Истамбул хотод байх Монгол Мариягийн сүм
- 2018-06-30
- Энтертайнмент
- 2
Монголын түүх соёлтой холбоотой дурсгал цөөнгүй бий. Тэдгээрээс хамгийн алдартай нь Илхаант улсыг захирч асан Абага хааны гэргий Мария Дeспинагийн 1282 онд байгуулсан Монгол Мариягийн сүм юм. Абага бол Хубилай хааны дүү, Илхаант улсыг байгуулсан Хүлэг хааны хүү билээ. Сурвалжид түүний тухай “Абага бол Хүлэг хааны хамгийн сайн, их хүү нь билээ. Тэрбээр Сүлдүс овгийн Есөнжин хатнаас хорвоод мэндэлсэн” хэмээн бичжээ. Абага 1265 онд өнөөгийн Ираны нутаг Перахан мужид Цагаан нуур хэмээх газар хаан ширээнд суужээ. Энэ үйл явдалтай холбогдуулан Византын хаан Михаил 1265 онд охин Мария Деспина Палеологинаг Абага хаантай гэрлүүлэхээр илгээсэн гэдэг. Хүлэг хааны их хатан Догуз 1265 онд мөн нас барахад оюун санааны удирдагчийн үүргийг Мария гүйцэтгэх болов. Абага хааны үед дэлдүүлсэн зарим зоосон дээр загалмай дүрсэлж, "Эцэг, хүү, ариун сүнсний нэрийн өмнөөс" гэдэг Христийн залбирлыг арабаар сийлсэн байдаг аж. Армений түүхч Киракос Гандзакеци, Вардан Аревельци нар “Абага хаан Зүүн Ромын хааны төрсөн охин Деспинатай гэрлэж, христийн шашинд оржээ” хэмээн тэмдэглэсэн байдаг. Рашид ад-Дин “Абага хаан арав гаруй эхнэртэй байсны нэг нь Теспина.
Тэрбээр их хатан биш бөгөөд хаан түүнийг төдийлөн ойшоодоггүй байв” хэмээн бичиж үлдээжээ. Абага 1282 онд таалал төгсч, үнэн алдартны шашинт Мария хатан охин Феодора Арахантлуны хамт Константинополь руу төрхөмдөө буцсан байна. Эцэг нь Багдадад тохиолдсон зүйлээс нийслэл хотоо аврахын тулд Марияг Монголын нэгэн язгууртантай гэрлэхийг шаардсан гэдэг. Мария эцгийнхээ хүсэлтийг биелүүлэхээс эрс татгалзаж, “Панайотиссын Дарь-Эх” хийдийг худалдан авч сүм болгон өргөжүүлжээ. Шинээр барьсан сүмийг тухайн үед “Монгол сүм” хэмээн нэрлэсэн бөгөөд Мария хатан таалал төгстөлөө шавилан суужээ. Харин туркүүд уг сүмийг “Цуст сүм” хэмээн нэрлэдэг. Учир нь, 1453 онд Византын эзэнт гүрэн нуран унасны дараа уг сүмийг хамгаалагчид туркүүдийн эсрэг цус урсгасан баатарлаг тулаан хийжээ. Мария хатан Константинополь хотод амьдарч байсан ч Илхаант улсын монголчуудын дунд нэр хүндтэй байв. Тэрбээр монголчуудын дунд загалмайн шашныг дэлгэрүүлэх, Илхаант улс, Византын харилцааг бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэсэн нэгэн юм. Мария хатан гэлэнмаа сахил хүртэхдээ Милания нэр авсан бөгөөд нас барсан он сар нь тодорхойгүй байдаг аж. Сүм хийдэд бүхий л амь, бие сэтгэл, итгэл үнэмшлээ зориулсан учир түүнийг Гэгээн Мария хэмээн өргөмжилжээ. Истамбулын Кахрие музейд Есүсийн дүрийн баруунтаа Монголын Марияг дүрсэлсэн нэгэн зурагт шигтгэмэл бий. Түүнд энэ бол “Монголчуудын хатан Палеологийн Андроника, Милания гэлэнмаа” болой гэсэн бичгийг сийрүүлжээ. Монголын Гэгээн Мариягийн сүм нь Византын үеэс үлдсэн Истамбул дахь загалмайтны цор ганц сүм юм. Хана, туургыг нь христийн гэгээнтнүүдийн дүр, хөргөөр чимэглэсэн энэ сүмд Дарь-Эхийн таалал төгссөн өдөр тусгай уншлага үйлддэг байна.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (2)
ИРГЭН (202.179.26.222)
ДЭЛХИЙН ХҮЧИРХЭГ ТОМ УЛС ҮНДЭСТЭН ЕСҮС ХРИСТИЙГ Л ШҮТДЭГ.
irgen (62.167.114.16)
odoogiin mongoliin gazar nutgaas busad byh gazar mongoliin byteesen tyyhiin yldegdel ihtei umaa, mongold l baihgui