Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлууд эргээд гал түлэхээс аргагүй болж байна

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Энхцэцэгийнх цахилгаанаар халаалтаа шийдсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард цахилгааны төлбөр нь 297 мянган төгрөг гарсан бол энэ сарын төлбөр нь 1.2 сая төгрөг буюу дөрөв дахин их төлбөр гарчээ. Тэрээр “Манайх энэ жилээс цахилгаанаар халаалтаа шийдсэн. Хоёр сар дарааллан 297 мянган төгрөгний төлбөр гарсан. Гэтэл нэгдүгээр сард төлбөр дөрөв дахин нэмэгдэж гарсан.

 

Холбогдох газар руу нь залгаж, төлбөрийн мэдээллээ шалгуулахаар “Таны мэдээллийг шалгаад эргээд холбогдоё” гэдэг. Эргээд холбогддоггүй. Төлбөр яагаад ингэж нэмэгдсэн талаар хаана хандаж, хэнээс асуухаа мэдэхгүй байна. Хэрэглээгээ аль болох танаад, хэрэгцээгүй цахилгаан хэрэгслээ унтраагаад ч нэмэргүй байна.

 

Ингэлээ гээд бага гарах нь битгий хэл эсрэгээрээ нэмэгдчихсэн. Бид авсан цалингаа цахилгааны төлбөртөө өгөөд л дуусах юм. Энэ байдлаараа байвал буцаад зуухаа оруулахаас өөр аргагүй байна. Мөн 2024 оны нэгдүгээр сард цахилгааны төлбөрөө төлөөд бүх юмаа салгуулаад хөдөө явахад гурван сарын төлбөр нь 330-660 мянган төгрөг гарсан байсан. Хэрэглээгүй байхад төлбөр ингэж гардаг юм чинь одоо аргагүй биз дээ. Бид үнэхээр л хүлцэнгүй, тэвчээртэй улс юм” гэсэн юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас айл өрхүүдийн цахилгааны үнийг хэд хэдэн аргачлалаар нэмэхээр болсон. Хэрэглээнээс хамаарч шаталсан байдлаар нэмэхээр төлөвлөсөн. Тэгвэл 0-150 кВт цаг хүртэлх цахилгааныг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт.ц 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгосон. Энэ нь ахуйн хэрэглээний үнэд 1квт цаг тутамд 35-131 төгрөг нэмэгдсэн гэсэн үг. Ингэхдээ гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээнэ хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч бодит байдал дээр үнийн өсөлт иргэдийн амьдралд дарамт учруулж, гэр хорооллын иргэд цахилгааны төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрээд байна.

 

Тодруулбал, цахилгаанаар халаалтаа шийдсэн айл өрхийн цахилгааны төлбөр өмнөх сарынхаасаа 1-2 дахин өндөр гарч, тэд цахилгааны төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байгаа нь энэ юм.

 

Иргэн Э.Мөнх-Энэрэлийнх Налайх дүүрэгт амьдардаг. Цахилгааны төлбөр нь өнгөрсөн арваннэгдүгээр сард 147 мянган төгрөг гарч байсан бол дараа сард нь 489 орчим мянган төгрөг болон нэмэгджээ. Харин энэ сарын цахилгааны төлбөр 792 мянган төгрөг гарчээ. Эндээс харвал цахилгааны төлбөр сар бүр харилцан адилгүй, тодорхойгүй байдлаар хэд дахин нэмэгдэж байна. Энэ талаар тэрээр “Хэрэглээгээ танаж, сүүлийн сард шөнөдөө паараа унтрааж байсан. Гэвч цахилгааны төлбөр өмнөх сараас хэд дахин нэмэгдсэн байхыг хараад яах учраа олохоо байлаа. Налайхын эрчим хүчнээс энэ талаар асуухад цаанаасаа 50 орчим хувь нэмэгдсэн. Бид мэдэхгүй, дээшээ ханд гэсэн хариулт өгч байгаа юм. Мөн дараа сараас дахин нэмэгдэж магадгүй.

 

Өвөл дуустал иймэрхүү нэмэгдэлтэй байна гэсэн. Тог, цахилгааны төлбөр бидэнд үнэхээр их дарамт болж байна. Хэрэглээгээ аль болох танасаар байхад яагаад ийм өндөр төлбөр гарч байгааг огт ойлгохгүй байна. Үнэхээр яахаа мэдэхээ байлаа” гэв.

