Улсын арслан Р.Пүрэвдагва: Би наадамчид , Гадны зочдыг хүндэтгэсэн

Архангай аймгийн Булган сумын уугуул, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150 дугаар анги, “Бөх билэгт” дэвжээ, “Алтан дорнод” компанийн бөх Монгол Улсын шинэ залуу арслан Рэнцэнбямбын ПҮРЭВДАГВАТАЙ ярилцлаа.

 

-Ардын хувьсгалын 95 жилийн ойд амжилттай барилдаж, улсын арслан хэмээх эрхэм цолонд хүрлээ. Нийт уншигчийнхаа өмнөөс танд баяр хүргэе.

 

-Маш их баярлалаа. Монголчууддаа мөн баяр наадмын мэнд хүргэе. Энэ жилийн наадам сайхан болж өндөрлөлөө. Ер нь жил бүрин наадам дуулгах сонинтой, дурсан ярих олон сайхан хором мөчтэй байдаг. Энэ жилийн хувьд Монгол Улсын шилдэг 1024 бөх улсынхаа баяр наадмаар зодоглосон. Ийм түүхэн наадамд Монгол Улсын арслан гэдэг эрхэм цолонд хүрсэндээ мэдээж сэтгэл маш өндөр байна.

 

 

 

-Энэ цолонд хүрэхийн тулд хэдэн жил хөдөлмөрлөв?

 

 

-Хүүхэд байхаасаа л эхэлж бөхөд дурласан. Олон том бөхийг харж, тэдэнтэй адилхан болохсон гэж мөрөөддөг хүүхэд байлаа. Харин Архангай аймгийнхаа бөхийн галд Г.Өсөхбаяр аваргыг дагаж, 10 жил бэлтгэлд гарсан байна. Өөрөөр хэлбэл, 10 жилийн бэлтгэл сургуулилт арслан цолонд хүргэлээ. Ер нь бөхчүүд ганц нэг жилийн бэлтгэлээр барилдана гэж байхгүй л дээ. Байнга л хөдөлмөрлөх учиртай гэж би хувьдаа ойлгодог. Тийм болохоор төдийгээс өдий хүртэл дэмжиж ирсэн дэвжээний маань хамт олноос гадна миний энэ амжилтад дэм болсон спорт хороод, пүүс компаниуд мөн бий. Танай сониноор дамжуулж, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150 дугаар анги, “Бөх билэгт” дэвжээ, “Алтан дорнод” компанийн хамт олон, бие бүрэлдэхүүнд баярлаж, талархаж явдгаа илэрхийлье. Миний хувьд энэ жилийн наадмаар тэднийгээ бага ч болов баярлуулсан байх гэж бодож байна.

 

-Энэ наадмын өглөө бусдаасаа ямар ялгаатай байв. Ер нь төрийн наадмын өндөр даваанд байгаагаар өөрийгөө төсөөлж байсан уу?

 

-Жил бүрийн наадмаар л сайхан барилдаж, амжилт гаргахыг хичээдэг. Мэдээж эрчүүдийн тэмцэл юм хойно ээлж дараатай байдаг биз. Энэ жилийн хувьд зоригтой, өөрийн бодсон зүйлээ биелүүлж барилдахыг хамгийн түрүүлж бодсон. Тэр хүсэл маань ч биеллээ.

 

-Төрийн наадмын түрүү хүртсэн хоёр арслантай өндөр даваанд дараалан хүч үзлээ. Энэ нь түрүүлэх өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлсэн тал байна уу?

 

-Төрийн наадамд түрүүлж үзсэн бөхчүүд гэдэг утгаараа сэтгэлзүйн хувьд надаас давуу байдалтай байсан байж магадгүй. Ер нь улсын наадмын даваа бүхэн хүнд байсан. Тэр дундаа улсын хоёр арслантай цуварч барилдах бүр хүнд байлаа. Хүүхэд байхаасаа хамт бэлтгэл хийж байсан арслан найз Н.Батсуурийг давж, цолонд нь хүрсэнд баяртай байгаа. Зүлэг ногоон дэвжээн дээр өрсөлдөгчид ч гэсэн бид энгийн үед сайхан найзууд

 

-Түрүүлэх өрсөлдөөнд таныг цуцсан байж магадгүй гэж бөх сонирхогчид дүгнэсэн. Ер нь нэг дэвжээнд хамт бэлтгэл хийдэг, нутгийн найзтайгаа барилдахад ямар алдаа гаргачихав?

