Б.Мөнхтэмүүлэн: Бид олон улсын тэмцээнд оролцох зорилготой
- 2018-06-27
- Энтертайнмент
- 1
“UB dance” тэмцээний ялагч Б.МӨНХТЭМҮҮЛЭНТЭЙ ярилцлаа.
Түүнийг манай уншигчид “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож байснаар нь андахгүй биз ээ.
-“Dreambig” хамтлагийнхантайгаа “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноос хойш тантай уулзсангүй. Поппин төрлөөр хэд дэх жилдээ бүжиглэж байна вэ?
-Би 2009 онд Солонгос улсад их сургуульд суралцахаар явахдаа к-pop, underground, old school гэх мэт төрлөөр бүжиглэж эхэлсэн. Тэр үед поппинг бүжиглэж байгаа хүнийг хараад сонирхон сурч 2013 онд сургуулиа төгсөөд Монголдоо ирээд эрчимтэй бүжиглэж, сургалт явуулж эхэлсэн юм. Одоо поппинг бүжиглэдэг 30 гаруй залуу бий. Гурван сая гаруй хүн амтай улсын хувьд энэ нь тийм ч бага тоо биш. Манай хамтлаг “Dream big”, “UB Poppers” гэсэн хоёр нэртэй. “Dream big” гэдэг нь “Том мөрөөд” гэсэн утгатай манай студийн нэр байгаа юм. Харин “UB poppers” нь Улаанбаатарт бүжиглэж байгаа поппин бүжиглэдэг залуусын нэгдлийг хэлдэг. Ер нь биднийг хамтлаг гэхээсээ илүү нэгдэл гэж ойлгож болно.
-Бүжгийн олон төрлөөс яагаад поппинг сонгосон юм бэ?
-Поппин бүжгийн ая тэсрэлттэй, хүчтэй байдаг. Ийм аянд робот хөдөлгөөн ч юм уу хүний нүд хужирлах сонирхолтой бүжгийн элементийг хийх боломжтой. Энэ нь надад маш их таалагдсан. Анх найзуудтайгаа поппин бүжигчдийг хараад шоконд орж байсан шүү. Тэгээд л хэзээ нэг цагт ингэж бүжиглэдэг болох юмсан, энэ хэв маяг, орчин, алга ташилтыг монголчууддаа мэдрүүлье гэж бодсон хэрэг.
-Хэд хоногийн өмнө болсон бүжгийн тэмцээнд та түрүүлжээ. Оролцогчид хүчтэй байв уу?
-“Ub dance” тэмцээнд найман хамтлаг өрсөлдсөн. Уг нь тэдний бүжиглэхийг үзнэ гэж бодож байсан ч бэлтгэлээ хийгээд заримыг нь харж чадаагүй. Энэ удаагийн тэмцээнд сайн бүжигчид оролцсон. Тухайлбал, Эрдэнэт хотоос оролцсон “GS Crew”-г нэрлэж болно. Энэ удаагийн тэмцээнд бид поппин бүжиглэдэг залуустайгаа хамтран долоон минутын бүжиг бэлтгэсэн. Бүжиглэхдээ хослол өмссөний учир нь Америкийн хар арьстнуудаас үүсэлтэй поппин бүжгийн үндсэн хувцастай оролцъё гэж бодсон. Цагаан арьстнуудад дарлуулж байх үедээ поппин бүжигчид нэвтрүүлэгт оролцохын тулд хослол өмсч оролцдог байсан. Тэгж явсаар хослол нь поппин бүжгийн үндсэн хувцас болсон.
-Танай хамтлаг дотоодын тэмцээнд амжилттай оролцдог. Харин олон улсын тэмцээнд хүч сорих бодол бий юү?
-Манай улс газар зүйн хувьд бусад поппин бүжиглэдэг хамтлагаас хол байдаг. Тиймээс поппин бүжиглэдэг дүү нартаа тодорхой хэмжээний хөрөнгө цуглуулах, ямар нэг тэмцээн уралдаанд түрүүлбэл шагналын мөнгөө хадгалж “бүжгийн их далайд” очиж үзэх хэрэгтэй гэж заадаг. Бид өмнө нь ОХУ-ын Эрхүү хотод болсон бүжгийн тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн. Одоо Санкт- Петербург, Ленинград болон Бээжин, Шанхай гэх мэт хотод зохион байгуулдаг тэмцээнд оролцох зорилго тавиад байна.
-Олон улсын бүжгийн хамтлагуудтай туршлага солилцож байв уу?
-Гудамжны бүжгийн таван төрөл байдаг. Миний хувьд Солонгос улсад суралцаж байхдаа тухайн төрөлдөө дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн багш нартай уулзаж олон зүйл сурсан. Одоогоор манай хамтлагийнхан ОХУ, Хятад улсын бүжигчидтэй л туршлага солилцож байна.
-Та бүхэнд бүжгээрээ орлого олж, амьдралаа авч явах боломж хэр байдаг вэ?
-Бүжгээр тэр дундаа гудамжны бүжгээр хоолоо олж идэх хэцүү. Бурхнаас заяасан авьяастай байсан ч хэцүү. Солонгос улсад ч гэсэн боломж муу байдаг. Бүжиглээд мөнгө олно гэвэл худлаа. Хэрвээ мөнгө олмоор байвал өөр ажил хийсэн нь дээр гэж хэлмээр байна.
C.Гандэлгэр
Сэтгэгдэл (1)
zochin (202.179.27.178)
mundag aviaastai zaluu chaachdiin uran buteeld chin amjilt chusee