Шадар сайд С.Амарсайхан Узбекистаны Ерөнхий сайдад бараалхлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Узбекистан улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Абдулла Ариповт бараалхаж, хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үр дүн, шийдвэрийн тухай ярилцлаа.

Өнгөрсөн оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийх үеэрээ хөндсөн олон асуудал Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхны хуралдаанаар бодит ажил хэрэг болох нөхцөл боломж бүрдсэн юм.  

Талууд мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас 100 мянган толгой мал Узбекистан Улсад нийлүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах, 2025 онд “Узбекистаны худалдааны төв”-ийг Монгол Улсад нээх, Улаанбаатар-Ташкент чиглэлийн хуваарьт нислэгийг үйлдэж эхлүүлэх болон хоёр улсыг холбосон авто коридор, шинэ маршрутыг бий болгох, туршилтын тээврийг эхлүүлэх зэрэг хамтын ажиллагааг өрнүүлэх асуудлыг тохирч, хэрэгжүүлэхээр боллоо.

Ерөнхий сайд А.Арипов сүүлийн жилүүдэд Узбекистан, Монголын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байгааг тэмдэглээд, цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, тээвэр, лоистик, эрчим хүч зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд Узбекистаны Засгийн газраас бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

А.Арипов Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан өргөн хүрээнд болж буйг тэмдэглээд энэ үеэр Монгол, Узбекистаны ажил хэргийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болон Авто тээврийн хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг талууд тус тус амжилттай зохион байгуулсныг өндрөөр үнэлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)