 

 

-Өөрийнхөөрөө л барилдахыг хичээсэн. Гэсэн хэдий ч болсонгүй.

 

 

 

 

-Төрийн их баяр наадмын түрүү булаацалдах гээд нутгийн хоёр, дээрээс хоёулаа Алдар спорт хорооны тамирчин гарч ирэхэд яг ямар сэтгэгдэл төрж байв?

 

 

-Ямартай ч Архангай нутгаас минь улсын аварга цолтон төрөх нь дээ гэдгийг л бодож амжсан. Үнэндээ өөр зүйл бодох цаг хугацаа ч байгаагүй. Хэн улсын цолонд хүрч байгаа, хэн нь цол нэмж байгаа тухай ч төдийлөн анзаараагүй. Сүүлд л бичлэг үзэж байж мэдсэн. Ер нь өмнөх барилдаандаа анхаарсан. Манай багш дасгалжуулагчид, нутгийн ах нар ч миний сэтгэлзүйг наадмын үеэр маш сайн бэлтгэсэн. Харцага, заан, гарьд цолны болзол хангаад тэгж их хөөрөөгүй. Цаана нь дахиад даваа байгаа гэдгийг бодож, аль болох тайван байхыг хичээсэн.

 

-Улсын арслан П.Бүрэнтөгс та хоёрын барилдааныг бүгд л цэнхэр дэлгэцээр үзсэн. Тийм ч учраас өөр өөрийнхөө дүгнэлтийг бөх сонирхогчид одоо хүртэл хэлсээр байна. Яг төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбай дээр ямар үйл явдал болсон юм бэ?

 

 

-Бүхий л спорт, уралдаан тэмцээн өөрийн гэсэн дүрэм зурамтай. Энэ жишгийн дагуу монгол бөхөд ч дүрэм гэж бий. Бидний хэн нь ч ялгаагүй энэ дүрмийн дагуу л барилддаг шүү дээ. Тиймээс тодорхой заасан дүрмийн дагуу л бүх зүйл болж өрнөсөн. Бидний барилдааныг хөлийн цэцүүд “Хайнцсан” гэж шийдвэрлэж, дахин барилдуулах шийдвэр гаргасан. Уг нь дүрмэндээ хайнцсан тохиолдолд эсрэг бөх нь барьц сонгоно гэсэн заалт бий. Энэ заалтаар бол би ямар нэгэн маргаангүйгээр түрүүлж барьц сонгох байсан юм. Гэсэн хэдий ч наадамчид, гаднаас ирсэн зочид төлөөлөгчдийг хүндэтгээд дахиж бид хоёрын хэн нь барьж сонгох вэ гэдэг дээр шодсон. Тухайн үед цаг орой болсон байсан. Дараагийн даваа ч хүлээж байдаг. Тийм учраас бид хоёр удаж болохгүй гэж бодсон. Ингээд миний талд шодолт таарч, би давсан. Болсон зүйл гэвэл ердөө л энэ.

 

-Өнгөрсөн жил хүрсэн даншгийн арслан цолоо энэ жил улсын арслан цолтой ихэрлүүлсэн. Мөн аймгийн цолыг хүртэл арслангаас эхэлж байсан санагдана?

 

 

-Тиймээ. 2008 онд Архангай аймгийнхаа баяр наадамд залуу бөх байхдаа түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. 2010 онд Хэнтий аймагт болсон Зүүн бүсийн Даншиг наадамд түрүүлж, хурц арслан цол хүртсэн. Ер нь миний барилдааны амжилт хоёр жилийн мөчлөгтэй болж таараад байгаа юм. Аймгийн арслан цолтой болсоноос хойш хоёр жилийн дараа Хэнтий аймагт цолоо баталсан тухай дээр хэлсэн. Түүнээс хойш мөн л хоёр жилийн дараа буюу 2012 онд улсын цолтны гэр бүлд багтаж байлаа. Харин 2014 онд начин цолоо баталж, өсөх идэр болсон бол өнөө жил Монгол Улсын арслан цол хүртлээ.

 

-Та цол нэмж, түүнийгээ баталж, ахиулсан тухайгаа ярилаа. Таны амжилтыг бөх сонирхогчид маш сайн мэднэ. Тийм ч учраас таныг дэмждэг, барилдааныг чинь үзэх дуртай хүн олон байдаг байх. Харин цол нэмэх, ахиулах бүр бяр нэмдэг үү. Өөрөөр хэлбэл, цол дагаж бяр нэмдэг гэж ярьдаг даа?

