Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ЭМДЕГ-ын даргаар томилогджээ

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг даргаар томиллоо. Гэвч С.Энхболд нь өнгөрөгч оны аравдугаар сард авлигын хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа нь зарим гишүүдийн шүүмжлэлийг дагуулж байна. 

 

 

Түүний холбогдсон хэргийг эргэн сануулахад, С.Энхболдод нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж, нарийвчлан шалгах саналыг 2024 оны аравдугаар сард  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорт хүргүүлжээ. Улмаар тухайн саналыг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татах тогтоол баталсан.

Түүнийг “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтарч завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган шалгаж буй юм.

Монгол Улсын Засгийн газар 2015 онд “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банктай хэлэлцээр хийж, эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Тус банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй эл төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй. Олон улсын аудитын байгууллагууд “хангалтгүй” гэж үнэлсэнтэй холбоотойгоор тус банк төслийг зогсоож, манай Засгийн газраас нийт 1.7 сая ам.доллар нэхэмжилсэн юм.

Тиймээс Засгийн газраас 2023 оны гуравдугаар сард “Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, БНСУ-ын “Taihan Cable & Solution” компаниас дээрх төлбөрийг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгасан. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, түүний садан төрлийн хүн гэгдэх Б.Эсболд болон “Аксиссистемс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх нарыг мөрдөн шалгаж эхэлсэн.

Энэ хүрээнд АТГ-ын Гүйцэтгэх ажлын болон Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд Дэлхийн банктай мэдээлэл солилцож, төслийн гүйцэтгэгч, БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлж, “Цахим эрүүл мэнд” төслийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгаран, хөрөнгийг нь үр дүнгүй захиран зарцуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)