Х.Мөнхбаатар арслан зодог тайлна гэнэ

        Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар Монгол бөхийн дэвжээнээс албан ёсоор зодог тайлах гэнэ. Тэрбээр наадмаас хойш заал, танхимын барилдаан болон Бичин жилийн цагаан сарын барилдаанд зодоглоогүй юм. Харин Бичин жилийн анхны уралдаанд түүний буурал морь түрүүлсэн гэдэг. Монгол бөхийн хорхойтнууд дунд Х.Мөнхбаатар арсланг зодог тайлж байгаа нь түүнийг уяач болохоор шийдсэн үү эсвэл дасгалжуулагчаа хийх үү гэсэн яриа дэгдээд байна. Мөн бөх судлаач, сонирхогчид “Арслан Монголын үндэсний бөхийн холбооний тэргүүнүүдтэй удаа дараа ам муруйж байсан. Зодог тайлж буй нь үүнтэй ч холбоотой байх” гэсэн таамаглал дэвшүүлээд байна. Мөн зарим нь түүнийг бэртэл гэмтлээс болж зодог тайлж байгаа гэв.

 

Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар 1981 оны тахиа жил Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төржээ. Тэрээр самбо, жүдо барилдааны ОУХМ цолтой бөгөөд  “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн юм. 2000 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авчээ. Тэрбээр 2001 онд Улсын наадамд тав давж начин цол, 2005 онд Улсын наадамд долоо давж улсын заан цол, 2007 онд Улсын наадамд ес даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн юм. Барилдах хугацаандаа Х.Мөнхбаатар арслан улсад 10 удаа шөвгөрсөн бөгөөд “Монгол бөх Гиннесийн номонд” бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдаанд 10 давж сүүлчийн зургаан бөхөд үлдэж байжээ. Тэрбээр өнөөдөр зодог тайлах тухайгаа хэвлэлийн хурал хийх байсан ч ирэх долоо хоног болгон хойшлуулжээ.

 

 

Б.Төгөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)