П.Өнөрбат “Warrior team” багт 50 мянган ам.доллараар очно

 

        Энэтхэг улсын Дели хотноо энэ сарын 10-28-нд мэргэжлийн бөхийн лиг/“Pro Wrestling League”/-ийн анхдугаар аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээний 74 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн бөх, олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат “Warrior team” багт 50 мянган ам.доллараар очихоор болжээ. Мөн манай бөхчүүдээс дуудлага худалдаагаар гавьяат тамирчин Г.Мандахнаранг “Delhi Veer team” баг 20 мянга, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбатыг “Punjab team” баг 25 мянган ам.доллараар тус тус үнэлж авсан байна. Бөхийн лигийн анхдугаар тэмцээнд зохион байгуулагч орны Дели, Пенджаб, Бангалор, Уттар Прадеш, Мумбай, Харьяна хотын баг тамирчид оролцох аж. Тэмцээнд баг тус бүр 18 халз тулаан хийнэ. Урьдчилсан шатанд баг тус бүр халз барилдаан хийж дараа нь шилдэг багууд нь хагас шигшээ, шувтаргын барилдаанд хоорондоо өрсөлдөнө. Баг бүр эрэгтэй 57, 65, 74, 97, 125 кг-ийн жингийн тав, 48, 53, 58, 69 кг-ийн жинд дөрвөн эмэгтэй бөх хүч үзнэ. Тэмцээн болохоос сарын өмнө дээрх зургаан клубийн хооронд дуудлага худалдаа зохион байгуулж нэр бүхий гадаадын алдартай бөхчүүдийг багтаа авах боломжийг олгожээ. Тухайн бөхийн гаргаж байгаа амжилтыг харгалзан дуудлага худалдаанд нэр дэвшсэн бөх бүрийн гарааны үнийг 20 мянган ам.доллараас дуудсан байна. Дуудлага худалдаанд АНУ, Армян, Беларусь, Гондурас, Гүрж, Иран, Куба, Монгол, Нигери, ОХУ, Узбек, Украин, Чили, Швед, Энэтхэг зэрэг 23 орны 160 бөхийн нэрийг дэвшүүлснээс 60-ыг нь сонгон шалгаруулжээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)