М.Наранчимэг: Эмээ, ээж шигээ бялуу хийх дуртай
- 2018-06-06
- Энтертайнмент
- 1
Бялуу урлаачдын дунд зохион байгуулдаг олон улсын уралдаанд монгол бүсгүй М.НАРАНЧИМЭГ тэргүүлсэн бөгөөд түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Олон улсын тэмцээнд ямар бялуу хийж тэргүүлсэн бэ?
-Англи улсад зохион байгуулсан бялуу урлаачдын GATSBY сэдэвт уралдааны “Sweet easy” төрөлд оролцож тэргүүн байрт шалгарлаа. Тэмцээнд 62 орны амттан урлаачид оролцсон. Бялуучид тэмцээний үед шаардлагатай бүх зүйлсийг өөрсдөө хариуцдаг. Би 2012 оноос бялуу хийж, “Saranсаke” нэрийн бүтээгдэхүүнээ албан ёсоор гаргаж эхэлсэн. Манай ээжийг Саранцэцэг гэдэг. Тиймээс брэнд нэрээ “Saranсаke” гэж өгсөн юм. Ээж маань тогооч мэргэжилтэй, нарийн боов хийдэг хүн байсан. Эмээ маань ч бас талхны цехэд ажиллаж байсан учир би тэдэнтэйгээ адилхан бялуу хийх дуртай болсон гэж боддог. Товчхондоо бол гурван үеэрээ энэ салбарт ажиллаж байна.
-Та ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Уг нь нягтлан бодогч мэргэжилтэй. “Голомт” банкинд ажиллаж байсан. Сүүлд сонирхлоо дагаж бялуу хийдэг болсон. 2015 онд Олон улсын бялуу урлаачдын холбооны гишүүнээр элссэн.
-Өмнө нь ямар тэмцээнд оролцож байв?
-Ер нь жил болгон Америкт зохион байгуулдаг тэмцээнд оролцдог. 2015 онд болсон тэмцээний гуравдугаар байрт шалгарч байв. Өнгөрсөн онд АНУ- ын Оклахомад болсон хуримын сэдэвт бялууны тэмцээнээс тусгай байрын шагнал хүртсэн. Тус тэмцээнд 200 гаруй бялуу урлаач оролцсон.
-Цаашдын зорилгоосоо сонирхуулна уу?
-Ээжийнхээ үргэлжлэл болж энэ салбарыг хөгжүүлэхээр зорьж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Монголын бялуу урлаачдын академийг үүсгэн байгуулсан.
-Таны хийсэн бялуу хэлбэр, хийцийн хувьд их өвөрмөц юм. Үүний адил дахин давтагдашгүй бялууг танаар хийлгэхийг хүсвэл хэрхэн холбогдох вэ?
-Пэйж хуудсаар холбогдож болно. Цаашид “Sarancake” урлантай болохоор төлөвлөж байна.
Б.Номуун
Сэтгэгдэл (1)
Nam bus irgen (122.201.21.56)
Kue mon mundag busgui ye. Baharhaj bna. Bayarlaj bna.