“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ
- Өчигдөр 13 цаг 03 мин
- Улс төр
- 0
“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Уулзалт нь Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг, хариуцлага, ажлын уялдаа, холбоог сайжруулах зорилготой юм.
Уулзалтаар үндэсний хөдөлгөөний санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, ноос, ноолуур, арьс, ширний салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж буй асуудал зэргийн талаар хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, төрийн албан хаагчид аа,
Эрхэм нөхөд өө.
“Цагаан алт” болсон мал аж ахуй гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, тэдгээрийг дэмжин ажиллаж буй банк, санхүүгийн салбар болон төрийн байгууллагуудын төлөөлөл Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Аливаа улс орны хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдал, ард түмний ахуй амьдралд малын ашиг шим, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Ялангуяа, олон мянган жилийн туршид монголчууд бид буянт мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг боловсруулж, ард иргэдийнхээ аж амьдралыг тэтгэж ирсэн баялаг түүхтэй ард түмэн.
Тухайлбал, өнгөрсөн зууны 1960-1990 онд малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, түүхий эдийн боловсруулалт, үр ашиг, чанар сайжирч, мэргэжлийн боловсон хүчнээ эх орондоо бүрэн бэлтгэж байсан.
Үр дүнд нь 1980-аад оны сүүл гэхэд мал аж ахуйн салбарын хөнгөн үйлдвэрлэл нийт аж үйлдвэрийн салбарын 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлж, 40 орчим мянган хүнийг ажлын байраар хангадаг эдийн засгийн тэргүүлэх салбар байлаа.
Харин 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүнд цаг үед аж үйлдвэрийн салбар, тэр дундаа мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбар ихээхэн бэрхшээл, сорилттой тулгарсан.
Гэхдээ 2000 оноос хойш ноос, ноолуур, арьс, шир, оёдол, тавилга, хэвлэл зэрэг цөөнгүй салбарт тодорхой сэргэлт ажиглагдсан.
Сүүлийн 30 гаруй жил мал аж ахуйн үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж байгаа ч ноос, ноолуур, арьс, шир зэрэг “Цагаан алт”-аа бүрэн дүүрэн боловсруулж чадахгүй байна.
Ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүний экспорт гэхэд л 2024 оны байдлаар нийт экспортын гурав хүрэхгүй хувийг бүрдүүлж байна.
Бид жилдээ ноос, ноолууран хувцас, арьс, шир, гутал, савхин эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг 190 орчим сая ам.доллараар гадаадаас худалдан авч байгаа.
Энэ бол чаддаг байсан зүйлээ чадахгүй болсны тод илрэл юм. Үүнд л бид анхаарлаа хандуулж, алдаагаа засах учиртай. Чаддаг байсан зүйлээ сэргээн хөгжүүлэхийн төлөө Та бид хамтран ажиллах ёстой.
Түүнчлэн цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, дайн тулаан, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг олон асуудал улс орон бүрийг дотоодын үйлдвэрлэлдээ онцгой анхаарахыг сануулсаар байна.
Тийм ч учраас хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, орон даяар өрнүүлж байгаа билээ.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 2.5 жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд 220 тэрбум төгрөгийн импортын тоног төхөөрөмжид гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж, 1.3 орчим их наяд төгрөгийн бага хүүтэй, урт хугацаатай зээлийг хүнсний салбарын иргэд, хоршоо, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд олгожээ.
Энэ бол хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хийгдээгүй төсөв, санхүүгийн бодит дэмжлэг юм.
Үр дүнд нь 39 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 350 гаруй шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинээр 1,500 орчим ажлын байр бий болжээ.
Эдгээр эерэг, нааштай үр дүн нь төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн бодлого, зорилт нэг байж, харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадвал тодорхой үр дүнд хүрч болдогийн бодит жишээ гэж үзэж байна.
Харин одоо монголчууд бид 60 гаруй сая буянт мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг бүрэн боловсруулж, ашигладаг болох ёстой.
Ганцхан жишээ дурдахад бид жилдээ 30 мянган тн хонины ноос бэлтгэх боломжтой ч үүний 70 гаруй хувийг нь нэмүү өртөг шингээлгүй, зөвхөн угаагаад гадагшаа гаргаж байна.
Хэрэв дотооддоо бүрэн боловсруулж чадвал энэ салбарын орлого 2-3 дахин нэмэгдэж, ард иргэд, малчдын орлого, амьжиргаа сайжрах боломжтойг олон судалгаа харуулдаг.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт жил ирэх тусам эрчимжиж, ган зудын давтамж нэмэгдэж байгаа нь бидний амьдралд хүндээр тусах боллоо.
Өнгөрсөн хаврын зуд турханаас шалтгаалж нийт мал сүргийн 15 орчим хувь буюу 9.4 сая мал хорогдож, төр, засаг, түмэн олон тэр дундаа орон нутгийн иргэд, малчид томоохон хохирол амслаа.
Цаашдаа тэнгэр хангай хэзээ муудах бол, хэзээ ахиж зуд болж хэдэн малаа алдах бол гэж айж, сэтгэл зовнин суусаар байх уу?
Үүнийг шийдэх үндсэн арга бол үйлдвэрлэлээ хөгжүүлж, малын гаралтай түүхий эдээ бүрэн боловсруулж, ашиг шимийг нь бүрэн гүйцэд авч, ард иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах явдал юм.
