Улсын шинэ цолтноо хүлээсэн Казак түмэн

 

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн хамт энэ жилийн наурызын баярын үеэр Баян-Өлгий аймагт ажилласан билээ.

 

            Наурызын баярт УИХ, Засгийн газрын төлөөлөл, ОХУ, Турк зэрэг  гадаад орны төлөөлөгчид оролцон баяр хүргэн үг хэлж байна. Өлгий хотын талбайд олон хүн цуглаж, бүх л байгууллага, чамгүй олон хүн хамарсан парад жагсаал болдог аж. Жагсаалаараа Казакийн ард түмний өв уламжлал, соёлоо тун ухаалгаар тольдон харуулдаг юм байна. Тухайлбал тэмээн ачаан дээр хүүхдээ хэрхэн авч явдаг, хүүхдийг хэрхэн хөлд оруулдаг, Казакийн гэрлэх ёслолын онцлог ямар байдгийг харуулахын хамт уламжлалт тулам булаацалдах наадаан, бүргэдтэй анчин эрсийн үзүүлбэр болох юм. Жагсаалын төгсгөлд “Хара жороогоон” гэх нийтийг хамарсан бүжиг болдог юм байна.  Энэ нь гарын хөдөлгөөний хувьд бий биелгээтэй ойролцоо боловч хөлөө солбиж гишгэдэгээрээ өвөрмөц юм.

 

            Зочид жагсаалын дараа талбайд барьсан эсгий гэрүүдээр ордог заншилтайг дагаж бид хоёр нэг гэрт орсон нь ХААН банкны гэр байсан бөгөөд банкныхан бөхийн улс гэдгээр их л бэлэгжээж байлаа. Монгол бөхийн хийморийг маань Казак түмэн ч ийнхүү дээдэлж байгаа нь сайхан байлаа.

 

            Бид жагсаалын дараа шууд Алтай сумыг зорив. Энэ сум Өлгий хотоос 120 орчим км зайтай бөгөөд Толбо сумын асфальтан замаар 30 км яваад баруун гар тийш салж цасан дундуур явлаа. Азтай нэгэн явдал тохиосон нь өвөр рүү орох чиглэлээр нэгэн залуухан угалз  бидний замыг хөндлөн гараад эргэж харан харан огтхон ч айж цочсон шинжгүйгээр алхаж шогшоод явж өнгөрлөө. Манайхан туулай өвөр рүү ороход бэлгэшээдгийн адилаар Казакууд их л бэлгэшээж байлаа.

 

            Сагсай голын хөндийрүү тонгойхын өмнө нэгэн овоотой даваан дээр зогсоод машины өндрийн хэмжүүрийг хартал 3100 метрийг зааж байна. Энэ нь нэг их өгсөж зүтгэж гараагүй тэр давааны өндөр Богд уулынхаас даруй 800 метр өндөр болохыг харуулж байгаа хэрэг. Тэндээс уруудан Сагсай голын хөвөөнд орших Буянт сумын төвд ирэхэд өндрийн заалт 2600 метр байгаа нь тэр сумын төв Богд уулын оройгоос бас л 300 орчим метрийн өндөрт байна гэсэн үг юм.

 

            Эндээс Сагсай голын баруун хөвөөгөөр өгссөөр өдгөө 80 насалж буй төрийн олон одонт улсын сайн малчин, нэгдүгээр багийн иргэн Б.Яай гуайнд аяны дөрөө мултлав. Тэднийд Казак заншлаар бэлдсэн “Жамбас аваад”, гөжөө шөл уулаа.  “Жамбас” гэдэг нь хонины чанасан сүүж юм. Энэ суужийг хамгийн хүндтэй хүн эхэлж талладаг байна. Гөжөө бол “Жамбас” чанасан шөлөнд будаа хийж буцалгасан будаатай шөл юм. Б.Яай өвгөн МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид сумандаа олон түрүүлж айрагдсан хурдан хээр морио бэлэглэв. Улаанбаатараас 1800 км-ын алсад, улсын баруун хилээс 14 км-ийн наана орших Алтай сум эндээс 15 км ажээ. Сумын төвд Баян-Өлгий аймгийн бөхийн холбооны даргаар олон жил сайн ажилласан өмгөөлөгч Я.Сьездийнавга ах өндөр настан аксакал Б.Аулаят гуайнд зочлон хонов. Энэ мундаг өвгөн өөрөө зургийг гарган, ач хүүгээ удирдан хөдөө байтугай хот газар ч ховор тохиолдох тохилог, уурын халаалттай хоёр давхар уран барилга мэт байшин барин суужээ.  Хашаа нь гэхэд Улаанбаатарт байхгүй цэвэр, цэмцгэр аж. Энэ хашаа, байшин хоёрыг хотынхонд үзүүлэхсэн гэсэн бодол төрж явлаа.

