Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэл, эдийн засгийн шинэчлэлийг уламжлал, шинэчлэлийн зарчмаар хэрэгжүүлнэ

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Эрдэнэт үйлдвэр  та бидний анхаарлын төвд байнга байдаг онц чухал объект. Энэ ч утгаараа тус үйлдвэрийн талаар яригддаг аливаа асуудлаар үнэн бодит мэдээлэл авахыг, гол эх сурвалжуудын тайлбарыг олон нийт цаг ямагт хүсдэг. Иймд сүүлийн үед үйл явдлын халуун цэг болж байгаа тус үйлдвэрийн талаархи мэдээллийг уншигчдадаа хүргэхээр“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)  Х.Бадамсүрэнтэй уулзаж ярилцлаа.

“БИ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХҮН, ТӨРИЙН ХҮН”  

    - Бадамсүрэн гэдэг хувь хүн талаасаа ч, таны удирдаж буй Эрдэнэт үйлдвэр ч ялгаагүй сүүлийн хоёр сар үйл явдлын халуун цэг, дуулиан шуугиан дунд байлаа. Одоо үйлдвэрийн статус өөрчлөгдөж, Төрийн өмчит үйлдвэрийн газар болчихлоо. Хэдийгээр ийм өөрчлөлтүүд хийгдсэн ч Та энэ том айлыг үргэлжлүүлэн удирдахаар томилогдсонд баяр хүргэе ээ.
     - Баярлалаа.

     - Үнэнийг хэлэхэд, үйлдвэрийн статус өөрчлөгдөх шийдвэр гарахтай зэрэгцээд Таныг бас солигдох нь гэсэн яриа хөөрөө олон нийт төдийгүй салбарынхан дунд өрнөсөн.  Гэхдээ ийм зүйл болсонгүй.  Хамгийн гол нь, Эрдэнэт үйлдвэрийг сүүлийн хоёр жил дараалан түүхэндээ бичигдээгүй өндөр үр ашиг, үйлдвэрлэл, эдийн засгийн дээд үзүүлэлттэй удирдсан, мөн уул уурхайн салбар дахь мэдлэг, туршлагыг тань Засгийн газар, Ерөнхий сайд үнэлсэн болов уу гэж харж байна?  
    - Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК статусын хувьд өөрчлөгдөж, ТӨҮГ боллоо. Засгийн газар намайг  үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ нь миний мэргэжил, мэдлэг, уул уурхайн салбарт ажилласан дадлага, туршлага болон Эрдэнэт үйлдвэрийг сүүлийн хоёр жил амаргүй хугацаанд удирдсан ажлын үр дүнг  харгалзаж, шийдвэр гаргасан байх.
   Ер нь үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн жигд, тасралтгүй явуулах, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна даа. Миний хувьд тасралтгүй, байнгын ажиллагаатай энэ том үйлдвэрийг мэргэжлийн болон зохион байгуулалтын өндөр түвшинд удирдаж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, тэрчлэн ам, ажлын нэгдлийг ханган ажиллах нь өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, зорилгодоо хүрэх үндэс болно гэж үздэг.  Энэ нь ч өнгөрсөн жил үйлдвэр маань  40 жилийн түүхэндээ үйлдвэрлэл, эдийн засгийн хамгийн өндөр үр ашигтай ажиллах гол хөшүүрэг боллоо. Мэдээж уурхайчид хамт олны  минь  хичээл зүтгэл, бүтээлч үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Манай хамт олон 2017, 2018 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 102-152 хувиар биелүүлсэн. Хүдэр дэх зэсийн агуулга 2018 онд үйлдвэрийн 40 жилийн хугацаанд хамгийн бага буюу 0.480 хувь байхад зэсийн металл авалтыг 89.49 хувьд хүргэж, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон. Түүнчлэн 2019 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100-113 хувиар биелүүлээд, ажиллаж байна.
     Эрдэнэт үйлдвэр нь 2016 онд 184 тэрбум, 2017 онд 580 тэрбум, 2018 онд 655 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүлсэн. Мөн энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 251 тэрбум төгрөг төсөвт оруулаад байна.
     Өнгөрсөн 2018 онд борлуулалтын орлого 2.0 их наяд төгрөгт хүрсэн нь 40 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Үйл ажиллагааны үр дүнтэйгээ уялдуулан ажилтнуудынхаа цалин, урамшууллын санг 2017 онд 10-20 хувиар хоёр удаа, 2018 онд 15 хүртэл хувиар нэмлээ. Цаашид бидэнд хийх ажил их бий. Ирэх тавдугаар сарын 1-нээс үйлдвэрийн хэмжээнд бүтээн байгуулалтын олон ажлууд эхэлнэ. Энэ том ажлын угтал болгож, баялаг бүтээгч уурхайчдынхаа цалинг нэмэхээр үндэслэл тооцоо, судалгаа гаргаж байна.

