126:1 буюу Увсынхны угжны хурга
- 4 цаг 23 мин
- Улс төр
- 0
"Өглөөний сонин" УИХ-ын 126 гишүүний намтар түүхийг хар, цагаантай нь илэн далангүй, А-Я хүртэл Цагаан толгойн үсгийн дарааллаар бичихээр “126:1” булан нээж байна.
Энэ удаад Цагаан толгойн үсгийн эрэмбээр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхланг онцоллоо.
Өнөөдөр Ж.Алдаржавхланг “УИХ-ын гишүүн асан, Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы цүнх баригчаар улс төрд хөл тавьж, өөдөлж дээшилсэн. Нийслэлд данстай ч Увсын улстөрчдөөс дэмжлэгтэй, тэдний угжны хурга” гэвэл өөдөөс салаавч өгөхдөө тулчихсан байх. Яагаад гэвэл тэр өдгөө хэтэрхий өндөр авч, ямар замаар явж ирснээ ор тас мартчихсан яваа болов уу. Увсын улстөрчдөөс дэмжлэг авдаг нь цаанаа учиртай. Түүний эцэг нь Увс аймгийн Түргэн сумын уугуул, Н.Баяртсайхантай нэг сумынх, садан төрлийн холбоотой шахуу юм билээ. Эцэг нь социалист нийгмийн үед Нийгмээс аюулаас хамгаалах яамны “Ногоон малгайт”-нуудын нэг, офицер хүн байсан.
“Ногоон малгайт” гэснээс түүний ээж нь Дорноговь аймгийн уугуул, ээжийнх нь аав, түүний өвөө нь их хэлмэгдүүлэлтийн үед аймгийн Нийгмийг аюулаас хамгаалахад ажиллаж, олон гэмгүй хүнийг эрх мэдэлтний өмнө сөхрүүлж явсан тухай нутгийн өвгөд хирдхийн хуучилдаг байв. Өдгөө хууч дэлгэж байсан өвгөд тэнгэрт гарчихсан ч уламжлан мэдэх хүн олон бий. Үүнийг дурдахын шалтгаан нь Ж.Алдаржавхлан нь хоёр талаасаа “Ногоон малгайт”-ны угшилтай сүрхий эр хэмээн магтах гэсэн хэрэг. Энэ ч утгаараа удам татаж, анхнаасаа МАН-ыг бараадсан байх. Яс маханд байгаа зүйлийг яах ч аргагүй.
Түүний намтрыг сөхвөл 2001 оноос УИХ-ын Тамгын газарт референт, УИХ-ын Төсвийн байнгын хорооны зохион байгуулагч гэж дурдсан байдаг. Энэ нь ташаарсан мэдээлэл хэдий ч тэр яах аргагүй Н.Баяртсайханыг Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад туслах нь байсан. Одоо л туслах нэрээсээ ичээд байгаа болохоос биш яах аргагүй л туслахаар их улс төрд хөл тавьсан хүн. Яаж ч бодсон тухайн үеийн акулууд дөнгөж хувийн сургууль төгссөн санхүүч бандийг туслахаас дээш суулгав гэж. Уг нь туслах гэдэг алба ичих зүйл биш л дээ.
Харин Н.Баяртсайхан ах нь Сангийн сайд болж, 2006-2008 онд Сангийн яаманд Зөвлөхийн алба хашсан гэх намтар байдаг ч үнэндээ туслах хэвээрээ л байсан болов уу. Яахав, зөвлөх нэртэй туслах л байхгүй юу. Харин Н.Баяртсайхан 2008 онд “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийг байгуулж, туслахаа корпорацийн Гүйцэтгэх захирлаар томилсноос харахад тэр маш сайн туслах байсан нь харагдана. Ингэж л улс төрд орж ирсэн намтартай ч сүүлдээ зарим нэршлээсээ ичих болсон нь хэтэрхий томорсныг харуулна. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” ч гэдэг дээ. Тэр л болж.
Хан-Уул дүүрэгт тэр ихээхэн хүчээ авч байсны цаана нь увсынхан л байсан. Ц.Нямдоржийг 2016 онд Хан-Уулаас нэр дэвшиж байхад бүхий л чадлаараа гүйсэн ганц хүн нь Ж.Алдаржавхлан. Н.Баяртсайханыг ч Увсынхан зүтгүүлж байгаад Монгол банкны Ерөнхийлөгчөөр томилуулчихсон. Тухайн үед Увсынхны томилгоог Ц.Нямдорж хийж байсан гэхэд хэтийдэхгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилуулж байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газарт Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар хэн ч мэдэхгүй Н.Цэрэнбатыг томилуулж, өөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар жаалж байсан цагт Ж.Алдаржавхлан ч дагаад хүчээ авсныг хүмүүс тэр бүрий анзаардаггүй бололтой. Иймээс л тэр Увсынхны дэмжлэгээр 2016 оны Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, НИТХ-ын төлөөлөгч, улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргаар морилсон. Манайхны ярьдгаар бол “Увсынхны угжны хурга” юм. Тэгээд ч ерээд оноос эхлэн үе үеийн сонгуулиар увсчууд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж байсан түүхтэй. Энэ нь өдгөө Ж.Алдаржавхлангаар үргэлжилж байна. Гэхдээ л найман жил засагласан дүүргээсээ арай л гэж гурваар буюу 40 мянган хүний саналаар гарч ирсэн гэхээр ирээдүйд байр сууриа бэхжүүлэх ажил ихээхэн бий. Карьер нь дууссан гээд угжуулж байсан увсчуудаа хаячихаж болохгүй.