 

Орой болгон оргил ачааллын үеэр тасарч байгаа цахилгааны үнэ хоёр дахин нэмэгдэж гарах болсон шалтгааныг ойлгохгүй байгаагаа иргэд хэлж байлаа. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Бат-Эрдэнэ “Өмнөх сард цахилгааны төлбөр 440 мянга гарсан. Гэтэл энэ сард бүр хэд дахин нэмэгдэж 1.035.000 төгрөг гарсан. Арай л хэтэрхий нэмэгдчихсэн. Сар бүр нэмэгдэж, ийм өндөр төлбөр төлж амьдрах хэцүү байна. Сүүлдээ бүр туйлдаж, цөхрөхөд хүрлээ. Халаалтаар цахилгаанаа шийдээд амьдрах гэхээр цахилгааны үнэ нь дийлдэхгүй. Яг яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй юм. Эсвэл өвөл болохоор байр түрээслэж амьдрах ёстой юм болов уу. Тэгвэл ядаж тог орой бүр тасрахгүй бас цахилгааны үнэ бага гарах боломжтой юм шиг байна. Энэ үнийн өсөлт ганц надад ч бус нийгмийн бүх хэсэгт л хүндээр нөлөөлж байгаа” хэмээлээ.

Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүд адил хэмжээний цахилгаан зарцуулалттай байгаа хэдий ч үнийн зөрүү ихээр ажиглагдаж байгаа юм. Жишээлбэл, Иргэн П-ийн цахилгаан зарцуулалт найман кВт хүрч 700 мянган төгрөг болжээ. Харин иргэн Д-ийнх мөн адил найман кВт-ийг зарцуулсан ч 980 мянган төгрөг төлсөн байна. Мөн иргэн З-ийн тогны хэрэглээ мөн найман кВт-д хүрсэн атал төлбөр нь 437 мянга гарчээ. Харин 12 кВт цахилгааны төлбөр 1.1 сая төгрөг болсон бол 18кВт 1.3 сая гэх зэргээр харилцан адилгүй, өндөр дүнтэй төлбөр гарсан нь харагдаж байна. Тог, цахилгааны үнийн өсөлт иргэдийн нуруунд хүнд ачаа болж, тэд яахаа мэдэхгүй цухалдаж сууна.

 

Орон сууцны цахилгааны төлбөр 50-70 мянган төгрөг гарч байна

 

Орон сууцанд амьдарч буй айлуудын цахилгааны төлбөр 15-30 орчим хувиар нэмэгджээ. Тодруулбал, 0-150 кВт цаг хүртэлх цахилгааны төлбөр 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт.ц 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгосон. Тэгвэл орон сууцны айл, өрхүүдийн цахилгааны төлбөрт энэ нэмэгдэл хэрхэн нөлөөлж, хэдэн төгрөг төлж байгааг тодруулахад, Хан-Уул дүүргийн иргэн Б.Солонго “Цахилгааны төлбөрт өнгөрсөн арваннэгдүгээр сард 44мянга, арванхоёрдугаар сард 52 мянган төгрөг төлсөн. Харин энэ сарын төлбөр 70 мянган төгрөг гарчээ. Хэрэглээний хувьд хэвийн байгаа хэдий ч сар бүр бага зэрэг нэмэгдэж байна” гэсэн юм.

 

Харин БЗД-ийн оршин суугч П.Пүрэвханд “Манай цахилгааны төлбөр өнгөрсөн арванхоёрдугаар сард 46 мянган төгрөг байсан. Харин энэ сард нэмэгдэж 67 мянга болсон. Ажлын өдрүүдэд өдөртөө гэрт хүн байдаггүй. Цахилгаан ашиглалт ч бага байдаг. Хөлдөөгч, хөргөгч л байнга залгаатай байдаг” гэлээ.

