Нөхөн олговор нь баталгаагүй учраас иргэд болгоомжилж байна

 

         Нийслэлийн төсвийн хөрөн гөөр Долоон буудлын эцсээс Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3.3 км автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг өрнүүлж байгаа юм. Уг замын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна. Анх 1975 онд эхний гурван км, 1985 онд 1.3 км автозамыг тавьснаас хойш энэ чиглэлд 40 гаруй жил ямар нэгэн засварын ажил хийлгүй өдийг хүрчээ. Энэ хугацаанд уг зам маш их эвдрэлтэй, үерийн ус урсдаг, аваар осол их гардаг болсон талаар иргэд гомдоллодог учраас өнгөрсөн намраас анхаарал хандуулан ийнхүү автозамын засварын ажлыг эхлүүлжээ. Шинэ зам барьснаар автомашин зорчих хэсэг нь 8.7 метр өргөн, борооны ус зайлуулах шугамтай, иж бүрэн гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий бүрэн тохижилттой авто зам барьж байгаа аж. Нийт өргөн нь 12.5 метр байх гэнэ. Ирэх сарын 15 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ч уг ажлыг явуулахад айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас замын ажил саатаж байна гэх мэдээлэл гарах болсон. Тиймээс бид үнэхээр иргэд газраа чөлөөлөхгүй байгаагаас замын ажил саатаж байгаа эсэхийг сурвалжиллаа. Долоон буудлын эцсийн буудлаас Чингэлтэйн Микроны эцэс хүртэл 3.3 км автозамын өргөтгөл, шинэтгэлийн ажил 75 хувьтай явж байгаа аж. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар Микроны эцсээс Ногоон булаг буюу Хайлааст руу эргэдэг замын уулзвар хүртэлх 2.7 км орчим авто замын ажлыг гүйцэтгэж дууссан байна. Микроны эцсээс эхлэн явган хүний замыг тавьж эхэлсэн бөгөөд үерийн сувгийг хийж байна. Харин явган хүний зам тавихад зарим айл газраа чөлөөлөөгүйгээс замын ажил саатсаныг “Экспресс зам” ХХК-ийн талбайн инженер Б.Гансүх хэллээ. Тэрбээр “Одоогоор нийт замын трасст орсон айлын 70 гаруй хувь нь газраа чөлөөлсөн. Тэдэнд нөхөн төлбөрийн мөнгийг нийслэлээс олгож байгаа. Харин 20 орчим айл газраа чөлөөлөөгүй байна” гэв. Түүний хэлснээр тэдгээр айл газраа чөлөөлөх юм бол замын ажил хугацаандаа дуусах аж.

 

Замын трасст орсон айл, оршин суугчдад нийслэлээс өнгөрсөн намар газраа чөлөөлж, хашаагаа татах мэдэгдэл хүргүүлсэн байна. Түүнээс хойш автозамын ажил эхэлчихээд байхад дахин мэдэгдэл хүргүүлжээ. Мөн газраа чөлөөлсөн иргэнд улсаас нөхөн олговор өгнө гэсэн ч тэд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлээс тэдэнтэй урьдчилан тохироогүй мөртлөө тэднийг газраа чөлөөлөөгүйгээс улсын ажил саатаж байна гэх мессэжийг олон нийтэд хүргэжээ. Чингэлтэй дүүргийн XVIII хорооны Засаг дарга Ё.Отгонбаяр “Манай хороонд газар чөлөөлөх шаардлагатай 16 айл байна. Эхний ээлжид Ногоон булгийн эрэг дээр байгаа айл байшингаа буулгаж байна. Энэ мэтчилэн шийдвэрт хүрч байгаа. Гэхдээ манай хороонд нөхөн төлбөр авсан нэг ч айл байхгүй. Хашаагаа хэдэн метр татахад төдөн төгрөг өгнө гэсэн нэгдсэн мэдээлэл ч алга. Тиймээс айлууд газар чөлөөлөх ажилд хайхрамжгүй, удаашралтай хандаж байна. Ер нь айлын газрыг чөлөөлүүлэх албан ёсны бичиг ирүүлээгүй. Харин хоёр ТҮЦ байсныг албадан буулгасан” гэв. Тэндхийн оршин суугчид “Улсын ажил учир газраа чөлөөлөхгүй гэж гүрийж суугаагүй. Бидэнд хашаагаа хэдэн метр тат ч гэх юм уу тийм мэдээлэл байхгүй болохоор яаран газар чөлөөлөх бодол алга” гэж байлаа. Ямартай ч зарим нь газраа бага хэмжээгээр татаж, эхнээсээ байшингаа буулгаж, газраа чөлөөлж эхэлжээ. Ингээд XVIII хорооны оршин суугчдын байр суурийг сонслоо.

