Тогтолцоог засахгүйгээр цааш явах аргагүй
- Уржигдар 08 цаг 59 мин
- Улс төр
- 3
Монголын төрд бугшсан авлига, албан тушаалын наймаа, хулгай дээрэм байсаар байгаа ч нөгөө талд төрд шударга ёс тогтооё, улс орноо өөд татъя гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс байгааг үгүйсгэхгүй
Өнөөдрийн байдлаар гэхэд МАН, АН хэмээх үндэсний хоёр том нам хамтарсан Засгийн газар байгуулж томоохон бүтээн байгуулалт руу зорьж байгааг дэмждэг. Ер нь бол Шинэ нам Монгол Улсаа өөрчилж хөгжүүлье гэсэн хэнтэй ч хамтарч, дэмжиж ажиллахад бэлэн. Тиймдээ ч ШИНЭ нам үндэсний ардчилалд суурилсан үзэл баримтлалтай улс төрийн хүчний хувьд АН-ыг дэмжиж байгаа юм.
Түүнээс биш энд би болон манай намаас хэн нэгэн албан тушаал горьдоогүй. Тийм шаардлага ч байхгүй. Гагцхүү хийж бүтээхийн төлөө зорьж байгаа хүмүүсийн өмнө тогтолцооны гажуудал саад болж байгааг засаж залруулахад хувь нэмрээ оруулахаар зүтгэж байна. Тиймээс Шинэ намын хувьд улс төр, нийгэм, эдийн засгийн энэ гацаанаас гаргах онол ном боловсруулж, хууль гаргасан. Үүнийгээ төрд санал болгож, хамтраад томоор харъя. Буруу тогтолцоог засахын тулд юуны өмнө Үндсэн хуулийн өөрчлөлт хийе. Монгол Улс Үндсэн хуульдаа удаа дараа нэмэлт өөрчлөлт хийж ирсэн нь тухайн цагтаа түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Одоо бүр сонгодог утгаар нь өөрчилж, төрийн тогтолцоог засах зайлшгүй шаардлагатайг хэлээд байгаа юм.
Үндсэн хуулиа өөрчлөх замаар Сонгуулийн хуулиа өөрчилж, парламент нь дээд доод гэсэн хоёр танхимтай байх. Өнөөдөр намын жагсаалтад нуугдсан хүмүүс парламентад нам гэсэн ганцхан “зүтгэлтэй” орж ирдэг. Тэдэнд улс орны эрх ашиг, ард түмний ахуй амьдрал сонин биш.
Тэгэхээр хоёр танхимтай болж, намын жагсаалтын 48 гишүүн нь дээд танхимаа бүрдүүлж, бодлогоо барьж байя.
Доод танхимд нь ард түмнээс сонгогдсон 78 гишүүн нь хяналтаа тавьж байя. Мөнхүү ардчилал өндөр хөгжсөн орнуудын жишгээр Тангарагтны шүүхийн тогтолцоотой больё. Тэгэхгүй бол өнөөдөр манай шүүх хүчний байгууллагын удирдах албан тушаалтнуудыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр томилдог. Ингэснээр шүүх хүчний байгууллагыг төр өөрөө худалдаад авчихдаг энэ тогтолцоог ч халах цаг нь болсон. Эс тэгвэл өнөөдөр шүүх засаглалаа төр нь худалдаж авчихаад ард түмний өмчийг дээрэмдэж суудаг. Үндсэн хуулийн цэц нь эрх баригчдын эрх ашгийг хамгаалж ажилладаг байгууллага болсон. Энэ бүхнийг засахгүй бол Монгол Улсын хөгжил дэвшил, ард иргэдийн сайн сайхан амьдрал гэж ярих нь утгагүй. Ингэж байж ард түмэн өөрийн өмчтэй болно.
Манай намын хуульчид, эрдэмтэд Норвег, Сингапур, Швейцарь, Финланд гэх мэт Монгол Улстай хүн амын хувьд ойролцоо, байгалийн баялагтаа тулгуурласан эдийн засгийн бодлого явуулдаг улсын суурь Үндсэн хуулийг судалж, өөрийн гэсэн шинэ Үндсэн хуулийг өргөн барьсан нь хамгийн сайн гарц гэж харж байгаа. Ингэж байж улс орон өөрөө өмчтэй эзэнтэй баян орон байж чадна. “Иргэн баян бол улс баян” гэж Ерөнхий сайд асан Солийн Данзан нэгэнтээ хэлж байсныг санаж байгаа байх. Иргэн нь өмчгүй, ядуу орон ямар ч баялагтай байгаад баян байж чадахгүй.
Шинэ намын зүгээс Тавантолгойн орд газар, нүүрсний асуудлыг 2018 оноос хойш хөндөж, тэмцэж ирсэн. Манай намаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг манай “Эрдэмтдийн зөвлөл” урт хугацаанд судалсан. Энэ нь юуг шийдэх вэ гэхээр Тавантолгой, нүүрс гэх мэт энэ цаг үед яригдаж байгаа хамгийн хурц сэдвийг хөндөж, баялгаа иргэн бүрд хөрөнгө болгож өгөх боломжийг нээж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл газрын баялгаа Монгол Улсын 3.4 сая хүн бүрд хуваана гэсэн үг. Тооцож үзэхэд иргэн тус бүр нүүрсний аман дээр байгаа хамгийн хямд үнэ 350 орчим сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болно. Бид ийм л хөрөнгөтэй улс орон. Гэтэл яаж амьдарч байна вэ. Манай улсад 300 гаруй нүүрсний орд байгаагаас 70 орчим хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс ганцхан Тавантолгой биш, цаашид бусдыг нь иргэн бүрд хүргэх хэрэгтэй. Үүний тулд тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Тогтолцоог өөрчлөхын тулд хуулиа өөрчлөх хэрэгтэй. Энэ бүхнийг хийхийн тулд нам эвсэл харгалзахгүй хамтран, илүү томоор харж урагшлахыг уриалж байна.
Шинэ намын дарга
Цэндсүрэнгийн Гантулга
Сэтгэгдэл (3)
(202.9.46.126)
Та энэ тогтолцоог өөрчилвөл ард түмэн таны хөшөөг алтаар босгоно
(139.5.217.82)
ANUSDI80955877
Бат (202.9.46.235)
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаарч шаардаач