Зөв явахад цөвүүн цаг (I)
- 2021-09-09
- Нийтлэл
- 0
-Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулан...
Энэ бол зүгээр л дуу
(Ард түмэнд “Ард түмэн”-г ялах боломж олгох цаг. Эх орныг “эх оронч” нараас аврах цаг. Улс төрийг “улстөрч” нараас хамгаалах цаг.
Намыг “намчин” нараас цэвэрлэх цаг. Эдийн засгийг “эдийн засагч” нараас чөлөөлөх цаг. Шинжлэх ухааныг “судлаач” нараас цэвэрлэх цаг. “Монгол ялах”, “Монголд ялах” хоёрыг ялгах цаг. Шударга ёсыг “шударга гар”-уудаас зааглах цаг...Зөвийг хийхэд цөвүүн цаг)
Дуунд ч юу ч өгүүлж болдог. Саяхан, яг ийм утгатай нийтлэл хаана ч билээ харагдана лээ. Үнэн. Жишээлэхэд, анхны хайрын тухай дуу болгонд “ганцхан чамд хайртай байсан” л гэж гардаг. Гэхдээ, ихэнх нь хоёр дахь гурав дахь, тодруулбал сүүлийн хайраараа гэр бүл зохиогоод явсан байдаг. Гэтэл “Хамгийн сайхан хайр бол хамгийн сүүлийн хайр” гэж дуулдаггүй билээ л.
ХХ зууныхан “Хөдөө мөн ч сайхан байгаа даа, хоюулаа явья хонгор минь” гэж дуулсаар хот руу тэмүүлсээр ирсэн. Одоо ч ялгаагүй “Хүний чанар хөдөөд л байна” гэж сүүрс алдацгаах мөртлөө хотоо байгуулан суусаар. Хэзээ ч бид “Хүн чанартай болмооргүй байгаа юм уу, хөдөө амьдрахгүй байгааг чинь харахад” гэж өөрсдөөсөө асуухгүй. За яах вэ, тэгж асуух нэгэн гарлаа гэхэд “Энэ чинь дуу шүү дээ” гэж хариулна. Харин, дуу үнэн байх ёстой эсэхэд бид эргэлзэхгүй. Тэгж эргэлзвэл “үнэн ч үгүй,дуу ч үгүй” болох юм билүү?
Юу ч гэж дуулж болох. Хүний хорвоо харин зөв явах программтай, цаанаасаа. Хувь тавилан, үйлийн үр байдагт итгэх эсэхээс үл хамааран гарт баригдаж, нүдэнд харагдам нэгэн үнэн байдаг. Тэр бол хүний хорвоо үргэлж сайжрах тийшээ явдаг жам ёс. Будда номлож байсан, Иусус Христ төрж байсан тэр цаг үеийнхээс ч илүү хүнлэг болсон, хүн төрөлхтөн. Хааны хуульд нийцэх нь хүний ёс байсан бол хүний ёсонд хуулиа нийцүүлэх нь хааны (төрийн) үүрэг болсон, ядаж л ийм үүрэгтэйг мэддэг, шаарддаг болсон цаг.
Тэгвэл яагаад, ийм муухай байгаа юм бэ гэж үү? Жишээ нь Монгол улсын төрийн албаны гажуудал, авилга, дампуурлыг хар даа гэж үү?
Тиймээ, новшийн байна. Бас ийм новшийн байж болохгүй гэж үзэж, хилигнэж байна. Ядаж л новшийн байгаа мэднэ гэдэг бол бас “юм” шүү. Новшийн байгаагаа ёстой жаргаж байна гэж боддог нийгэмд орь нас нь өнгөрсөн хүний үг.
Тиймээ, новшийн байна. Гэхдээ новшийн байгаагаа мэдэх ч амар ч, болих амаргүй. Яг л хэт таргалалт эрүүл мэндэд муу гэдгийг мэдээд байгаа хэрнээ жингээ хасч чадахгүй л явдаг шиг. Жингээ багасгана гэвэл зовно. Зовохгүй гэвэл өвдөнө, улмаар нас барна.
Эх орон маань ч тийм байна.
Нэг. Ард түмний төлөө “ард түмний эсрэг”.
Хэрвээ, дуу амьдрал хоёр ижилхэн болбол яах вэ? Тийм жишээ бас байна.