 

Д.Чинзориг: ОДООГ ХҮРТЭЛ НӨХӨН ОЛГОВОР АВААГҮЙ БАЙНА

-Манайд өнгөрсөн намар мэдэг-дэл өгч түүний дагуу дэлгүүрийн байшин, гараж, амьдрах сууц гээд бүхэл бүтэн обьектоо буулгаж байна. Тэгэхээр хойш нь татаж шинээр барина гэсэн үг. Манай байшинг Үл хөдлөх үнэлгээний газраас 41 сая төгрөг гэж үнэлсэн байсан. Гэхдээ одоог хүртэл нөхөн олговор аваагүй. Өгнө л гэж байсан. Хэзээ өгөхийг нь мэдэхгүй байна.

 

М.Дэлгэрмаа:ГАЗРЫН АЛБАНЫХАН ИРЖ УУЛЗТАЛ БАЙЖ БАЙ ГЭСЭН

-Өнгөрсөн намар мэдэгдэл өгснөөс хойш дахин ирүүлээгүй. Харин замын ажил хийж байгаа компаниас ирж, Газрын албаныхан уулзтал байж бай гэсэн. Намар өгсөн шаардлагадаа нэг метр газар тат гэсэн байсан. Харин саяхан “Гурван метр татаарай” гээд хашаан дээр биччихсэн байна. Гэхдээ улсын кампанит ажил явуулж байгаа учир аль болох зохицуулж газар байшингаа татаж өгнө гэсэн бодолтой байна. Нөхөн төлбөрийн талаар тодорхой мэдээлэл алга. Зарим айлд нэг метр газарт сая, заримд нь байшин нураахад 45 сая төгрөг өгч байна гэх сураг л гарч байсан. Газрын албаны хүмүүс энд тэнд явж байна гэж дуулдахаас биечлэн уулзаагүй болохоор яаран хашаагаа татахгүй.

 

Г.ЖАДАМБАА: ХАШААГАА ТАТЛАА ГЭЭД НӨХӨН ОЛГОВОР ӨГӨӨГҮЙ

-Мэдэгдэл ирүүлэхэд нь улсын ажилд саад болоод яахав гээд 1.3 метр хэртэй хашаагаа дотогш татсан. Харин одоо бол дахин татах боломжгүй. Учир нь гараж тулчихсан. Тиймээс миний эцсийн боломж бол энэ. Хэрэв татна гэвэл гаражаа буулгах болчихоод байна. Би зүгээр байгаа эд хөрөнгөө устгаж чадахгүй. Булангийн хоёр банзыг татаж болох л байх. Анх ирүүлсэн мэдэгдэлд нэг метр татахад болно л гэж байсан. Түүнийх нь дагуу татсан. Хашаагаа татлаа гээд нөхөн олговор өгөөгүй. Албаны хүн ч ирж уулзаагүй. Газраа чөлөөлж өгсөн 29 айлд бүгдэд нь нөхөн төлбөр олгосон гэх мэдээлэл байна. Гэвч дээрх айлууд ямар нэгэн нөхөн олговор авах байтугай энэ талаарх мэдээлэл ч байхгүй сууж байлаа.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)