            Маргааш нь сумын соёлын төвд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалт дээр Монгол бөхийн хөгжлийн талаар яриа таниулга хийж, хүмүүсийн сонирхсон асуултанд хариулав. Уулзалтанд 50 гаруй хүн ирснийг сумынхан хамгийн олон хүн цуглалаа, бусад уулзалтанд бараг хүн ирдэггүй гэж байгаа нь сонин санагдав. Уулзалтыг Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Семей, сумын Засаг даргын орлогч М.Аман нар нээхдээ эх ороны маань хамгийн баруун хязгаарт оршин суух Алтай суманд алс хол Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж хязгаар нутгийн ард иргэдэд үндэсний бөхийн талаар сонирхолтой яриа хийх гэж байгаа явдалд МҮБХ-ны удирдлагад баярласан талархснаа илэрхийлэв.

 

            Үүний дараа бид хоёр үндэсний бөхийн талаар яриа хийж, бөх сонихогчдын сонирхсон асуултад хариулав. МҮБХ-ны удирдлага  Баян-Өлгий аймгийн Алтай суманд үндэсний бөхийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан Алтай сумын Үндэсний бөхийн холбооны дарга, аймгийн арслан С.Чулуунбат,  сумын ҮБХ-ны Тэргүүлэгч, аймгийн заан К.Хажымухан,  сумын ҮБХ-ны дэд  дарга , аймгийн начин С.Серик,   сумын заан, өндөр настан Т.Маден, түүнчлэн Алтай суманд үндэсний бөхийн спортыг хөгжүүлэхэд эдийн засгийн байнгын дэмжлэг үзүүлж ажиллаж буй бизнесмен Б.Аулаят,  Баян-Өлгий аймагт  Үндэсний бөхийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй  аймгийн ҮБХ-ын дарга асан, өмгөөлөгч  Я.Сьезд нарт баяр хүргэж, Монголын Үндэсний бөхийн холбооны Хүндэт өргөмжлөлөөр шагнаж дурсгалын зүйл гардуулав.

            Уулзалтын дараа хүүхэд, томчууд нийлсэн 6-7 авьяастан бэсрэг тоглолтооо бидэнд толилуулсан бөгөөд соёлын төвийн эрхлэгч бүсгүй алдарт “Ахтамаа” дуугаа цангинуулсан юм. Энэ урансайханчдын дөрөв нь нэг гэр бүлийнхэн бөгөөд эд бол сургуулийн дуу хөгжмийн багш З.Ануарбек, соёлын төвийн эрхлэгч Н.Саттигүүл, домбордон дуулж, бүжиглэсэн тэдний хүү, охин хоёр билээ.

 

            Энэ сумын хүн ам  4200 бөгөөд эднээс Казак 64 хувь,Урианхай 34 хувь, бусад ястан 2 хувь эзэлдэг гэнэ. Сум156 000 малтай, Улсын 3 баатар, Хөдөлмөрийн 3 баатар, 10 гаруй гавьяаттай, С.Чулуунбат, Ш.Мурат, М.Эркебулан, Б.Норов, М.Сансалбай гэсэн 5 аймгийн арслантай, бөхийн нэгэн өлгий голомт нутаг юм.  

 

            Бусад Казакуудынхаа адил Алтайчууд бүргэдээр ан хийдэг уламжлалтай аж. Бид бүргэдчин Далайханыд зочилсон юм. Зөвхөн бүргэдийн ангаараа төдийгүй морин аялалынхаа шугамаар гадаад дотоодод яваагүй газаргүй шахам тэр эр “Эм бүргэд 7-8 кг, эр  4-5 кг жин татдаг, анчин нь эм бүргэд байдаг, ангаахайг хамгийн өндөр хүрэхэд хэцүү үүрнээс авдаг, тэнд л хамгийн мундаг бүргэд төрдөг, бүргэдийн ангаахайн хүйсийг ялган таних аргагүй байдаг тул том сарвуутай, арай бадирууныг нь авдаг юм. Бүргэд өөрөөсөө 10 дахин илүү жинтэй амьтныг ч барьж чаддаг, чонын амыг нэг савраараа, багалзуурыг нөгөө савраараа базаж барьдаг. Өдөрт дээд тал нь таван амьтан барих бололцоотой байдаг. Бүргэдээр 10 жил орчим ан хийгээд байгальд нь тавьдаг” гэх мэтээр хуучилсан юм.                                                            

 