Манай улс ирэх оны төсвөө хэлэлцэх цаг ойрхон байна. Төсвийн төсөлд тусгагдснаар бол хөрөнгө оруулалтад гаргах мөнгөнөөс нийгмийн халамжид зарцуулах мөнгө хамаагүй илүү байгаа бололтой.
Хэрвээ, айл өрхийн зүгээр идэх мөнгө нь амжиргаагаа өөд татах мөнгөнөөсөө илүү байвал яах вэ? “Амьдрал баяртай, Траншей сайн уу” л болно. Гэхдээ ийм жишээ ховор. Ямар ч тэнэг айл сарын орлогоосоо хоол ундныхаа мөнгийг хэтрүүлэхгүй байж чаддаг.
Харин Монгол улсын амжиргаагаа өөд татах мөнгө нь зүгээр тараах мөнгөнөөсөө бага байна. Олсноосоо ихийг үрдэг айл тэр дорхноо сүйддэг атлаа жаахан боломж олдвол сэргэх нь амар. Харин бүтээн байгуулалтаасаа илүүг халамжид гаргадаг улс их удаан, маш аажуу, гэхдээ эргэлт буцалтгүй “үхдэг” аж.
Улс “үхнэ “гэхээр хүн нь дуусах биш харин тусгаар тогтнол нь алдагдах, эсвэл ёс төдий зүйл болохыг хэлдэг. Тэгж ярих юм бол, тусгаар тогтнолоо зарлачихаар, тэр байтугаа олон улсаар зөвшөөрүүлчихээр ч нэг их тусгаар тогтносон улс болчихдог юм биш гэдгийг ХХ зууны Монголын түүх хэлээд өгнө. Учир нь тусгаар тогтнол улс төр дээр биш, гал цогтой эх орончид дээр бүүр ч биш, харин мөнгөн дээр дээр тогтдог. Дахин хэлье. Эдийн засгийн тусгаар тогтнол бол жинхэнэ тусгаар тогтнол.
Манайхан нэг л их “Монгол хэл сөнөх гэж байна” гээд л нэг өглөө сэртэл хоорондоо ярих хэлгүй болчихсон байх аятай сүржигнэдэг дээ. Тэгдэггүй л байхгүй юу. Харин Монгол үндэстэн алга болчихвол хэл нь аяндаа алга болно. Монгол үндэстэн хэзээ алга болох вэ гэхээр эдийн засгийн утгаараа улс нь бие дааж чадахгүй болохын цагт хэн нэгний өглөг хишгийг бараадан шингэж уусна. Ийм л дараалалтай. Мөнгөгүй бол тусгаар тогтнолгүй, бас хэлгүй, чоорт гэж.
Дахиад л дууны үг рүү орох нь. “Амьдрал хайр дээр тогтдог” энээ тэрээ бол дуулахад зориулсан контент болохоос гэр бүл болох зарчим биш. Ямар ч айл гоёор хэлэхэд “гэр бүлийн орлого” дээр тогтдог. “Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэхээр олон хүн “хайр сэтгэл тэгээд яах юм бэ” гэж мэтгэх байх. Хайр сэтгэл бол хэнтэй нийлж, гэр бүлийн төсвөө бүрдүүлэхээ шийдэх шалтгаан л төдий. Мөнгө ургуулахаа байг гэхэд хоол унд, хувцас хунар болон хувирдаг хайр болтол олдоогүй байгаа.
Олдоогүй байгаа ч гэж дээ. Манайд бол олдсон. Монголд хүн болж төрсний мөнгө гэж өгнө, гэрлэвэл мөнгө өгдөг, хүүхдэд мөнгө өгдөг, орлогогүй бол мөнгө хуваарилдаг, хоолны талон өгдөг. Цахилгааны мөнгийг нь улс төлж, түлшийг нь хөнгөлнө. Төр нь “Та нарт хайр л байхад болно, ажил хийх, мөнгө олох гэж зовох хэрэггүй” болохыг нүдэн дээр нь нотлоно.
Монголд амьдрал хайр дээр тогтоод байгаа төдий биш. Төрүүлсэн хүүхдийн тоогоор мөнгө гэхээр “амьдрал жирэмслэлт дээр, жаахан даваадуулаад секс дээр тогтож байна” гэсэн ч болохоор. Хүмүүс сүүлдээ “Ажил хий гэнэ үү? Байтлаасаа өөрөө мөнгө олж амьдар гэхнээ” хэмээн унтууцах байдалтай.