Үйлдвэрийн яндан анх удаа дуугаргасан, бас чиг нийгмийн элит хэсэг нь аж төрдөг гэх дүүргээс хоёр удаа төлөөлөгчөөр сонгогдон, Засаг даргаар улирч, улмаар УИХ-д ирнэ гэдэг амаргүй. Тэгэхээр Ж.Алдаржавхлан тус дүүрэгт өөрийн гэсэн имижээ бага ч атугай бүрдүүлж чадсан нь харагдана. Лавтай 2016 онд Хан-Уул дүүрэгт УИХ-д нэр дэвшсэн нөхрийнхөө эсрэг ажиллаж байсан гэх хардлага байдгаас харвал аргагүй л “Увсынхны угжны хурга”, тэднээс дэмжлэгтэй нөхөр гэдэг нь харагдана. Улс төр талаасаа бол тэр ийм л замаар явж ирсэн намтартай улстөрч.
Харин Хөрөнгө орлогын мэдүүлэг сөхөхөөр өөрийн болон гэр бүлийн хамт ямар нэгэн компани эзэмшдэггүй, ерөөсөө 356 сая төгрөгийн хөрөнгөтэй хэмээн мэдүүлсэн нь ангидаа дороосоо айргийн тавд арай гэж багтаж байгаа туйлын ядуу гишүүн. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн нийт орлого 86 сая, үл хөдлөх хөрөнгө 185 сая, 29 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй, малгүй, үнэт эдлэл байхгүй, хадгаламжиндаа 56 сая төгрөгтэй, авлага, зээл байхгүй хэмээн мэдүүлсэн нь үнэнээс хэтэрхий хол зөрүүтэй. Зэрэг зиндаанд нь дүйцүүлж харвал унах унаа ч үгүй, явган тайж. Үүнийг харсан хэн ч гайхах байх. Яагаад гэхээр хэдэн зуун саяар тоологдох зардал шаарддаг НИТХ-д хоёр удаа ялалт байгуулж, хоёр удаа Засаг даргаар сонгогдон ажилласан хүн. Ийм тэнэг мулгуу зүйл мэдүүлэх гэж байхгүй л дээ. Тэр тусмаа тэрбум тэрбум төгрөгийн зардал шаардагдах УИХ-ын сонгуульд хоёр удаа өрсөлдөж, ялалт ялагдал хоёуланг нь үзсэн нөхөр шүү дээ. Энэ их мөнгийг ийм ядуу хүн хаанаас гаргаад байгаа нь хэнд ч сонин санагдана. Хөдөөд нэг ийм ядуу царайлсан “Нүцгэн баячууд” данс тооцооноос зугтаалган, айл айлд малаа тараан тавьчихаад явган шахуу таваргаж байдаг даа. Тэдний нэг байж болох юм.
Том дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан хүн данс тооцоонд оруулалгүй авлига аваад байна уу гэх хардлага ч бий. Тэр тусмаа Хан-Уул дүүрэгт газрын үнэ тэнгэрт гарсан. Нийслэлийн газрын наймаа тус дүүрэгт л өрнөж байдаг, маш их хэмжээний мөнгө эргэлддэг. Хан-Уул дүүрэг, Яармаг, Нисэх тийш нийслэлийн хамгийн үнэтэй орон сууцны хороолол болон хаус хороолол сүндэрлэдэг. Одоо бол бетонон ширэнгэ болсон, тэндээс хотын төв орох гэж хэдэн цагаар түгжирдэг гэх мэт олон хардлага “Нүцгэн баян”-ыг ээрч таарна. Гэхдээ би бол тийм ч хараар харахгүйг хичээлээ. Яагаад гэхээр түүний төрсөн ах, эгч хоёр нь тоолж барамгүй олон компанитай бөгөөд гайгүй ч ашиг орлогтой ажилладаг бололтой. Тэгэхээр ах эгч хоёроороо дэмжүүлдэг байж яагаад болохгүй гэж гэж бодож байна. Гэвч Удирдлагын академийн дэргэд газрыг чөлөөлсөн хэмээн мэдээлэл хийсний дараа өнөөх газар дээр нь барилга сүндэрлэж л байсан. Өөр бусад газартай холбоотой асуудал түүнд байгаа гэдэг ч энд ямар нэгэн баримт байхгүй учраас хойш тавилаа.
