Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид хүний нэр төрийг хүндэтгэн ажиллахыг сануулах арга хэмжээ авчээ

2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр нийслэлийн БЗД-ийн 22 дугаар хорооны нутагт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадна коронавируст халдвараар өвчилсөн 35 настай иргэн нас барсан шалтгаан нөхцөлийг тайлбарлахдаа Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж талийгаачийн хувийн байдалд холбогдох, нас барсан шууд холбоо хамааралгүй, хүний нэр төрийг гутаан доромжилсон шинжтэй мэдээлэл өгсөн тул Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт Комиссын гишүүн шаардлага хүргүүлсэн юм.

Шаардлагын мөрөөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө хүний нэр төр, алдар хүнд, хувийн нууцыг хүндэтгэж ажиллахыг сануулах арга хэмжээ авсан талаараа Нийслэлийн засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Оюунчимэгийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 03/3391 дугаарын албан бичгээр Комисст мэдэгдлээ. Хувийн нууцаа хамгаалуулах хүний эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан.

Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно.

Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж тус тус заасан байна. Түүнчлэн хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.126.90.111)

    2021-09-02

    Бямбадорж 1-р эмнэлгийн дарга байхаасаа л биеэ тоож бусад эмч, ажилчдаа дорд үздэг байсан. Жинхэнэ цүнх баригч. Талийгаачийг архичин мэтээр олон нийтэд шууд мэдээлдэг нь Бямбадоржийн ёс суртахуунгүйн шинж юм. Ажлаас нь халах хэрэгтэй.