Какүрюү Ананд 9-6

 

Озэки Тэрүнофүжи 9-6

 

Маэгаширагийн тэргүүн бөх Ичиножёо Ичинноров 6-9

 

М-7 Кёкүшюүхр Эрдэнэбаатар 9-6

 

М-9 Тамаваши Мөнх-Оргил 8-7

 

М- 16 Асасэкирюү Дашням 3-12

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)