            Дашрамд дурдахад өмгөөлөгч Я.Сьезднь Баян-Өлгий аймгийн  Алтай суманд Үндэсний бөхийн холбоог үүсгэн байгуулж,    аймгийн түүхэнд  сумд үүсч хөгжсөний  ойн хүрээнд анх удаа  төрөлх   Алтай сумынхаа 40 жилийн ойгоор  1999 онд  үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “ИЖ-Планета-5”  маркийн  шинэ мотоцикль өгч байсан,  аймгийн түүхэнд анх удаа аймгийн арслан цолтой бөхчүүдийн нэрэмжит хүчит бөхийн барилдааныг 2000 онд  зохион байгуулсан, аймгийн түүхэнд анх удаа   2012 онд зохион байгуулагдсан баруун таван аймгийн Даншиг наадамд 256 бөхийг нэг өдөрт багтаан барилдуулсан, 2012 оны 03 дугаар сарын 01-нээс 2013 оны 11 дүгээр сарын 01-ны хооронд Баян-Өлгий аймгийн Үндэсний бөхийн холбооны даргын сонгуульт ажлыг хийж байх үедээ  аймгийн 13 сумаас 15 баг оролцсон “Алтан нутаг минь”  бооцоот бөхийн барилдаан, “Хөдөөгийн хүчтэн” барилдаан, аймгийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан, Улсын заан Т.Авдигажы, улсын өсөх идэр начин Б.Хожагапан, аймгийн хурц арслан Х.Хажымухан нарын нэрэмжит барилдаан зэрэг  12 удаагийн томоохон барилдаан зохион байгуулсан байна. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс  үүсч хөгжсөний 15 жилийн ойг тохиолдуулан явуулсан 64 хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд хувиасаа 500,00 төгрөг, аймгийн наадамд 2011 онд түрүүлсэн аймгийн арслан М.Еркебуланд хувиасаа 500,00 төгрөг өгч,   аймгийн ҮБХ-ны бага эеийг 2012 оны 03 дугаар сарын сүүлчээр зарлан хуралдуулж, Баян-Өлгий аймагт ойрын үед үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх  бодлогыг баталж, аймгийн бөхчүүдийн эрэмбийг шинэчилж, засуул, хөлийн цэц зэрэг бөхийн жаяг дэгийн багийг шинэчлэн батлуулж, ҮБХ-ны Тэргүүлэгч нарт сум хариуцуулан аймгийн ҮБХ-ны дүрмийг шинэчилсэн монгол бөхийн сайн зүтгэлтний нэг юм. Энэ түүх түүний МҮБХ-нд тухайн үедээ бичиж байсан тайланд нь буюу бөхийн түүхэн архивт дурайтлаа байж байна. Ер нь Я.Сьездбол шулуун шударгуу зан төлөвтэй, дайчин шалмаг, хөдөлмөрч эр бөгөөд Монгол бөх хэмээх өв соёлын төлөө бага хугацаанд ихийг амжуулсан, одоо ч сэтгэл зүрхээрээ бөхийн үйлсэд зүтгэсээр яваа хүн байна.

 

            Алтай сумын төвд Сакейн Амангүүл хэмээх гал цог нь дүрэлзсэн авьяаслаг, ажилсан дайчин бүсгүй биднийг заавал гэрээрээ зочлохыг урьсан юм. Тэрээр морин аялалаар ихээхэн амжилт олж буй бүсгүй бөгөөд гадаад, тодоодын аялагчдаа аваад Алтайн их уулсаар зунжин, намаржин хээрээр гэр хийн, хэцээр дэр хийн аяладаг гэнэ. Түүнтэй аялалынх нь сонин сайхныг хуучилбал хэдэн өдрийн ажил болох нь амнаас нь гарах үг болгоноос тодорхой байв. Тэрээр хоол цайгаар зочилсныхоо дараа шууд домбороо аваад казак, монгол хэд хэдэн дууг чухам л дуундаа уусан шингэх мэт, тэр л дуугаараа амьдрах мэт гайхалтай сайхан дуулсан юм. Тэр дуугаараа, зан аалиараа, яриа хөөрөөгөөрөө “Алтайд ирээд манайхаар зочилж, надаар дуулуулахгүй явдаг зочин байдаггүй юм” гэж хэлээд байх шиг л санагдсан. Гал цогтой бүсгүй чамд аз жаргалын дээдийг хүсье.

 

