К.Стармер, В.Зеленский нар уулзжээ
- 21 цаг 39 мин
- Дэлхий
- 1
ЛОНДОН, 2025 оны гуравдугаар сарын 2 /NHK/. Их Британийн нийслэлд болох Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертай Лондон хотноо уулзжээ.
В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзалт хийсний дараа бямба гарагт Лондонд хүрэлцэн ирсэн юм. Уг уулзалтын үеэр хоёр хоёр удирдагчийн хооронд үүсээд байсан ан цав улам гүнзгийрчээ. Улмаар Украины ашигт малтмалыг АНУ-д нийлүүлэх тухай гэрээнд хоёр тал гарын үсэг зурж чадаагүй байна.
“Яриа хэлэлцээ ширүүхэн өрнөсөн хэдий ч бид стратегийн түншүүд хэвээр байна. Ерөнхийлөгч Трампын дэмжлэгийг авах нь бидний хувьд маш чухал” гэж В.Зеленский бямба гарагт нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. Тэрбээр Д.Трамптай харилцаагаа сайжруулахын тулд хичээх бодолтой байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна.
Харин Их Британийн Ерөнхий сайд К.Стармер Украины удирдагчтай хийсэн яриа хэлэлцээний эхэнд хэлсэн үгэндээ, Их Британи улс Украиныг дэмжиж байгааг онцоллоо. Үүний хариуд В.Зеленский украинчууд Их Британийн дэмжлэгт ихээхэн найдаж байгааг дурдаад, ийм түншүүд, ийм найз нөхөдтэй болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлжээ.
Британийн Засгийн газар Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийг ашиглан Украинд 2.2 тэрбум фунт стерлинг буюу 2.8 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна. В.Зеленский ням гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тэргүүтэй төлөөлөгчид оролцох Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Удирдагчид Украинд үзүүлэх цэргийн тусламжийг хэрхэн нэмэгдүүлэх, Киев, Вашингтоны харилцааг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл (1)
(66.181.190.246)
Европчууд ба Америкчууд хэзээ ч Украинд ба Ойрхи Дорнодод очиж амьдрахгүй. Баруун Европ ба АНУ яг юу хүсээд байгааг нь мэдэхэд хэцүү. Тэд зэвсгийн наймаанаас олсон, "бохир" гадаад хүний гар дамжсан евро ба ам. доллароо голдог шүү дээ.