Б.Мөнх-Амьдрал: Уран бүтээлчдийн гол шүүгч, шүүмжлэгч, урамшуулагч хүч бол үзэгчид
- 2018-05-31
- Энтертайнмент
- 0
"Гэгээн Муза" олон улсын театрын 14 дүгээр их наадмын Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг жүжгийн зохиолч болон найруулагчаар шалгарсан Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч, соёлын тэргүүний ажилтан Батаагийн Мөнх-Амьдралтай ярилцлаа. Түүний “Ярьдаг мод” бүтээл тус наадмаас дээрх номинациас гадна шилдэг эмэгтэй гол дүр, хөгжмийн зохиолч, тайзны зураач, эрэгтэй туслах дүр зэрэг зургаан төрөлд тэргүүлж, тус наадмын шилдгийн шилдэг буюу Гран-при шагналыг хүртсэн билээ.
-Юун түрүүнд Гэгээн Муза наадмаас хос шагнал авсанд тань баяр хүргэе. Шагнал гардуулах ёслолын өмнө өөрийн жүжгээ хэр сайн давхина гэсэн хүлээлттэй байсан бэ?
-Анх нэр дэвших эрхээ авчихаад магнайгаа хагартал баярлаж байсан энэ том наадамд нэр дэвшинэ гэдэг бол миний хувьд хангалттай санагдсан. Гэхдээ дотроо авчих юмсан гэсэн мөрөөдөл тээж байснаа нуухгүй ээ. Шалгаруулалтын тоглолтын өмнө өөрийгөө сэтгэл зүйгээр маш сайн бэлдсэн. Учир нь өөртөө хэтэрхий их найдаж итгээд амжилт олохгүй бол хэцүү.
-Эл наадамд бүх л шилдэг уран бүтээлч нэр дэвшдэг ч бүгд Гэгээн Музатай гэртээ харьдаггүй. Таны хувьд хоёр дахь Музагаа авахад юу бодогдож байв?
-Шилдэг зохиолчоор авсны дараа сэтгэл үнэхээр ханасан байсан. Гэтэл дахиад л шилдэг найруулагч хэмээн миний нэр дуудахад юу билээ арай зүүд биш байгаа л гэж бодогдсон. Тайзан дээр гараад цочролоосоо гарч чадахгүй хэсэг зогссон шүү.
-“Ярьдаг мод” жүжгээ хүүхдүүдийнхээ ярианаас сэдэвлэж бичсэн гэсэн. Уг зохиол хэрхэн бичигдэж, тайзнаа амилсан түүхийг хуваалцаач?
-Миний ээж цэцэг тарих дуртай. Би ч бас гэртээ болон ажлын өрөөндөө тасалгааны цэцэг тарьдаг хоббитой. Нэг өдөр хүүхдүүддээ цэцгээ өдөр бүр усалж бай энэ чинь амьтай. Нэг навчийг нь тасалвал яг л бидэнтэй адил өвддөг юм шүү дээ гэж ургамал цэцгийн ашиг тустай байдлыг ярьж өгсөн. Яг тэр л үед гэнэт энэ жүжгийн зохиолын санаа толгойд харван орж ирсэн. Тэгээд хүүхдүүдийнхээ хоорондоо ярилцаж, тоглож байгаа тэр бүх үг хэллэг бүрийг анхааралтай сонсож, тэднийхээ ярианаас жүжгийн харилцан яриаг хуулбарлаж зохиолоо бичсэн. Зохиолын нэр нь анх “Цэцэг” гэсэн нэртэй байсан. Сүүлд “Ярьдаг мод” болгож өөрчилсөн.
-Ингэхэд урлагийнхан их сонирхолтой зам туулж, мэргэжлээ сонгосон байдаг. Таны хувьд.
-Миний аавыг Батаа гэдэг. Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрт зураач хүн байсан. Би аавыгаа дагаад хар нялхаасаа л энэ театрыг цэцэрлэгээ болгож хүмүүжсэн хүн дээ. Тэгэхдээ тайз руу дураараа гарахгүй. Өрөө бүр рүү дураараа орж болохгүй гээд л багаасаа театрын ёс зүйд суралцсан. Аав маань орой бүр намайг Батаагийн хүү Мөнх-Амьдрал дуулна гэж ирээд л зарлангуут би цонхны хөшигний араас гарч ирээд хангинатал дуулдаг байсан. Тэгэхээр намайг урлагийн замд хөтөлж оруулсан хүн бол миний аав юм шүү дээ.
