“Харанга” хамтлаг эерэг байж хайрыг түгээнэ
- 2018-05-24
- Энтертайнмент
- 1
“Алдрын од” одонт “Харанга” хамтлаг ирэх онд болох 30 жилийн ойгоо угтаж, “Хайрла” хэмээх анхны тоглолтоо ирэх сарын 8,9-нд Улаанбаатар паласын концертын танхимд зохион байгуулах гэж байна. Тэд тоглолтынхоо талаар өчигдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн юм. “Харанга” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвлэлийн бага хуралд оролцож, гурван дуу дуулж сэтгүүлчдэд гэнэтийн бэлэг барьсан юм. Анх 1989 онд тус хамтлаг “Амьдрал” хэмээх тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзаж байжээ. Хамтлагийнхан 30 жилийн ойгоо нэг өдөр бус бүтэн жил зургаан сарын хөтөлбөр боловсруулан олон тоглолт, шинэ дуу, клип хийж, зохион байгуулахаар төлөвлөснөө энэ үеэр дуулгасан юм. Тухайлбал, ойн хүрээнд Европ, Америкийн орнуудаар аялан тоглолт зохион байгуулахаас гадна том хэмжээний зургаан тоглолт хийх аж. Энэ үеэр тус хамтлагийн ахлагч Ц.Энхманлай “Бид бие биеэ хайрлаж хүндэтгэснээр өдгөө 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. Хүн бүр бие биеэ хайрлах хэрэгтэй. Бидний тоглолт ч хайрыг түгээх болно” хэмээв. Мөн тус хамтлагийн дуучин Ц.Чулуунбат “Бидний тоглолтын гол дуу бол О.Дашбалбар агсны үгийг нь бичсэн “Амьддаа бие биеэ хайрла” дуу байх болно. Тоглолтод хэн нэгэн дуучинг урилгаар оролцуулахгүй” гэж онцолсон юм. Дашрамд дуулгахад, “Харанга” хамтлагийн албан ёсны фэн клуб байгуулагдаад удаагүй байгаа аж.
Г.Нямсүрэн
Сэтгэгдэл (1)
(103.229.120.68)
Өрөвдмөөр өвгөчүүд