     - Та ингэхэд хэний хүн бэ?
     - Намайг Хоохорын Бадамсүрэн гэдэг шүү дээ. /инээв/

    - Уучлаарай, арай өөр утгаар гэх үү дээ. Албан тушаалд очиход ч юм уу, ер нь л бүх зүйлд дэмжлэггүй хүн явдаггүй болсон цаг юм биш үү?
     - Ойлгож байнаа. Таны асуултанд хариулахын тулд өөрийнхөө талаар хэдэн үг хэлэх ёстой юм болов уу. Би уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй хүн. ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг төгсөж, уул уурхайн салбартай  хувь заяагаа холбосон доо. Дараа нь ОХУ-ын Өнгөт металлургийн яамны дэргэдэх Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын Удирдлагын дээд курсыг дүүргэсэн. Мөн АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын эдийн засгийн дээд сургуульд англи хэл, эдийн засаг, удирдлагын чиглэлээр, АНУ-ын Денвер хотын “The bridge International” сургуульд бизнесийн англи хэлний чиглэлээр тус тус  мэргэжил дээшлүүлсэн. 1999  онд   ОХУ-ын   Москва  хотын  Уул  уурхайн  их  сургуульд  Техникийн  ухааны  докторын  /Ph.D/, 2004 онд мөн сургуульд Техникийн  шинжлэх  ухааны  докторын /Sc.D/ зэрэг хамгаалсан.
     Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, уул уурхайн салбарт тасралтгүй 32 жил, түүний дотор төрийн яаманд 12 жил, УИХ-ын гишүүнээр сонгогдон дөрвөн жил ажиллалаа. Уул уурхайн үйлдвэрлэлд 15 дахь жилдээ ажиллаж байна даа. Ингээд бодохоор би төрийн бодлогоор бэлтгэгдсэн уул уурхайн салбарын хүн, төрийн хүн.

     - Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлаар Эрдэнэт үйлдвэрийн асуудал ороод удаагүй байна. Ямар асуудал хөндөгдсөн бэ? Та олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх үү?
     - Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн дүрмийг баталж, Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлаар зохион байгуулалтын бүтэц, 2019 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг баталж өглөө.  Эрдэнэт үйлдвэр маань алсын хараа, эрхэм зорилго, ирээдүйн хөгжлийн үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд ажлын уялдаа холбоо нь хангагдсан, оновчтой, боломжийн зохион байгуулалт бүхий шинэ бүтэцтэй боллоо. Батлагдсан бүтцийн дагуу зохион байгуулалтын ажлууд хийгдэж дууслаа. Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг өнгөрсөн оныхоос бууруулалгүй, хүрсэн түвшингээ хадгалахаар батлуулаад  ажиллаж байна.  

     - Яг энэ асуудалтай холбогдоод олны анхаарлыг татсан олон асуулт хөврөх шинжтэй. Бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдлөө. Ер нь халаа сэлгээ хэр хийгдэх вэ. Ингэхэд улс төрийнхний зүгээс шахалт, дарамт ирж байна уу?
     - Зөвхөн томилгоо гэлтгүй, үйлдвэрийн үйл ажиллагаатай холбогдуулан энд тэндээс дарамт шахалт үзүүлдэг асуудал байхгүй дээ. Энэ удаагийн томилгоонд харин ч  улс төрийн болон төр засгийн шахалт байгаагүй ээ. Удирдах ажилтныг томилохдоо мэргэжил, мэргэшсэн байдал, тухайн хамт олон дундаа хүлээн зөвшөөрөгдөх, ёс зүйтэй байх, ажилдаа хандах хандлага, хариуцлага зэргийг гол шалгуур болгосон.  Ер нь бол мерит зарчим баримталсан. Тэгээд ч уул уурхайн үйлдвэрийн онцлог гэж бий. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтан, ажилчдын нас харьцангуй залуужиж байна. Нийт ажилтны 65 орчим хувь нь 40 хүртэл насныхан байх жишээтэй. Баг, хамт олны хувьд хүнээ сургах, дадлагажуулах, залгамж халаагаа бэлдэхэд бодлоготой ажиллах ёстой. Баг болж ажиллах, баг бүрдүүлэх гэдгийг би өргөн утгаар нь хардаг. Энэ үйлдвэрт ажиллаж байгаа 6500 гаруй ажилтан, ажилчид бүгд л миний багийнхан. Тиймээс батлагдсан бүтцийн хүрээнд боловсон хүчний дотоод нөөц бололцоогоо ашиглан мэргэжлийн, дадлага туршлагатай, ажлаа мэддэг, зөв хүмүүсийг бүх шатанд томилсон гэж ойлгож байгаа. Залуучуудад нэг талаас карьер өсөх боломж олгож, нөгөө талаас ачаа, хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь, цаашид бид улам эрч хүчтэй, үр бүтээлтэй, хүнд сурталгүй, цэгц шударга ажиллах нь чухал. Эрдэнэт үйлдвэрт Монголчууд хайртай. Энэ үйлдвэртэй ажил амьдралаа холбоно гэдэг хүн бүхэнд тохиогоод байх хувь заяа биш учраас уурхайчид, хамт олон маань энэ сайхан үйлдвэрээ нүдний цөцгий мэт хайрлаж эрхэмлэдэг байгаасай. Бүхий л талаараа үүрэг хариуцлагаа өндөрт ухамсарлаж, хичээж ажиллаасай гэж боддог.