 

-Ер нь цол нэмэхийг хариуцлага, мөн урам зориг гэж би ойлгодог. Мэдээж цол нэмэх бүрт надад урам зориг нэмэгддэг. Үүнийг л цол дагаж бяр гэж ярьдаг байх. Миний хувьд аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд ам авахаас эхлээд, улсын цолтой бөхчүүдтэй оноолт таарах, амлах зэргээр хүртсэн цол бүрийнхээ үр шимийг өөрийнхөө хэмжээнд мэдрээд л явж байна. -Тэгвэл арслан цолоо хаанаас эхлэн дуудуулах вэ? -

 

 

 

 

Одоохондоо яг нарийн хэлж мэдэхгүй байна. Манай аймгийн баяр наадам тун удахгүй болно. Мэдээж аймагтаа наадна. -Цолчин засуулын хүү, олон бөх ахтай болохоор чинь таниас яагаад бөх болсон тухай чинь асуусангүй. Угаас энэ замыг сонгохоос боломжгүй байсан мэт ихэнх талаараа бодогддог шүү?

 

-Тэгэлгүй яахав. Би хоёр талаасаа бөхийн удамтай. Манай аав орон нутагтаа олон жил бөх цоллосон. Мөн аавын минь талд хүчит гарьд Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, энэ жил улсын начин цол хүртсэн М.Бат-Отгон гээд олон бөх бий. Тэгэхээр надад аавын минь Монгол бөхийн хөгжилд хүч нэмрээ оруулж яваа, ах нарын маань амжилтууд нөлөөлсөн

 

. -Тэгвэл бөхийн гарааг хэрхэн эхлэв?

 

-Миний бөхийн гараа спортын мастер С.Буян багшийн дугуйлангаас эхэлсэн. Энд үндэсний бөх, чөлөөтөөр бэлтгэл хийж байсан юм. Чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд С.Буян багшийнхаа удирдлагад ирж, нөгөөдүүлдээ бас “нухуулна”. Хөдөөний хүүхдүүд хэрхэн яаж барилддаг тэр арга барилаар л хүч үзнэ шүү дээ. Ер нь манай үеийнхэн их мундаг. Тэгээд ч хүн үеийнхэндээ илүү хайртай байдаг юм шиг байгаа юм. Одоогийн байдлаар манай үеэс Ө.Даваабаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Содномдорж гээд улсын өндөр цолонд хүртсэн олон сайхан залуу байна.

 

 

 

 

-Та оноолт таарах магадлалтай бөхчүүдийнхээ талаар судалгаа хийдэг үү?

 

-Тийм судалгаа огт хийдэггүй. Харин анх оюутан болж, хотод орж ирснийхээ дараа нэг хэсэг тэмдэглэл хөтөлж үзсэн. Сүүлийн үед огт хөтлөөгүй ээ. Зарим нь өөрийнхөө барилдааныг камераар хүртэл бичиж авдаг юм билээ. Сүүлд нь алдаа оноогоо тунгаахад хэрэгтэй байх. Улсын наадмын даваанд хэнтэй ч таарч болно шүү дээ. Тэгээд ч торгон ногоон дэвжээнд учраа таарсан л юм хойно хэнтэй ч санасан бодсон хэмжээндээ барилдъя гэж боддог. Ер нь бол ямар ч үед бэлтгэл сургуулилтаа тогтмол сайн хийгээд шударга барилдах сайхан.

 

-Улсын өндөр цолтнуудын босго болсон үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв уу?

 

 

-Гурван жил үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод медалиас мултарч, шагналт байрт орж байсан.

 

Д.Ганбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (122.254.126.2)

    2016-07-20

    uneheer heruulch abgai shig zabaan bokh doo

  • (202.9.42.3)

    2016-07-20

    Шаа миний хөө

  • 888 (27.123.213.2)

    2016-07-19

    ireh jil abarga bolooroi itgej baina shuu

  • iiii (202.72.246.134)

    2016-07-19

    ene saitiin admin ymr medremjgui yum we yariltslaga ntr hoorondoo naaldsn ymr zawaan yum oruuldag yum we zoohon setgel gargaad medeegee oruulaldaa

  • Зочин (202.126.89.199)

    2016-07-19

    Ирэх жил аваргалаарай.