Харин “хайр”-ын төлбөр хаанаас гарч байна. Яг үнэндээ засгийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Мөнгө олж байгаа Оджаваас “булааж” аваад мөнгө олдоггүй Одсүрэнд “зүгээр” өгөхийг л халамж гээд байгаа юм. Гэтэл засаг төр нь мянга мянган Одсүрэндээ улам хайрлагдахын тулд халамжаа байнга нэмэх сонирхолтой. Улсаа хөгжүүлэх мөнгө нэгэнт байхгүй хойно, халамжаа л нэмэх гэж байгаа хэрэг. Үлгэрлэвээс, малаа өсгөх найдвар багасахын хэрээр махаа улам их идэхтэй л адил зүйл.
Харин ойрноос Оджав нарын төрд өгдөг мөнгө багасаад байдаг. Засаг түүнд уурлаж “Их мөнгө олохгүй элийгээ хийгээд байгаа юм бэ” хэмээн загнав. Гэтэл цаадахад нь ажил хийж өгөх хүн олдохгүй байгаа гэнэ. Жишээлэхэд, иргэн-халамжлуулагч Одсүрэнд ажлын байр санал болгож сарын 1,000,000 (сая)төгрөгийн цалин амласан ч цаадах нь голох.
Учир нь Засаг Оджаваас хураасан татвараасаа түүнд хүүхдийн мөнгө, ажилгүйдлийн тэтгэмж хэлбэрээр түүнд 1.500. 000 (сая таван зуун)төгрөг сар тутам өгч байгаа аж. Тийм учраас Одсүрэн нь “Оджав минь, чамайг царайчлахгүй амьдарч байна заа. Чиний харамлаж өгөх саяас чинь хамаагүй илүүг төр надад өгч байна” хэмээн зад агсамнаад харьжээ. Уг нь түүний авдаг халамжийн мөнгийг Оджавыг хуулиар дарамтлан айлгаж авсан татвараас л гаргаж өгч байгаа юм л даа. Даанч нөгөө Одсүрэн нь “Ачит гэгээн төр засаг минь мөнгө үйлдвэрлээд тараадаг” гэж боддог юм.
Дээр нь Оджав тэнэг биш тул өдөр хоног өнгөрөх тусам Монгол хүн ажил хийх шаардлагагүй болж, хувийн болон Засгийн газрын “хайр”-аар амьдардаг болж байгааг харна. Ингээд гадаадаас ажиллах хүч оруулахыг хүсэх боловч “Манай эх орныг хужаа нарт эзлүүлэх гэж байна” хэмээн үймээн дэгдээн хөөж тууна.
Өөрөө ажил хийх дургүй, ажил хийдэг хүн ойр хавьд нь байхад бас дургүй, айн?
-Дарханы зам, Дарханы зам...муусайн авилгачид л гэх. Муусайн авилгачид байгаа нь ч байгаа л даа. Гэвч, замд хөрөнгө оруулалт хийж болох байсан мөнгийг халамж болгоод ард түмнээрээ хувааж идсэн, цалинг нь голоод зам барилгын ажил хийх “муу” монгол хүн олдохгүй болсон,зам барих “муу” хятад оруулаад ирэхээр хөөгөөд явуулснаа яагаад ярьдаггүй юм бэ?
Эх орныг авилга идэж байгаа нь үнэн, гэхдээ их бага идсний л ялгаа байгаагаас бус цөмөөрөө хуваагаад л идэж байгаа шүү дээ. Нөгөө, цахиур Төмөр “Тэгж ярих юм бол унаж яваа морь чинь ямар замаар ирснийг бид мэднэ шүү” гэж Түгжилийг дарамталдаг шиг.
Гэвч халамжлуулагч, халамжлагч хоёр цөхрөнө гэж үгүй.
Засаг төр бас л Оджав нарыг загнаж “Америк шиг цалин өгвөл Монгол хүн ажиллана шүү дээ” хэмээн зөвлөж. Гэтэл Оджав нь мянга мянган Одсүрэнгийн халамжид зориулж татвар төлсөөр байгаад цалин тавих дээд боломж нь тэр болсон байж. Харин Монгол бүтээмжид Америк цалин өгч болох болохгүйг хэн сонирхох билээ. Одоо сүүлийн боломж, Оджавын хөрөнгийг хурааж, сүүлийн тараалтаа хийх л үлдсэн...
Дараа нь яах вэ. Орос, Хятад хоёрын нэгэн рүү л хадаг бариад “Ах аа, намайг өргөж аваач” гээд л очдог байхдаа, ямар сураагүй юм биш.
