Хотын даргын ажил ундарч байна

 

Улаанбаатарчуудын хамгийн том толгойны өвчин бол агаарын бохидол, утаа. Утаатайгаа хэдэн жил тэмцэж, хэдэн тэрбум төгрөг зарцуулсан бэ гээд тооцвол бидний алдсан боломж хэдэн их наядаар хэмжигдэнэ. Утааг бууруулах шинэ төсөл, шийдэл, санаачлага үе үеийн дарга нар, шийдвэр гаргах түвшинд яригдаж байсан ч өнөөдөр ч бид утаатайгаа тэмцэж л байна.

Зөвхөн 2024 онд угаарын хийн хордлогын 1988 тохиолдол бүртгэгдсэнээс 38 нь нас барсан харамсалтай тоо ч бидэнд байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны судалгаанаас харахад, хүхэрлэг хий болон нүүрс төрөгчийн дутуу исэл нь гэр хорооллоос, РМ 2.5, РМ 10 тоосонцор болон азотын давхар исэл нь автомашинаас ялгарах утаанаас агаарын бохирдолд их нөлөө үзүүлж байна гэжээ. Агаарын бохирдлын ихээхэн хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлж байгаа бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт 712,992 автомашин /2022 он/ бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Иймд автомашинаас ялгарч буй бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатайг албаныхан хэлж буй.

Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын хэлтсээс, 2019 оны түвшнээс PM2.5 тоосонцрын үзүүлэлтийг 56 хувиар, PM 10 тоосонцрын үзүүлэлтийг 43 хувиар, хүхэрлэг хийг 20 хувиар тус тус бууруулсан гэж  дүгнэжээ.

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаагаар агаарын бохирдол гэр хорооллын айл өрх 55.6, автомашин 28.9, бусад хүчин зүйлс 15.5 хувь тус тус эзэлж байна. Гэр хороололд амьдардаг айл өрх 2023 онд 5.2 байсан бол 2024 онд 44 хувь болж буурсан үзүүлэлттэй байна гэв.

Агаар дахь бохирдуулагч бодисууд:

  • Агуулгын хувьд РМ 2.5, РМ 10 тоосонцор гэр хорооллын хувьд 17.6, автомашинаас ялгарах нь 52.3, бусад эх үүсвэрт 30.1 хувь байна.
  • Нүүрс төрөгчийн дутуу исэл гэр хорооллын хувьд 64.1, автомашинаас ялгарах нь 24.9, бусад эх үүсвэр 11 хувь байна.
  •  Хүхэрлэг хий гэр хорооллын хувьд 71.7, автомашинаас ялгарах нь 3.8, бусад эх үүсвэр 24.5 хувь байна.
  •  Азотын давхар исэл N02 нь гэр хорооллын хувьд 28.2, автомашинаас ялгарах нь 63.2 хувь, бусад эх үүсвэр 8.6 хувийг эзэлж байна.

Нийслэлийн Засаг даргаар улиран томилогдсон Х.Нямбаатар дарга ойрын өдрүүдэд утаа, агаарын бохирдлыг бууруулах талаарх ямар арга хэмжээ авч буйгаа танилцуулсан. Ингэхдээ гэр хорооллын айл өрхүүдийн чанаргүй зуухыг солих, сайжруулсан түлшний найрлагыг олон улсад шинжлүүлэх, нүүрсэн яндангүй автомашиныг журамлах, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог сэргээн байгуулж байгаа гээд олон шийдэл танилцуулав.  Хотын дарга Х.Нямбаатарын хэлсэн утаатай тэмцэх ажиллагааны хүрээнд богино хугацаанд авч хэрэгжүүлэх ажлууд хонгилын үзүүрт гэрэл асааж байна.

Тухайлбал, агаарын бохирдол, утааг бууруулахын тулд богино хугацаанд зуух тараах, 15 мянган өрхийг хийн түлшинд холбох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж буй гэсэн юм.  Тодруулбал, ирэх гуравдугаар сард багтааж айлуудыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлэхээ мэдэгдэв. Ингэхдээ импортын газаар хэрэглээгээ хангахаар төлөвлөсөн байна.  Цаашид хатуу түлшний хэрэглээг бууруулж, гэр хорооллын айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх төслийг эхлүүлсэн. Төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд  2025 онд 15000, 2026 онд 40000, 2027-2028 онд 45000 нийт 100000 өрхийг хийд шилжүүлснээр гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 27.8 хувиар бууруулахаар тооцсон байна. Энэ мэтчилэн богино хугацаанд утааг бууруулах зоригтой шийдлүүдийг олон нийт хүлээж буй. Тиймээс Хотын дарга Х.Нямбаатар олон нийтэд танилцуулсан, хийхээр төлөвлөж буй ажлаа хийх л үлдэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)