Баялгийн хуваарилалт ярьсан бүхэн популист гэсэн үг биш

УИХ-ын намрын чуулган завсарласан энэ өдрүүдэд Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Мөнхбаясгалан, Д.Жаргалсайхан, Ө.Шижир, С.Ганбаатар нарын гишүүд аймаг бүрээр тойрч “Байгалийн баялгийн 34-50 хувийг иргэн бүрд” сэдэвт уулзалт хийж байгаа. Уг уулзалтаар баялгийн тэгш, шударга хуваарилалтын талаар иргэдийн санаа бодлыг сонсохын зэрэгцээ Үндсэн хууль хийгээд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх зарчмын асуудлыг хөндөж буй билээ. Угаас УИХ-ын гишүүд нь ард түмний элч, төлөөлөгчийн хувьд зөвхөн өөрсдийн дур зоргоор аливаа хуулийг санаачлах бус, заавал иргэдийн хүсэл зориг, санаа бодол, нийгмийн захиалга, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрх зүйн шинэчлэл хийж, төрийн бодлогыг тодорхойлох учиртай.

Гэтэл энэ уулзалтыг ард түмэнд таалагдах гэсэн популизм, бүр цаашлаад Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр гэж мушгих хүн ч байна. Яг үнэндээ баялгийн шударга хуваарилалтын талаар аль нэг шатны сонгуулийн үеэр улс төрчид ярих ямар ч боломжгүй болсон. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээхийг хориглоно” гээд тов тодорхой заачихсан. Тиймээс сонгуулийн бус үед энэ талаар ярих нь харин ч хуульд нийцэж байгаа юм. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд 2019 онд  нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэгдүгээрт, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, хоёрдугаарт, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасныг бодит ажил хэрэг болгох алхам юм.

Өнөөдрийн байдлаар бол нийт ард түмэн ердөө ганц хоёрхон том ордоос маш бага хэмжээний хувь хүртэж, дийлэнх хувийг нь төрийн нэрээр дарга анги захиран зарцуулж буй нь хэн бүхэнд ил тод байгаа. Тиймээс энэ учир дутагдалтай тогтолцоог өөрчилж, стратегийн 20 орчим ордын бүгдийнх нь үр өгөөжийн дийлэнх хувийг нийт монголчууддаа хүртээх санаачилга дэвшүүлж буй нь яавч популизм биш гэдэг ойлгомжтой. Дээр нэр дурдсан гишүүдийн тодорхойлсон 34-50 хувь гэдэг нь харин ч “дийлэнх” гэх хувь хэмжээнд хүрэхгүй байна. Ер 51-ээс дээш хувь нь ард түмэнд ногдож байх зарчим баримталж гэмээнэ Үндсэн хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Тиймээс иргэд “Хөх Монголын хөх туг” аяны хүрээнд аймаг бүрд зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүдийн уулзалтад идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй тусгаснаар иргэдийн хүсэл зориг хууль болон хэрэгжих боломжтой болно.

Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийн дийлэнх хувийг ард түмэнд  тэгш шударгаар хуваарилах эрх зүйн орчин бүрдүүлэхээр хичээж буй гишүүдийн уулзалт, үйл ажиллагаа, санаачилгыг мушгин гуйвуулж байгаа хэсэг нь улс орны нийгэм, эдийн засаг, хөгжил дэвшилд санаа тавьсандаа бус, урьдын адил улс төр-бизнесийн бүлэглэл болсон цөөн хэдхэн улс төрч, том компаниудын ашиг сонирхлыг хамгаалж байгаа үйлдэл юм гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)