Хоёр. Зөв явахад цөвүүн цаг.
Одоо яах вэ? Дууны сэдвийг дуунд нь үлдээж, бодит амьдралдаа эргэн ирэхийн тулд яах вэ. Оджавт мөнгө олох боломж олгох хэрэгтэй. Хөрөнгийг нь хураах байлаа ч гэсэн. Монгол хүн чинь алж идэх үхрээ эхлээд сайн таргалуулдаг шиг, Оджавыг ядаж тураалаас гаргаад төхөөрөх ёстой. Иймээс, үлгэрт гардаг шуналтай өвгөнийг уурлуулаад ч хамаагүй хоолны шинэ дэглэмд оруулах хэрэг гарна.
Үлгэр нь ийм юм. Нэг хөдөлмөрч эмгэн, ховдог өвгөнтэйгаа амьдардаг байжээ. Өвгөн нь хамаг малаа алж идээд дуусч ганц ямаа үлдэв. Эмгэн гуйжээ “Ганц ямаагаа битгий идээрэй. Сүүг нь сааж уугаад амь зууя” гэж. Гэтэл эмгэнээ аргалд явсан хойгуур ганц ямаагаа алаад иджээ. Эмгэн уйлсаар дэлэнг нь салгаж аваад нэг цагаан хадан дээр наагаад, тэнгэрт залбирах болов. Нэг өдөр мөнөөх дэлэнгээс сүү гарч эмгэн өвгөн хоёр турж үхэхээс аврагдав. Ховдог өвгөн эмгэнийхээ өгснийг идээд зогсохгүй “хаанаасаа идэх юм олоод байгаагаа хэл” хэмээн байнга дарамтлах болов. Арга барсан эмгэн учраа хэлж “Амьжиргааны эх үүсвэр болсон дэлэнд гар хүрэхгүй” байхыг гуйжээ. Гэвч ховдог нь хөдлөлсөн өвгөн эмгэнийхээ аргалд явсан хойгуур дэлэнг хуулж аваад шараад идчихэж...Ингээд, идэхээс өөр идгүй өвгөн, ажилсаг, аргал түүдэг, идэх юм олдог эмгэн хоюул турж үхээд амар сайхан жаргажээ” гэж.
Дууг үнэн болгосон манай засаг, үлгэрийг үнэн болохоос өмнө амжиж өвгөн эмгэн хоёрыг ганц ямаатай нь хамт аврах хэрэгтэй болжээ. Аврахын тулд Оджавт хэрэгтэй байгаа ажил хийж амьдрах сонирхолтой хүнийг төрүүлэх болох нь. Ард түмнийг Оджавтай Оджавгүй, ажил хийсэн ч хийгээгүй ч болоод ирсэн орчлоос ард түмнээ гаргах болно.
Гэтэл зүгээр юм өгч сургаад, бүр байнга нэмж дасгасан атлаа тэрийгээ больчихоор ямар ч хүн, ямар ч ард түмэн уурлана. Ялангуяа юм өгөхөө больсонд гомдсон монгол хүн уурлахаар хувьсгал хийж, тэр байтугаа тусгаар тогтнож, бас тусгаар тогтнолоосоо татгалзаж чадсан жишээ түүхнээ буй.
1911 оны тусгаар тогтнолын нэг том шалтгаан нь ийм юм байсан. Хаант Оросоос тусламж гуйж, бараг л шууд утгаараа Манжийг орлож өгөөч, бидний шинэ эзэрхэн дагуулагч-тэжээгч болооч гэж (Тэнд өгүүлсэн “Их ба бага улсын ёсоор” гэсэн хэллэгт энэ утга бий) гуйсан захианд бичээстэй үлдсэн байгаа, муусайн Манж нар сүүлийн хэдэн жил пүнлүү өгөлгүй бузар муухай гомдоосон тухай. Бас 1919 оны хавьд, Автономи ч гэсэн тогтнолоосоо татгалзах хувилбар болон яригдаж байсан “64 зүйлт” гэх гэрээний төсөлд энэхүү халамжийг хэрхэн сэргээх асуудал гол байр эзэлж байв.
