“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог юм. Гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг.

Хүний эрүүл мэндэд нөлөөлөх олон хүчин зүйлүүдээс амьдралын хэв маяг 50-70 хувийг эзэлдэг болохыг ДЭМБ-аас тогтоосон байдаг. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ хамгаалахад оруулж буй том хувь нэмэр болох юм. Хүн амд гар угаах дадлыг хэвшүүлэх нь хүний зан үйлийг өөрчлөх болон ус ариун цэвэр, эрүүл ахуйн тулгамдсан асуудалд хамаардаг.

Гараа савандаж угаах энгийн аргыг хэвшүүлснээр суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй уушгины хатгалга, бусад халдваруудаас сэргийлэх боломжтой нь тогтоогджээ.

НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гараа 20 секундийн хугацаанд угаах шаардлагатай гэж зөвлөсөн байдаг бол ДЭМБ-аас 20 секунд нь зөвхөн гараа савандаж угаах хугацааг хэлж байгаа бөгөөд харин 40-60 секундийн хугацаанд угаах нь гараа усаар зайлах, савандаж угаах, дараа нь зайлах, хатаах гэсэн үе шатуудыг бүгдийг нь багтаасан гэж тайлбарласан байдаг.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)