Булганы Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид огцруулах албан бичгийг ИТХ-ын даргад өргөн барилаа.

Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах үндэслэлээ дараах байдлаар гаргасан байна. Тухайлбал, Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Хутаг-Өндөр сумын Засаг дарга О.Далайцэрэнг томилохдоо хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. Ингэхдээ Авлигын эсрэг  хуулийн долдугаар зүйлийн 7.1.3. "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;", 7.1.6. "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хоёрдугаарт, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2. "төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангахгүй байна гэж үзжээ. Гуравдугаарт, хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг зогсоосон байна. Мөн Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангахгүй иргэн Д.Наранбаярыг Аймгийн тамгийн газрын даргаар томилж хууль ёсны зарчимыг баримтлахгүйгээр хууль зөрчиж шийдвэр гаргасан байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Наранбаярт давуу байдал бий болгосон байх тул тус үйлдлийг зөрчилд тооцож, Авлигтай тэмцэх газар шалгуулах шаардлага бий болсон гэж тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үзжээ. Иймээс аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг тус аймгийн 16 төлөөлөгч гарын үсэг зуран ИТХ-ын даргад өргөн барьжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)