               Баян-Өлгий аймгийн үндэсний музейг үзэж сонирхоход улсын цолтой 5 бөхийн зөвхөн хоёрынх нь тухай үзмэр байсныг музейн мэргэжилтэн К.Мажект хэлж ойрын үед бусад цолтныхоо үзмэрийг байрлуулахыг зөвлөв. МҮОНРТ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын казак хэлээр явагддаг  радио, аймгийн  Нью-Наз телевизэд ярилцлага өгөв. Монголын Сэтгүүлчдийн холбооны гишүүн, радиогийн сурвалжлагч Б.Кану, телевизийн захирал И.Жанболат нар Өлгийчүүд Баян-Өлгийгөөс 35 жилийн турш улсын цолтой бөх төрөхийг тэсэн ядан хүлээж байгаа, яавал улсын цолтонтой болох вэ гэсэн хэцүү асуулт асууж байлаа. Бид сүүлийн үед казак залуус сайн барилдаж байгаа, ялангуяа “Хөдөөгийн хүчтэн” барилдаанд амжилттай оролцож байгаа тухай хэлж, эв нэгдэлтэй байж, сайн хөдөлмөрлөвөл сайн бөх төрнө гэдгийг хэлж, улсын цолтон ойрын үед төрөхийн ерөөл өргөж явлаа. “Ер нь иймэрхүү асуулт уулзсан хүн болгоны амнаас гарч байгаа нь Баян-Өлгийчүүд шинэ цолтноо их л хүлээж байгааг харуулж байв.

            Өлгийчүүдийн хүслийг гүйцээх сайн үйлстэнтэй ч учирлаа. Тэр хүн бол “Аварга” дээд сургуулийн төгсөгч аймгийн начин С.Бахыт юм. Буянт сумын харьяат С.Бахыт 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн санаачилгаар “Тас-түлек” бөхийн дэвжээ байгуулан 7-18 насны хүүхдүүдийг хамруулан бөхийн бэлтгэл хийж эхэлсэн байна. Долоо хоног бүрийн 1, 3, 5 дахь өдөр бүр бөхчүүдээ Монгол бөхөөр хичээллүүлж буй  аж. Тэрээр өөрөө санаачлан 2016 оны 2 дугаар сард бүх сумыг хамруулан 1-12 дугаар ангийн сурагчдын дунд тойргийн барилдааныг 2 500 000 төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулсан нь олны талархал хүлээжээ. Энэ барилдаанд өөрийн нь “Тастүлек” бөхийн  дэвжээн тэргүүлж, дараах байруудыг Цэнгэл, Улаанхус, Алтанцөгц, Толбо сумын бөхчүүд эзэлсэн байна. Түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгсон байна. Мөн уран гараа дэвээтэй бөх, уран барилдаантай бөх, өсөх ирээдүйтэй бөхчүүдийг шалгаруулан тусгай шагнал олгожээ.

 

             “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”, Засаг даргын “Жуух бичиг” цол шагналт С.Бахыт өөрийнхөө зорилгыг тодорхойлж “Хүүхдүүдээ багаас нь сайн бэлдэнэ, тэгээд улсын цолтой бөх төрүүлнэ” гэж итгэлтэй ярьж байна. Энэ бол хамгийн зөв бодлого мөн тул бид түүнд амжилт хүсч, хүүхдүүдэд нь сайн бөх, сайн хүн байхын эрхэм чухлын тухай яриа таниулга хийв. С.Бахыт багшийн хоёр хүү өөрийн нь удирдлага дор хичээллэж байгаа бөгөөд том хүү нь тун ч эвлэг барилдаантай, гараа дэвээний ёс горимыг маш сайн сурсан, хөөрхөн бөх галбиртай сэргэлэн хүү байна. Тэр өөрөөсөө дээш ангийн бөхчүүдийг ч хаяж байна. Аав бөгөөд багш нь энэ хүүдээ ихээхэн горьдлого тавьж байгаа нь ч харагдаж байлаа.

            Аймгийн бөхийн холбооны дарга албаныхаа шугамаар УИХ-ын гишүүдтэй хөдөө орон нутагт ажилласан тул бид онгоцны буудал дээр хальтхан уулзаснаас өөрөөр төдийлөн тухтай уулзаж ажил төрлийн  яриа өрнүүлж амжсангүй. Биднийг аймгийн бөхийн дасгалжуулагч аймгийн начин Б.Бегжан(Улсын харцага О.Бахытын хүү)аймгийн бөхийн өргөөтэй танилцуулж, бөхийн талаарх ажлаа танилцуулсан билээ.

 

            Бид аймгийн төвийг өндрөөс харах “Найрамдал” гэх тусгайлан засч тохижуулсан өндөрлөгөөс Өлгий хотыг тольдон харсан юм. Эндээс алдарт Ховд гол цөнгөө хараахан түрээгүй мөсөн баринтагтайгаа тахирлан тохойрон сунайх нь, айл болгон нь хашаандаа тохилог орон сууц барьсан нь, аймгийн төв хүрээ хаяагаа тэлэн хөгжсөөр буй нь илт харагдах ажээ.

 

            Баян-Өлгийд сураад хэлж явсан өрөөлөөрөө эл тэмдэглэлээ өндөрлөсү. Энэ жилийн улсын наадмын шөвгийн 32 бөхийн тоонд Казакын нэгэн хүү багтах болтугай. Улсы он болсын, Ах мол болсын.

МҮБХ Д.Данзан.

2016 оны 4 дүгээр сарын 15.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)