-КУДС-ийг төгсөөд шууд нутагтаа очиж ажилласан. Урлагийн чиглэлээр сурсан залуус ихэвчлэн Улаанбаатарт үлддэг. Тухайн үед хотод үлдэж ажиллаач гэсэн санал ирж байсан уу. Яагаад нутаг руугаа татагдсан бэ?
-Сургуулиа төгссөний дараа хотод ажиллаач гэсэн санал их ирсэн. Би ч их онгироо бас жаахан ч байж. Аав маань миний хүү аймагтаа ирж театрт ажилла гэхэд нь зөрөөд хотод ажиллана гэж зүтгэж байсан. Гэхдээ аавын бие муудахад би нутагтаа ирсэн. Удалгүй аав маань өнгөрч би нутгийнхаа театраас ажлын гараагаа эхэлсэн дээ. Аавынхаа мэнд дээр нь хүслийг нь биелүүлж эртхэн л энэ театртаа ордог байж дээ гэж харамсах сэтгэл төрдөг байсан. Одоо бол аав минь намайг харж байгаа болохоор театрынхаа эд эс болсондоо үнэхээр их бахархаж байна.
-Залуу хүн цээж дүүрэн мөрөөдөл, хүсэл тэмүүлэлтэй байдаг ч бусдын тус дэмгүйгээр биелүүлэхэд хүндрэлтэй. Таны хувьд аймгийнхаа үзэгч, уран бүтээлчдэд хэрхэн танигдаж, өөрийн хүрээллээ бий болгосон бэ?
-Мятаршгүй л зүтгэсэн дээ. Цалингаа буунгуут л уран бүтээлдээ зарцуулаад гэртээ хоосон харина. Гэхдээ бөөн аз жаргалтай болдог байсан. Нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгч ах эгч нар, ар гэрийнхэн гээд маш олон хүний л хүч дэмжлэгээр барьж авсан уран бүтээл бүхнийхээ ард гарч давж чаддаг.
-Та аймгийнхаа уран бүтээлчидтэй хамтарч уран сайхны гурван кино хийсэн. Мэдээж ашгаа олж чадаагүй ч баяр бахдал төрсөн байх?
-Анх сургуулиа төгсөж ирээд хүмүүст би кино найруулагч мэргэжилтэй хүн гэж танилцуулдаг байсан. Тухайн үедээ би кино найруулагч гэж хэлэх юмсан гэж зургаан жил мөрөөдсөн. Мөнгөтэй болж кино хийхийг хүлээж тэвчилгүй нутгийнхаа уран бүтээлч залуустай нийлж, бизнес эрхлэгч ах, эгч нарын дэмжлэгээр анхны киногоо хийсэн.
-“Захиалгат инээд” хамтлагийн “Ах дүү гурав” инээдмийн киноны зохиолыг та бичсэн. Улмаар уг киног өөрөө найруулж, гол дүрд нь тоглохоор төлөвлөж байсан гэсэн. Яагаад найруулагч, жүжигчдийн баг солигдсон бэ?
-Дорнодынхоо дэлгэцийн бүх л уран бүтээлчийг хамруулж, кино хийх юмсан гэж мөрөөддөг байсан. Энэ санаагаа талийгаач Амбий ахтайгаа хуваалцаж, хоёулаа кино хийхээр төлөвлөж байсан ч ах маань таалал төгсөж, би эргээд л ганцаардсан. Өнгөрсөн оны өвөл “Захиалгат инээд” хамтлагийн захирал Х.Манлайбаатар ахад энэ санаагаа хэлтэл халуун дотноор хүлээн авч хоёулаа ханцуй шамлан кино руугаа “дайрсан”. Дорнодын уран бүтээлчдийн кино маш сайн бүтээл байх ёстой энэ бол хариуцлагатай ажил. Мөн нутгийн бизнесменүүд санхүүгийн тал дээр маш сайн дэмжиж “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Ө.Мөнх-эрдэнэ ах “Ах дүү гурав” кино зохиолыг баяжуулж, шинэчилж бичсэний ард өөрөө найруулсан. Надад бол энэ төслийг санаачилж, эхлүүлж чадсан нь хангалттай санагдсан.
