Хүүхдийн нүдний мэс заслын тусламжийг үзүүлдэг боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Нүдний мэс заслын тасаг нь 2017 онд амбулаториор 16000 хүнд үзлэг, шинжилгээ, оношилгоог хийж, 1411 хүнд нүдний мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн.

Манай хүн амын дунд зонхилон тохиолддог сул хараа, сохролын голлох шалтгаан болох болорын цийлтэнд хиймэл болор суулгах мэс заслыг 1075 хүнд хийсэн. Хиймэл болор суулгах мэс засал нь өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд нийгмийн даатгалаас даатгуулагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсноор хувь иргэнээс гарах төлбөрийн хэмжээ багассан төдийгүй эдийн засгийн хүндрэлээс болж хугацаа алдан хараа алдахаас сэргийлэх ач холбогдолтой үйл ажиллагаануудын нэг болсон.

Тус эмнэлгийн нүдний мэс заслын баг 2016, 2017 онуудад оношилгоо, эмчилгээнд шинээр 6  арга, технологийг нэвтрүүлснээс орбит, окулопластик буюу ухархай, нүдний нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 230 орчим хүнд амжилттай үзүүллээ.

2017 оноос хүүхдэд үзүүлэх нүдний тусламж үйлчилгээг өргөжүүлж, зовхины төрөлхийн унжилт засах, нүдгүй болсны дараах ухархайн хөндийг нөхөн сэргээх, ухархайн хугарал засах зэрэг мэс заслуудыг нийт 7 хүүхдэд амжилттай хийж бяцхан иргэд, тэдгээрийн ар гэрийнхэнд ертөнцийг харах баяр баясгалан, аз жаргалыг бэлэглэсэн. Түүнчлэн тус эмнэлгийн нүдний мэс заслын багийнхан өөрийн улсдаа нүдний хавдрын тусламж үйлчилгээг хөгжүүлэхээр хичээн ажиллаж байгаа ба нүдний хортой хавдар өвчний 17 тохиолдолыг илрүүлэн оношилж, хавдар авах мэс засал эмчилгээ, мэс заслын дараах нөхөн сэргээх мэс заслуудыг амжилттай хийсэн.

Цаашид хүүхэд болон насанд хүрэгчдийн  окулопластик, нүдний хавдрын тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхээр төлөвлөж байна.

 

Х.ЦЭЛМЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)