 

Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд гэрээт хэрэглэгчдэдээ ЭХЗХ-оос тогтоосон үнэ тарифаар цахилгаан борлуулах үүрэг хүлээдэг. Иргэдийн цахилгаан хэрэглээнээс хамаарч төлбөр янз бүр гарах нь мэдээж. Гэвч өнгөрсөн сараас хэд дахин өндөр төлбөр гарч буй нь иргэдэд ойлгомжгүй асуулт хэвээр байгаа юм. Энэ талаар цахилгаанаар халаалтаа шийдсэн гэр хорооллын хоёр өрхийн цахилгааны кВт-аар тооцоолол хийлгэн шалгуулахаар УБЦТС-д хандсан юм. Дээрх асуудлаар УБЦТС-ын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Цэнгэлмаа хэлэхдээ “7098664 кодтой Налайх дүүргийн хэрэглэгчийн хувьд 2023 оны арванхоёрдугаар сард 2876 кВт. цахилгаан хэрэглэж байсан бол 2024 оны арванхоёрдугаар сард 2676 кВт.ц хэрэглэсэн байна.

 

Харин өмнө оны нэгдүгээр сард 3054 кВт, энэ сард 4024 кВт.ц хэрэглэжээ. Тус дүүргийн хэрэглэгчийн хувьд цахилгааны хэрэглээ нь жигд. Өөрөөр хэлбэл, энэ оны нэгдүгээр сарын хэрэглээ нь өмнөх оны мөн үеэс 970 кВт-аар өссөн байна.

 

Харин 6009253 кодтой Чингэлтэй дүүргийн хэрэглэгчийн хувьд 2023 оны арванхоёрдугаар сард 206 кВт.ц хэрэглэж байсан бол 2024 оны арванхоёрдугаар сард 1654 кВт.ц хэрэглэсэн байна. 2024 оны нэгдүгээр сард 297,20 кВт.ц, энэ оны нэгдүгээр сард 2355,20 кВт.ц хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл энэ оны нэг сарын хэрэглээ нь өмнөх оны мөн үеэс 2058 кВт.ц-аар нэмэгдсэн байна. Энэ өрхийн цахилгаан хэрэглээ маш өндрөөр өссөн үзүүлэлттэй байсан тул юунаас болж өссөн төлвийг тогтоохоор гэрт нь очсон юм. Гэтэл нэг хашаанд хоёр айл амьдарч байсан бөгөөд нэгнээсээ тогоо дамжуулаад авчихсан байсан. Тэгэхээр нэг тоолуур дээр хоёр хэрэглэгч байна гэсэн үг. Мөн тухайн айл нам даралтын зургаан кВт-ын тенн хэрэглэж байсан. Цахилгаанаар халаалтаа шийдсэн айл байсан учраас төлбөр, хэрэглээ өсч гарна. Дээрээс нь хоёр айл хамт хэрэглэж байна. Мөн дээрх айлууд шөнийн тарифын хөнгөлөлт эдэлсэн байна.

 

Шөнийн тарифын тухайд 220В-ын хэрэглэгч бол тухайн сардаа шөнө хэрэглэсэн нийт хэрэглээний 700 кВт.ц хүртэлхийг 100 хувь, харин 380В-д холбогдсон хэрэглэгч бол тухайн сардаа шөнө хэрэглэсэн нийт хэрэглээний 1500 кВт.ц хүртэлхийг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь хөнгөлж байгаа” гэлээ.

 

Уг нь эрчим хүчний үнэд өөрчлөлт оруулснаар салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдэнэ гэж үзэж байсан.Цаашид хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар танилцуулахдаа “Агаар орчны бохирдлыг бууруулах тусгай дэглэм бүхий ногоон бүсийг байгуулж, 50 мянган айлыг оруулахаар төлөвлөсөн. Ингэхдээ орон сууцны хорооллуудтай зэрэгцэн оршдог гэр хорооллын айлуудыг уг бүсэд оруулна” хэмээсэн юм. Энэ нь агаарын бохирдлыг бууруулж, яндангаас татгалзах нэг хэлбэр мөн ч бодит байдал дээрээ гэр хорооллын иргэд цахилгааны төлбөрөө төлж дийлэхгүйд хүрч байна. Тиймээс үнэхээр утааг бууруулахаар зорьж байгаа бол халаалтаар дулаанаа шийдсэн айлуудыг дэмжих хэрэгтэй байна.

 

 

Ч.БЯМБАХАЖИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)