Өнгө алаг, үзэмж төгс цэцэгсийн үзэсгэлэн
- 2013-03-08
- Эрүүл мэнд
- 0
Өнгө алагласан цэцэгсийн үзэсгэлэн худалдаа Соёолж төвд нээгджээ. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтсан тус үзэсгэлэнд дотоодын долоон компаниас гадна Хятад, Японоос хоёр байгууллага урилгаар оролцож байна. Үзэсгэлэнд кимжөнирхва, сарнай, чоёо, цахирмаа, цэнхэр гацуур, хайтан, авиргана, хун цэцэг, алаг халганай, зүрхэн цэцэг, шимтэглээ, кала болон олон төрлийн кактусыг дэлгэсэн байлаа. Сүүлийн үед хүмүүс эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх тасалгааны цэцгийг сонгон худалдан авах болсон. Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнд зочилсон хүмүүс ч гэсэн тасалгааны цэцэг тэр дундаа алтанзул, цахирмаа, халбаган кактус, хайтан, зүрхэн цэцгийг сонгон авч байсан юм. Үзэсгэлэнд дэлгэсэн олон төрлийн цэцгийг 3500-200000 төгрөгөөр худалдаж байв. Үүнээс гадна цэцгийн бордоо, ваар, тэжээл гээд дагалдах хэрэгслийг ч боломжийн үнээр борлуулж байлаа. Хөл хөдөлгөөн ихтэй үзэсгэлэнгийн танхимын хамгийн эрэлттэй хүн нь ургамал судлаач ажээ. Үзэсгэлэнгийн үеэр ургамал судлаач Д.Равдан тасалгааны нөхцөлд ямар цэцгийг яаж арчлах талаар зөвлөгөө өгч байсан юм. Тэрбээр тасалгаанд ургадаг арчилгаа бага шаарддаг ямар цэцгүүдийг нэрлэж хүмүүст мэдээлэл өгч байсан юм. Үзэсгэлэнд тавьсан цэцэгсээс кимжөнирхваг хүмүүс онцлон сонирхож харагдсан. Дэлхийн цэцгийн нийгэмлэгээс кимжөнирхваг “цэцгийн хаан” хэмээн өргөмжилсөн юм. Эл цэцгийг манай улсад тарьж эхлээд удаагүй аж. Судлаачид жил гаруй хугацаанд судалсны дүнд тус цэцгийг 17-20 хэмийн дулаантай хүлэмжинд ургаж болохыг тогтоожээ. Бегониа буюу хайтан цэцгийн бүлэгт багтах олон наст энэхүү цэцгийг анх Японы нэрт цэцэгчин Гамомододэрү ургуулж, 1988 онд БНАСАУ-ын Ерөнхийлөгч агсан Ким Жөн Ирт бэлэглэсэн тул кимжөнирхва хэмээн нэрлэжээ. Хөрсөнд суулгаснаас зургаан сарын дараа ишин дэх арав гаруй навчнаас нь цэцэг ургаж, 30 см хүртэл өндөртэй болдог байна. Цэцгийг ургуулахдаа өдөр 15-22, шөнө 9-10 хэмийн дулаанд байлгаж, 13-14 цаг нарны болон цахилгааны гэрлээр хангах шаардлагатай гэнэ.
Сэтгэгдэл (1)
zochin (37.220.130.61)
Ungu alaglasan tsetsgiin zuragnuudaas bhgui yumuu?