Тиймээс малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, үйлдвэрлэл, экспортыг эрс нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, УИХ-аас 63 дугаар тогтоол баталж, бодитоор хэрэгжүүлж эхэлж байна.
Үндэсний хөдөлгөөний зорилго бол ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд 2 дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8,000 гаруй шинэ ажлын байр бий болгох юм.
Энэ зорилгод хүрэхийн тулд ноос, ноолуур, арьс ширний салбарын аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд нийтдээ 2.2 орчим их наяд төгрөгийн өртөгтэй татвар, гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлт, бага хүүтэй, урт хугацаатай санжүүжилт гээд нийт 27 арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-ын тогтоолд тусгаж, төрийн 12 байгууллага хамтран ажиллахаар болсон.
Энэ бол мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй төрийн дэмжлэг гэж ойлгож болно.
Зөвхөн 2025 онд гэхэд л 800 орчим тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор төлөвлөж, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд зориулан 66 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан.
Өнгөрсөн нэг сар хүрэхгүй хугацаанд 90 гаруй тэрбум төгрөгийн зээлийг ноос, ноолуур, арьс, ширний зургаан аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд олгохоор шийдвэрлэсэн байна.
Энэ ташрамд үйлдвэрлэгч улс орон болох их үйлсийг дэмжин ажиллаж байгаа банк, санхүүгийн салбар, хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье.
“Цагаан алт” хөдөлгөөн амжилттай хэрэгжих эсэх нь дан ганц салбарын яамны биш, төрийн бүх байгууллагын ажлын уялдаа холбоо, үүрэг, хариуцлага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Мөн уг хөдөлгөөнийг үр дүнтэй, шинжлэх ухаанч байдлаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид, эрдэмтэн судлаачид маань санаачилга гарган “Цагаан алт” төрийн бус байгуулага болон “Эрдэмтдийн зөвлөл” байгуулан ажиллаж байгааг хэлэхэд таатай байна.
Та бүхэнд талархал илэрхийлж, “Цагаан алт” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд мэдлэг, туршлагаа дайчлан үр дүн гарган ажиллахыг хүсье.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон төрийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд ноос, ноолуур, арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдэх, гарц гаргалгааг хамтдаа тодорхойлох зорилгоор өнгөрсөн хугацаанд есөн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллалаа.
Үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид маань дэд бүтцээ сайжруулах, хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх, техник, технологийн шинэчлэл хийх, үйлдвэр үйлчилгээ, лабораториудын хүчин чадлыг сайжруулах, борлуулалт, экспортын зах зээлийг тэлэх, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж байлаа.
Цаашид:
– “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо”, “Атрын 4” үндэсний хөдөлгөөнийг уялдуулж, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах,
– Бүсчилсэн хөгжлийн хүрээнд “Эмээлт” болон бусад аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, хариуцлагыг чангатгах,
– Малчин, үйлдвэрлэгчдийн хоорондох Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудлууд, бусад татаас, урамшуулал, Аж ахуй нэгжийн орлогын татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой санал, зөвлөмжүүдийг сайтар судлан шийдвэрлэх,
– Байгаль орчин, мал, амьтанд ээлтэй техник, технологи, инновац ашиглах, малын эрүүл мэнд, гарал үүсэл, чанарын тогтолцоог сайжруулах,
– Төрийн худалдан авалтыг эх оронч худалдан авалтад чиглүүлж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг төлөвшүүлэх, гадаад зах зээлд монгол бүтээгдэхүүнийг сурталчлах, брендинг хөгжүүлэх,
– Салбарын хүний нөөцийн дутагдалтай байдалд онцгой анхаарч, богино хугацаанд нэмэгдүүлэх, чадавхжуулах, давтан сургах, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэн сургах нь чухал байна.
Дээрх бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд сахилга хариуцлага, дэг журам, ажлын уялдаа холбоогоо сайжруулан, аливаа ашиг сонирхол, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг хатуу сануулъя.
Мөн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэн үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явцад гарч болзошгүй төрийн байгууллагуудын хүнд суртал, авлига, шударга бус үйлдлийн талаарх санал, гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтанд түргэн шуурхай, баримт нотолгоотой мэдэгдэж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
Аливаа шударга бус үйлдэл, хээл хахууль, авлига, хүнд суртлыг таслан зогсоох нь дан ганц хууль, шүүхийн байгууллагын ажил төдий бус харин ард түмэн, улс үндэстнээрээ хамтран тэмцэх ёстой бүх нийтийн үйл хэрэг юм.
Ингэж байж бид нийгэмд шударга ёсыг тогтоож, сайхан Монгол Улсаа цогцлоон хөгжүүлж чадна.
Эрхэм нөхөд өө,
Манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар нь ажлын байр хамгийн ихээр бий болгодог, эдийн засгийн уламжлалт салбар билээ.
Тиймээс энэ салбарыг эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх нь эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтоо ханган хэрэгжүүлж, хүн бүрийн амьдралын чанар сайжрах онцгой чухал ач холбогдолтой юм.
Ялангуяа, олон мянган жил мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд бид мал аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлээ дэлхийн жишигт хүргэн, шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлж, үйлдвэрлэгч, экспортлогч орон болох учиртай.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч Та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй болохыг дахин онцлон тэмдэглэж байна.
Харин төр, засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой.
Өрх бүлээрээ үйлдвэрлэгч, улс орноороо экспортлогч болохын төлөө төр, засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Сэтгэгдэл (0)