Аваргуудын ялалтын цуврал үргэлжилсээр

 

NBA-ийн талбайд өнөөдөр есөн тоглолт болж байна. Хамгийн эхэнд аваргаа хамгаалан тоглож буй “Голден Стэйт Уорерз” дорнод бүсийн “Шарлотте Хорнетс”-ийн талбайд зочиллоо. “Алтан мужийн дайчид” шинэ улирал эхэлнээс хойш 20 дараалан хожиж, дээд амжилтаа ахиуллаа. Өнөөдөр зочин багаас С.Карри 40 оноо, 5 оновчтой дамжуулалт, К.Томпсон 19 оноо, Д.Грин 4 оноо, 11 самбар, 9 оновчтой дамжуулалт, А.Богут 4 оноо, 11 удаа самбараас бөмбөг авсан нь ялалт байгуулахад хангалттай байлаа.

 

Харин талбайн эздээс Н.Батум 17 оноо, 8 самбар, Ф.Камински 16 оноо, Ж.Ламб 13 оноо, С.Хэйс 12 оноогоор багтаа тус болсон ч “Зөгийнүүд” 116:99-өөр хожигдсон юм.

 

Өнгөрсөн улирлын шигшээд гайхалтай тоглолт үзүүлж, алдарт Л.Жеймсийн багийг цуврал зургаан тоглолтонд 4:2-оор хожсон “Голден Стэйт Уорерз” энэ удаад ч аваргаа хамгаалах бүрэн боломжтой. Тус багийн талаар Л.Жеймс хэлэхдээ “Тамирчин хүн гэмтэл гэдэг хамгийн том аюул. Өнөөдөр тамирчид нь гэмтлийн асуудалд ороогүй баг хэрхэн сайн тоглож байгааг бүгд харж байна. Тийм болохоор тэдэнд баяр хүргэх ёстой” гэсэн билээ.

 

Үнэхээр өнгөрсөн улирлын шигшээд “Клевлэнд Кавлейрс” бүтэн багаараа тоглож чадаагүй. К.Лав улирлын тоглолтонд гэмтсэн бол К.Ирвинг шигшээгийн эхний тулаанд л бэртэж, цааш тоглох боломжгүй болсон. Гол хоёр тоглогчоо алдсан “Морин цэргүүд” өрсөлдөгч багийнхаа өмнөөс юу ч хийж чадаагүй.

 

“Голден Стэйт Уорерз” улирал эхэлнээс хойш “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95, 134:120, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Мемфис Гризлес”-ийг 119:69, 100:84, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108, 124:117, “Сакраменто Кингз”-ийг 103:94, 120:101, “Детройт Пистонс”-ийг 109:95, “Бруклин Нэтс”-ийг 107:99, “Миннесота Тимбер Уолвез”-ийг 129:116, “Торонто Рэпторс”-ийг 115:110, “Чикаго Буллз”-ийг 106:94, “Денвер Нагеттс”-ийг 119:104, 118:105, “Лос Анжелес Лэйкерс”-ийг 111:77, “Финикс Санс”-ийг 135:116, “Юта Жаз”-ийг 106:103, “Шарлотте Хорнетс”-ийг 116:99-өөр тус тус хожоод байна.

 

С.Керрын шавь нар 20 дараалан хожихдоо тоглолт бүрт 100-гаас дээш оноо авч байгаа нь тэдний довтолгоон, хувилбар, багийн тоглолтыг хэрхэн зөв гаргах зэрэг бүх зүйлд нь ямар асуудал үүсэхгүй байгаагийн илрэл юм.

 


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)