Нийслэлчүүд амар тайван шинэлжээ

Сар шинийн баярыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд харьцангуй тайван амгалан тэмдэглэн өнгөрүүлснийг мэргэжлийн байгууллагууд онцоллоо. Эрүүл мэндийн салбарт элдэв хүндрэл учраагүй бөгөөд “Ковид-19” цар тахлын халдварын тохиолдол нэгдүгээр сарын эхэн үеэс эрс багассан дүн гарчээ. Нийт шинжилгээний 89-90 хувь нь эерэг гарч байсан бол одоо 37-50 хувь болон буурсан байна. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн хувьд орны хүлээлт нэгдүгээр сарын 27-ны өдрөөс байхгүй болсон гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж онцоллоо.

Дархлаажуулалт үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар:

  • III тунд нийслэлийн нийт хүн амын 33.4 хувь, зорилтот бүлгийн 52.5 хувь
  • IV тунд зорилтот бүлгийн 5.1 хувь нь хамрагдаад байна.

Нийслэлчүүдийн сар шинийн өдрүүдийг ая тухтай тэмдэглэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс  цагдаагийн 13.293 алба хаагч, олон нийтийн 656 цагдаа үүрэг гүйцэтгэж,  29.729 хүн, 25.749 автомашин, 9433 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгасан байна.  Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 73, аврах ажиллагааны зургаан  удаагийн дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэжээ.   Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 285 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 14.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.

2022 он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 306, аврах ажиллагааны 21,  нийт 327 удаагийн дуудлагатай байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.4 хувиар өссөн үзүүлэлт аж.   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)