-Энэ онд Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын 70 жилийн ой тохиож байна. Театр бүр өөрийн гэсэн онцлог, амин сүнстэй. Танай театрын онцлог амин сүнс нь юу вэ?
-Бид театрын урлагийн манлайлагч байх том зорилготой ажилладаг. Түүндээ ч алхам алхмаар хүрч яваа гэж боддог. Манай театрын уран бүтээлч ажилтан бүхэн үзэгчээ дээдлэх гэсэн нэгэн том сүнстэй.
-Дорнодынхон Гэгээн Муза наадамд амжилттай оролцсон уран бүтээлчдээ ёслол хүндэтгэлтэйгээр угтан авсан гэсэн. Хүмүүс танд юуг захиж хэлж байна?
-Тийм том хүндлэл, ийм гоё хамт олон, ийм сайхан нутгийн иргэдтэй гэдгээрээ баярлаж, бахархаж явлаа. “Өшөө үзүүлээд өгөөрэй”, “Амжилт хүсье”, “Баярлалаа” гэсэн урмын үгээр булуулж байна даа.
-Та сайн найруулагчаас гадна жүжигчин, дуучин юм билээ. Танай МАГГДО хамтлаг байгуулагдаад хэр удаж байна. Дуучин Б.Мөнх-Амьдрал сонсогчдодоо бие даасан хэчнээн уран бүтээлээ хүргэсэн бэ?
-Хүүхэд байхаасаа өөрийн хэмжээнд дуулдаг хүү байсан. Сүүлд 2013 онд дөрвөн найзтайгаа нийлж, нэрийнхээ эхний үсгүүдийг нийлүүлж, ард нь аймгийнхаа нэрийн ДО гэсэн товчлол оруулж, MAGGDO хамтлагаа байгуулсан. Анх их эрчтэй нэлээн хэдэн уран бүтээл гаргасан ч одоо түр завсарлаад байгаа. Миний хувьд нээх олон бүтээл гаргаагүй ч гарын таван хуруунд багтах дуутай.
-Зарим залуу хүн шагналынхаа нэр хүндийг дааж, дийлж чаддаггүй гэдэг. Таны хувьд тайзны урлагийн хамгийн нэр хүндтэй шагналыг нэг өдөр бөөнд нь хүртсэн хүн. Урлагийн энэ хайр хишиг таны бие хүнд нөлөө үзүүлэх болов уу?
-Мэдээж нөлөө үзүүлэлгүй яах вэ. Тэр нөлөө нь дахин уран бүтээл хийх том хариуцлага хүч, урам, итгэл өгсөн. Үүнийгээ хэрэгжүүлж дараагийн уран бүтээлдээ шууд орсон. Удахгүй үзэгчдийн хүртээл болно.
-“Ярьдаг мод” жүжиг таны ур ухаан, бүтээлийн зөвхөн эхэн үе гэж бодож байна. Цаашдаа туурвих, найруулах бүтээлээсээ нууц биш бол хуваалцаач?
-“Ярьдаг мод” жүжгээрээ Монголын, дэлхийн ирээдүй болсон хүүхэд багачуудад хүргэх байгаль дэлхийгээ хайрлаж, амьтай гэдгийг ойлгуулахыг хүссэн. Харин дараагийн бүтээлдээ гар утас, цахим тоглоомын буруу хэрэглээ, хор уршгийг багачуудад уран сайхны аргаар хүргэхээр төлөвлөж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа намайг урьж ярилцсан танай сонины хамт олонд баярлалаа. Уран бүтээлч хүний гол шүүгч, шүүмжлэгч, урамшуулагч хүч бол үзэгчид учир үзэгч та бүхнийхээ оюуны мэлмийд үргэлж гэгээ оруулж байхыг хичээн ажиллах болно.
Т.Болор-Эрдэнэ
Сэтгэгдэл (0)