2018 онд аялахад тохиромжтой улс орнууд

Шинэ газар орон үзэхээр энэ зуны төлөвлөгөөндөө тусгасан уншигчдадаа дараах мэдээллийг хүргэе. Олон улсын аялал жуулчлалын агентууд энэ жил аялахад тохиромжтой, олон нийтийн анхаарлыг татсан газруудыг нэрлэжээ. Тэдгээрээс нэр нь давхардсан буюу жуулчдын сонгон аялж буй газруудыг танилцуулж байна.

Тав тухтай орчинд туйлын туяаг харах боломжтой

Жуулчид Исландыг зуны улиралд хамгийн их зорьдог. Учир нь, энэ үед цаг агаар нь дулаарч, явган аялал хийхэд хамгийн тохиромжтой байдаг аж. Исландад туйлын туяаг 9-4 дүгээр сарын хооронд харах боломжтой. Энэ оронд салхич шувуу сафари, халуун рашаан, нисдэг тэрэгтэй аялал гэх мэт байгалийн сайхныг үзэх аяллын олон янзын төрөл бий. Түүнчлэн гурваас тавдугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулдаг “Trollaskagi Camp” нэртэй шинэ поп-ап глэмпинг бааз нээгджээ.

Мөн сүүлийн үед тренд болоод байгаа шилэн бөмбөрцөг хэлбэртэй зочид буудалд бууж амарч болох юм. Хамгийн гол нь, Исланд улс аюулгүй орчин, нөхөрсөг уугуул иргэдээрээ алдартай тул ганцаараа аялж буй хүмүүст хамгийн тохиромжтой орны нэг ажээ.

Абу-Дабид үзэх зүйл олон бий

Абу-Дабид зуны цагт 43 хэм хүрч халдаг учир зарим аялагчийн хувьд халгаатай. Гэхдээ аялах цагаа тохируулаад явбал үзэж харах зүйл ихтэй орон. Энэ орныг жуулчид олноор зорьж буйн шалтгааны нэг нь тэрбум шахуу ам.доллараар бүтсэн Луврын музей юм. 87 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай уг музейн барилгыг Притцкерийн шагналт архитектор Жан Нувелийн төслөөр бүтээсэн.

Абу-Даби дахь Луврын музейд VII зууны Коран судар, XX зууны Пикассогийн бүтээлүүд, Леонардо да Винчийн суут зургийг үзэх боломжтой. Мөн тун удахгүй домогт архитектор Фрэнк Гэрийн бүтээсэн Гуггенхаймын музей, Заха Хадидын "Performing ats centre" зэрэг томоохон бүтээлийг харж болно.

Лос-Кабост саатаж, халим хараарай

Мексикийн Лос-Кабос бүс нутаг нь далайн эрэг, наран шарлагын газраараа жуулчдад танигдаж байна. Түүнчлэн энд нэг тэрбум ам.долларын өртөгтэй зочид буудлын төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажлын дүнд Лос-Кабос аялал жуулчлалын томоохон бүс нутаг болох юм. Гэхдээ энэ газарт аялахаар шийдсэн бол тавдугаар сарыг сонгоход тохиромжтой аж.

Учир нь, энэ үед тус нутагт цаг агаар тааламжтай байдгаас гадна аяллын төрөл бүрийн урамшууллыг зарладаг байна. Мөн өвлийн саруудад халим харах боломж бүрдэнэ. Харин есдүгээр сард хуй салхи дэгдэх өндөр магадлалтай байдаг учир аялахад тохиромжгүй ажээ.

Цагаан хоолтнуудад ээлтэй нь Гүрж

Гүрж улс нь цагаан хоолтнуудад зориулсан олон төрлийн зоогийг санал болгодгоороо онцлогтой. Гүржийн алдарт зочид буудлын бренд болох Аdjara нь энэ хавраас эхлэн Stamba гэх цоо шинэ зочид буудлаа нээхээр төлөвлөөд байгаа ажээ. ЗХУ-ын үед хуучин хэвлэх үйлдвэр байсан энэхүү таван одтой шинэ зочид буудал нь Гүржийг зорих шалтгааны нэг болдог байна.

Хэрвээ энэ зун Гүржийг зорихоор төлөвлөсөн бол одоо үүргэвчээ үүрээд гараарай. Энд дөрвөөс зургаадугаар сарын эхэн үе хүртэл цаг агаарын хувьд тааламжтай байдаг аж. Мөн 9-10 дугаар сарын үед ургацын оргил үе байдаг тул шинэхэн ногоогоор хийсэн амтат зоогийг амталж үзэж боломжтой юм.

Африкийн ховор амьтдыг харахыг хүсвэл одоо л тохиромжтой

Африкийн зэрлэг байгаль, ховор амьтдыг орчинд нь харах боломжтой. Танзани улсыг зорьж, сафари аялал хийх хэрэгтэй. Хэрэв та олон тооны сафари аяллын машин харахыг хүсэхгүй байвал жинхэнэ онгон байгалиараа байгаа "Selous" дархан цаазат газар болон "Ruaha" гэх үндэсний паркад очиж зэрлэг амьтдыг тэр дундаа анааш болон арслангийн сүргийг хараарай.

Сүүлийн үед асар хэлбэрийн тансаг зэрэглэлийн зочид буудлууд жуулчдын дунд нэлээд түгээмэл дэлгэрч байна. Одоо буюу 7-11 дүгээр сард хуурай улирал эхэлж, зэрлэг амьтад устай газар цуглардаг тул тэднийг илүү ойроос харах боломж олдоно. Мөн та Африкийн их нүүдлийг харах зорилготой бол долоодугаар сарын сүүлээс наймдугаар сар хүртэл аяллынхаа төлөвлөгөөг гаргахад тохиромжтой.

Жуулчдын нэг сонголт нь Өмнөд Солонгос

Хоол, дуу хөгжим, архитектур, шоппинг гээд Өмнөд Солонгосыг зорих олон шалтгаан бий. Тэгвэл тус улсад дэлхийн тав дахь хамгийн өндөр барилга болох Lotte World Tower худалдааны төв, "Seoullo 7017" гэх явган зорчигчдод зориулсан агаар дээрх цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийсэн билээ. Мөн нийслэл хотоос 400 гаруй км зайд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Чежү арал оршиж байгаа.

Чежү арал нь Shinhwa World нэртэй бараг 2.5 хавтгай дөрвөлжин километр талбайтай асар том энтертайнмент цогцолборын тусламжтайгаар бүр ч олон жуулчныг татна гэж төлөвлөөд байгаа юм. Уг төсөл нь дотроо Lionsgate кино компанитай хамтран бүтээсэн "галзуу хулгана" ба бусад олон аттракцион тоглоомтой парк, Four Seasons зочид буудал, хамгийн алдартай K-Pop уран бүтээлчид тоглолтоо хийх концертын танхим болон бусад олон зүйлийг багтаах аж.

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)