Түүний ах Ж.Баяржавхланг улс төрийн хүрээнд таних нэг нь таних байх. Тэр 2020, 2024 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөөд унаж байв. Гэхдээ Ж.Баяржавхлан 2020 онд МАН-аас биш АН-аас нэр дэвшсэн бол 2024 онд ИЗНН-аас нэр дэвшихээр байсан ч АН-ын гишүүнчлэлтэй тул хасагдаж, АН-аас нэр дэвшсэн байдаг. Ямартай ч дүүгийнхээ намаас нэр дэвшихгүй, хоёр өөр намаас нэр дэвших нь зөв гэж үзсэн нь бас л нэг алсын хараа байх.
Түүний хувьд чамгүй орлоготой “Пауэр бласт” компани эзэмшдэг. Тус компани нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын “Өсөх зоос” компанийн Хүрэн шандын нүүрсний уурхай түшиглэсэн тэсрэх бодисын үйлдвэртэй гэдэг. Үүнээс гадна төрийн өмчит “Шивээ-Овоо”, “Багануур”, “Тавантолгой”, “Эрдэнэс силвер ресурс”, “Цемент шохой” компаниудын тэсэлгээний ажлыг хариуцаж ирсэн гэхээр аргагүй орлоготой компанитай гэсэн үг. Таамаглахад Ж.Алдаржавхлан ахынхаа энэхүү бизнесийг улс төр талаас нь дэмжиж, сонгуулийнхаа мөнгөнд санаа зовдоггүй, “Нүцгэн баян” царайлж явахыг үгүйсгэхгүй. Ах дүү нар нэгнээ дэмжихээс ч яахав. Тэр тусмаа манай бизнесийн орчин бол улс төрийн дэмжлэггүй бол хаашаа ч явахгүй системтэй.
Үүнээс гадна тэрээр “Тауэр пропертис”, “Пауэр автоматив”, “Пауэр бласт”, “Эксплозивс эксперт”, “Бэст минералс”, “Ихэр наяд”, “Наяд”, “Мэжик бласт”, “Тайгын цамхаг”, “Гинжит дуулга” гэх мэт арав гаруй компани эзэмшдэг. Бодоход энэ бүгд нь зүгээр нэг татвар төлөөд зогсож байдаггүй. Тодорхой хэмжээнд ашигтай ажилладаг байлгүй.
Нөгөө талаас төрсөн эгч Ж.Оюун-Эрдэнэ нь “Эвсэг майнинг”, “Хон Фэн Да интернэйшнл”, “Эвсэг инженеринг”, “Өгөөмөр зам”, “Тэнгэрлэг-орчлон”, “Баян сэжүүр транспорт”, “Эвсэг монгол групп”, “Эвсэг монгол”, “Зэв гранд”, “Эвсэг импекс”, “Эвсэг проперти”, “Фүүд хаус” гэх мэт арав гаруй компани эзэмшдэг. Хамгийн гол нь ах эгч хоёрынх нь компаниуд байнга тендерт оролцдог, уул уурхай, зам дагасан гээд давуу талууд байгааг хэвлэлүүд нэгэн үе онцолж байсан санагдана. Ийм нүнжигтэй ах эгч нартай хүн “Нүцгэн баян” царайлахаас яахав.
Боловсролын хувьд ч чамлахаар чанга атга гэдэг шиг 1995 онд нийслэлийн арван жилийн 50-р сургууль, 1998 онд Австрали, Сиднейд Англи хэлний институт, 2000 онд Монголын бизнесийн дээд сургуулийг Санхүүч мэргэжлээр, 2005 онд МУИС-ийн Санхүү, эдийн засгийн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Түүний хувьд тийм ч бодлого зангидах хэмжээний суурьтай хүн биш л болов уу. Мэдээж хэрэг дүүрэг удирдаж байсан, НИТХ-д төлөөлөгч байсан гээд туршлага байхаас яахав. Гэхдээ “Увсынхны угжны хурга” болоогүй бол гайгүй сайн наймаачин байх байв. Тэр тусмаа тулга тойрсон наймаанд гаршсан, чамгүй орлоготой нэгэн байх нь илт. Одоо бол “Увсынхны угжны хурга” “Эврээ ургахаар эхийгээ мөргөх”-ийн үлгэрээр туслах нэрнээсээ ичиж, нэгэнт карьергүй болсон Увсынхнаасаа дөлөх болсон гэх барин тавин мэдээллийг баталж чадахгүй ч гадарлаж л байна.
Сэтгэгдэл (0)