Хүчит гарьд П.Сүхбатын хөшөөг сүндэрлүүлэв

Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын алтан медальт, тивийн аваргаар хоёр удаа тодорсон улсын хүчит гарьд Пунцагийн Сүхбат агсаны хөшөө Баянхонгор аймгийн Баян-овоо суманд сүндэрлэв. Хөшөөг Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл санаачлан аймгийн ЗДТГ, “Их богд” дэвжээний бөхчүүд хамтран бүтээсэн аж. Гүндүүгүй инээмсэглэл, элдэв маяггүй зан нь “том” Сүхбатын чимэг байлаа. Бодож санаснаа хэнээс ч айлгүй хэлчихдэг тэрбээр нэгэн цагт Монголын чөлөөт хийгээд үндэсний бөхийн ертөнцийг уран хурц барилдаанаараа чимж явсан. П.Сүхбат гарьд 199 1 оны Улсын баяр наадмаар тухайн үедээ босоо байсан Б.Бат-Эрдэнийг өвдөг шороодуулж байхад бөхөө дээдэлдэг монгол түмэн түүнийг шүтэн биширсэн удаатай. Энгийн хэрнээ эгэл даруухан хүчит гарьд маань Ардын төрийн наадамд есөн удаа шөвгөрч төрмөл бөх байсан юм. Тэрбээр тэгш наадамд буюу 1991 оны Ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойд үзүүрлээд цол ахиагүй ганцхан хүчтэн. Үндэсний бөхийн түүхийг шаргал хуудсыг сөхөн үзвэл Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор С.Цэрэн аварга, 50, 60 жилээр Х.Баянмөнх, 70 жилээр О.Балжинням, 80 жилээр А.Сүхбат, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилээр Д.Сумъяабазар, 90 жилээр С.Мөнхбат нар түрүүлж, мөн бусад бөхчүүд нь ч цол нэмжээ. Өдгөө бурхны оронд заларсан П.Сүхбат гарьд амьд ахуйдаа улсын арслан цолыг хүсэж мөрөөдөж явсан дамжиггүй. Үүний нотолгоо болгож гарьд маань цээжиндээ арслан шивүүлж байсан билээ. Тэрбээр амьддаа “Би аваагүй цолоо өөр дээрээ 2-3 хоног халууран байж шивүүлсэн. Арслан цолыг мөрөөддөг байлаа. Одоо бол үгүй. Учир нь тэр цол миний бие дээр байна” хэмээн өгүүлсэн удаатай. Тэрбээр үндэсний бөхөөр шилдэг байгаагүй юм. Их спорт чөлөөт бөхөөр түүний гаргасан амжилтын жимээр Баянхонгорын залуучууд өртөөлөн яваа. Тэрбээр ид үедээ дэлхийн чөлөөт бөхийн хөгжлөөр айргийн тавд ордог Ираны хүчтэнүүдэд нэг ч ялагдаагүй монгол бөх юм. Түүнийг Ираны бөх сонирхогчид нэгэн үед хүндэлдэг байсан гэдэг. Бөхийн ертөнцийг нэгэн үе донсолгосон энэ эгэл эрхэм дээд тэнгэрийн орноос хөшөөгөө тольдон суугаа нь лавтай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)