Эмч ажилчид өвдөж, боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь тулгамдсан асуудал болж байна
- 2021-09-26
- Нийгэм
- 0
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж улаан бүсэд ажиллав. Ковид-19 өвчний тархалт өндөр байгаа энэ үед зэрэгцэн хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн ханиад томуу нэмэгдэж байгаа. Баянзүрх эмнэлгийн амбулаторийн үзлэгээр өдөрт 100-200 хүүхэд үзүүлдэг.
Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн хүүхдийн тасагт 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Баянзүрх эмнэлэг нийт 450 ортой, үүнээс ковидийн 200 ор дэлгэж эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Үлдсэн орон дээрээ үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа юм. Ковид-19 өвчний 200 орон дээрээ байнга дүүргэлттэй ажиллаж байгаа гэнэ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар тус эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг сонсож эмнэлгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
Тус эмнэлгийн хувьд хүний нөөц дутагдалтай байгааг Хүүхдийн тасгийн эрхлэгч Б.Батцэцэг хэлж байлаа. Эмч ажилчид өвдөж, орлон ажиллах боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь хамгийн том тулгамдсан асуудал болж буй талаараа эмнэлгийн удирдлага танилцууллаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)