Манж Чин улс Гадаад Монголыг халамжаар тогтоон барьж байсан. Төрийн албан хаагчдын бүхий л цалинг Бээжингээс ирүүлэхээс гадна, алтан ургийнхны нийгмийг халамжийг дааж байлаа. Хамгийн ядарсан хохь тайж л гэхэд жилдээ 100 лан мөнгө бас бус юм авна. (Ланг нь унциас жаахан илүү гэхдээ ойролцоо гээд бирж дээрээс цэвэр мөнгөний үнэ ханшийг харахад баримжаална. Мөнгөний дархчуулаас асуухад: нэг лан мөнгө 99,000 төгрөг орчим байгаа гэнэ. Жаахан цаг гаргаад 100 жилийн өмнөх мөнгө ба долларын харьцааг хараад авч болно)
Дараа нь Зөвлөлт улс хүчирхийлэл халамж хоёрыг хослуулан БНМАУ-г өөртөө барьж байсан. 1980-аад сүүлч хүртэл БНМАУ-ын улсын төсвийн 70 орчим хувь нь Зөвлөлтийн зээл тусламжаас бүрдэж ирсэн. Магадгүй, хоёр гурав дахь, эсвэл хамгийн адагт эрэмблэгдэж болох ч 1990-ээд онд ЗХУ тарж, зөвлөлтийн зээл тусламж зогссон нь Монголчууд ардчилсан, жинхэнэ тусгаар тогтносон улс болох шалтгааны нэг бол байсан л юм.
Харин одоо Монголчууд Засгийн газрынхаа “халамж”-д шилжив. Энэ халамж Манжийн үед хэний ч санаанд ороогүй, Зөвлөлтийн эринд ч мөрөөдөггүй өргөн хүрээнд айл бүрт, хүн бүрт хүрч, бараг л “ажил хийх хэрэггүй юм байна” гэж ойлгох хэмжээнд хүрчээ.Учир нь Манжууд зөвхөн төрийн албан хаагчдийг цалинжуулж, гагцхүү Алтан ургийнханд халамж түгээсэн. Зөвлөлтийн дагуул байх үед “хүн бүр заавал нийгмийн туст хөдөлмөр эрхлэх үүрэг” хүлээж ирсэн.
Одоо энэ халамжийг бууруулахад яах вэ? (Үнэхээр халамж тусламж хэрэгтэй хэсэг нийгэмд бий. Ийм учраас, халамжийг огт байхгүй болгох тухай энд яриагүй. Харин зохистой хэмжээнд аваачих тухай асуудал хөндөгдөж байна. ) Мэдээж, бизнес эрхлэгчид халуунаар хүлээж авна. Хавтгайрсан халамжаас шударгаар чөлөөлөгдсөн мянга мянган хүн хөдөлмөрийн зах зээлд гарна. Тэдний дотроос олон зуун хүн бизнес авъяас, олох бүтээх бүтээх чадварынхаа нөөц бололцоог нээнэ. Ингэхийн цагт эдийн засагт жам ёсны, дахин хэлэхэд жам ёсны сэргэлт ирнэ.
Хүнээс мөнгө царайчлахгүй айлын гэр хүртэл бардам харагддаг шиг, эдийн засгаар бие даасан улс тусгаар тогтнолоо баталж чадна. Монгол хэл ч алга болно гэж айх хэрэггүй болно. Чоорт, хэл хүртэл мөнгөн дээр тогтох ч гэж.
Харин харин... Үнээгээ таргалуулахгүй бол өвлийг давахгүй. Иймд, хоолоо багасга, боломжоороо өөрөө идэх юм ол гэж манай Засгийн газар хэлж чадах уу? Хэлэх төдийгүй хийж зориглох уу?
Ард түмэн өөрийг нь аврах санаачилгыг ойлгож болох ч “ард түмэнч” улстөрч нар энэ завшааныг ашиглан хийх популизмыг яаж давж чадах уу?
Ард түмнийг аврахын тулд л засаг төр байдаг. Гэхдээ манай нөхцөлд халамжид дассан “Ард түмэн”-ийг хөдөлмөрлөн бүтээгч “Ард түмэн” нь ялсан цагт л жинхнээсээ “Ард түмэн ялна”. Хэн үүнийг зориглох вэ?
Халамжийн улсаас бүтээгч улс болох шилжилтийн үед Засаг маш их өвдөнө. Өвдөхгүй гэвэл улс нь “үхнэ”... To be, or not to be!
Зөв явахаас өөр авралгүй, бас зөв явахад амаргүй цөвүүн цаг аа гэж...
Үргэлжлэл бий.
Сэтгэгдэл (0)