Ж.Энхээ: Инга багаасаа дуулах дуртай хүүхэд байсан
- 2018-06-04
- Энтертайнмент
- 0
Монгол Улсын консерваторийн Утсан хөгжмийн тэнхмийн багш, Соёлын тэргүүний ажилтан Ж.ЭНХЭЭТЭЙ цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүний мэргэжлийн багш юм.
-Таны шавь “Voice of Mongolia” шоуны ялагч боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Монголд анх удаа зохион байгуулсан олон улсад нэр хүндтэй шоуны ялагчаар шавь минь тодорсонд сэтгэл маш их өндөр байна. Манай Инга /Ц.Энгүүн/ багаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Мэргэжилдээ ч сайн. Багаасаа олон улсын уралдаанд оролцсон авьяаслаг шавь нарын маань нэг юм. Тэр Ж.Чулууны нэрэмжит конкурст өнгөрсөн жил оролцож тэргүүн байрт шалгарсан. Ар гэр нь хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд маш их анхаардаг. Багш, гэр бүл, хүүхэд гэсэн гуравласан харилцааг баримталдаг.
-Ц.Энгүүнд та хэддүгээр ангиас нь хичээл зааж байна вэ?
-Хөгжим бүжгийн коллежид элсч орсноос өдийг хүртэл хичээл зааж байна. Ер нь хийлч болоход амаргүй. Маш их хичээл зүтгэл, хувийн зохион байгуулалттай байж олон зүйлийн ард гардаг. Үүний тулд тэвчээр хатуужил маш их хэрэгтэй. Шантрах, уйлах, няцах үе бишгүй таарна. Тиймээс л хөгжим хүнийг төлөвшүүлдэг гэдэг юм. Инга маань маш их хөдөлмөрлөж байж өнөөдрийн амжилтад хүрч байна. Багшийнх нь хувьд цаашид ч энэ хүүхэд урлагийн тавцанд их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа шүү.
-Шоуны үеэр танаас зөвлөгөө авсан уу?
-Тэгэлгүй яахав. Асуух зүйлээ ирж асуусан. Бүтээлийг яаж тогловол хүнд хүргэх вэ гэдэг талд бид анхаарч ажилласан. Инга шинэ зүйл заахад хурдан сурч өөрийн болгодог. Үүнд суурь хүмүүжил нь ч нөлөөлсөн байх.
-Ц.Энгүүн хэдэн сарын хугацаанд чөлөө авсан гэсэн. Мэргэжлийн багшийн хувьд үүнд сэтгэл дундуур байв уу?
-Шавь маань өөрийнхөө авьяас чадварыг сорихыг хүссэн учир би дэмжсэн. Цаг хугацааны хувьд ч давчуу болохоор өдөр тутам бэлтгэлээ хийхийг зөвлөж байлаа. Ингэж өдөр тутамд хөгжмөө давтах нь хүүхдийг “хөглөдөг” юм. Тиймээс хөгжимчин хүн хөгжимтэйгөө үргэлж хамт байх ёстой.
Ц.Энгүүний тухай баримтууд:
- Тэрбээр дуу, хөгжим сонсохоороо дагаад аялдаг, дуулах дуртай хүүхэд байсан.
- Аав нь түүний хувьд анхны багш, дасгалжуулагч нь байв.
- Айлын ганц охин ч түүнд эрх дураараа зан байдаггүй.
- Дөрөвдүгээр ангидаа Чехийн нэрт хөгжмийн зохиолч Я.Косианы нэрэмжит олон улсын хүүхдийн уралдаанд оролцон, тусгай байрт шалгарчээ.
- Долоодугаар ангидаа Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит олон улсын уралдааны дунд насны ангилалд тэргүүлсэн байна.
- 2017 онд тус уралдаанд дахин оролцож, түрүүлжээ.
- Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болохыг мөрөөддөг.
- Бүх төрлийн хөгжим сонсдог ч, сонгодог рокыг илүү таашаадаг байна.
Б.Сийлэн
Сэтгэгдэл (0)