С.Мөнхчулуун: Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина

Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурханы лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байна.

Үүнтэй холбогдуулан Дундговь болон Өмнөговь аймгийн Засаг дарга нар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг цахимд шилжүүлснийг Боловсролын сайд П.Наранбаяр шүүмжилж, "Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар Боловсролын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхгүй, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан санал хүргүүлэхгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, танхимын бус хэлбэрт шилжүүлж холбогдох хууль тогтоомж зөрчсөн" хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн. 

Тэгвэл Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун энэ шийдвэрийн тухайд "Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас "Ноцтой" гэж санал гаргаад, Онцгой комисс хуралдаж шийдээд, Засаг дарга захирамж гаргасан. Өчигдөр 2 тохиолдол батлагдсан, өнөөдөр 6 тохиолдол, дахиад 8 сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д сорьцыг нь хүргүүлээд байна. Хичээл карентилаагүй, цахимд шилжүүлсэн байгаа. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина" гэж тайлбарлалаа. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)