Галын аюулгүй байдлаа хангаж, угаарын хийн хордлогоос сэргийлэхийг анхааруулав
- 2022-10-04
- Нийгэм
- 0
Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүлж байна. Тус аяны хүрээнд өнөөдөр НОБГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-иас нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо, хохирлыг бууруулах, гал түймэр, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл өгөв.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 1392, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 165, нийт 1562 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 22.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Хүйтний улирал наашилж, галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймэр нэмэгддэг. Нийслэлийн хэмжээнд 220 мянга орчим өрх пийшин зуухны галлагаа хийдэг. Ахуйн гал түймрийн эрсдэлийг бууруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” 45 хоногийн нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Ганцхан хоромд гал бүхнийг авч оддог учир өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй. Мөн ил задгай асгасан үнс нурам болон аюулгүй байдлын шаардлага хангаагүй цахилгаан хэрэгсэл, цахилгаан утаснаас үүдэлтэй ахуйн гал түймрийн дуудлага их байна. Гал түймэр эцэг эхчүүд ажилдаа явсан цагаар буюу өдрийн 11:00, цахилгааны их ачааллын үе буюу оройн 17:00 цаг болон иргэд унтаж амарч байх үед ихэвчлэн гардаг. Мөн цахилгааны хэт ачааллыг ихэсгэж, нэг залгуураас олон цахилгаан хэрэгсэл залгах шалтгаанаас үүдэлтэй гал гарах нь их байна. Монгол гэр өвлийн улиралд 3-5 минутад шатдаг. Яндан төмөр хамгаалалттай байх ёстой. Пийшин зуухны галлагаатай холбоотой яндангийн хамгаалалт хийгээгүйгээс болж халалт үүсэж, гал маш хурдан тардаг. Сүүлийн өдрүүдэд үүнтэй холбоотой дуудлага эрс нэмэгдэж байна. Иймд гэр, орон сууцны галын аюулгүй байдлыг хангаж, гал түймрийн аюул, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна” гэлээ.
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө. Тэрбээр:
-Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын дуудлага өсөх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын 12 хүн угаарын хийн хордлогод өртсөн. Угаартсан айлуудад шалгалт хийхэд яндан хөөлөөгүй, битүүмжлэл алдсан, стандартын бус зууханд гал галлаж байна. Бороо, цас орсон өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээснээс болж угаартах эрсдэл бий болдог. Иргэд угаарын хийн хордлогод өртөхгүй байх бүрэн боломжтой. Нэн тэргүүнд зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайтар шалгаж, яндангаа хөөлөх, яндангийн залгаа, хэмжээг сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулах хэрэгтэй. Манай Хэрэглэгчдэд үйлчлэх төв айлуудад ялгарч байгаа угаарын хийн мэдээллийг хянаж эхэлснээс хойш угаарын дуудлага 90 орчим хувь буурсан. Хяналтын дэлгэцэд хоногт 20-30 дуудлага ирж байна. Тухайн иргэний амь нас, эрүүл мэндэд ямар нэг байдлаар нөлөөлөхөөс өмнө урьдчилан сэргийлж байгаа учир өнгөрсөн жилийн угаарын хийн хордлогод өртөгсдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгаа. Галлагааны улиралд иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайжруулж, угаарын хийн мэдрэгчээ ажиллуулахыг уриалж байна гэв.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэл (0)