    - Эрдэнэт үйлдвэрийг хамтарсан үйлдвэр байхад Орос мэргэжилтнүүд олноороо байсан. Эдүгээ 100 хувь үндэсний үйлдвэр боллоо. Орос мэргэжилтнүүд  таны баг хамт олон дунд одоо бий юу?
    - Уул уурхайн энэ том үйлдвэрийг барьж байгуулах, өдий зэрэгт хүргэхэд яах аргагүй ЗХУ-ын Засгийн газар, оросын ард түмний дэмжлэг туслалцаа их байсан. Тэр ч утгаараа өнөөг хүртэл Орос мэргэжилтнүүд маань ажиллаж байгаа. 300 орчим хүн бий.  Үйлдвэрийн дэргэд орос цэцэрлэг, сургууль, эмнэлэг ажиллаж байна. Бид аль ч цаг үед орос ах нар, анд нөхдөө мартах учиргүй.

     - Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгосноор шахааны бизнес цэцэглэнэ гэх яриа байна. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?
     
- ТӨҮГ болсноор шахааны бизнес цэцэглэнэ гэсэн хардлага, яриа хөөрөө байх шиг байна. Худалдан авалт, хангамжтай холбоотой мэдээлэл уг нь ил тод байгаа шүү дээ. 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 130 гаруй гэрээ байгуулагдаж, 93 орчим сая ам.долларын үнийн дүн бүхий худалдан авалт хийгээд байна. Эдгээр ажлууд бүгд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зохион байгуулагдаж байгаа. Худалдан авалтын үйл ажиллагаа буюу тендер шалгаруулалт хуулийн хүрээнд олон нийтэд нээлттэй.  Бүх тендерийн урилгыг өдөр тутмын сонин хэвлэлд нийтлэхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн www.erdenetmc.mn  цахим хуудсанд байршуулдаг тул сонирхсон хүнд  оролцох боломж бий.  Ер нь төрд шилжихээр муу болчихно гэж юу байхав, төр муу менежер гэдэгтээ би санал нийлдэггүй хүн. Үүнийг үйл ажиллагаагаараа харуулна.

 

АРБИТРЫН ШИЙДВЭР ҮЙЛДВЭРТ ХАТУУ ТУСЧ БАЙСАН

     - Тантай уулзчихаад Стандарт банкны асуудлыг хөндөхгүй байж болохгүй байх аа. Үйлдвэр удирдаж байгаа цаг хугацаанд тань хамгийн хүнд асуудал Стандарт банктай холбоотой өр төлбөр мэдээж байсан биз ээ. Элдэв хардлага, сэрдлэг дунд яваа ч гэлээ тус банкны өр төлбөрийн ард гарчихлаа?
    - Эрдэнэт үйлдвэртэй холбоотой нэлээд дуулиан шуугиан тарьсан асуудал бол яах аргагүй Стандарт банкны хэрэг байлаа. Намайг энд томилогдож ирэх үед л толгойны өвчин болсон амаргүй, маш ярвигтай асуудал байсан даа. Олон улсын Арбитрийн шүүхээс гаргасан шийдвэр нь үйлдвэрт үнэхээр хатуу тусч байв. Английн хууль тогтоомж чанга юм. Энэ төлбөр тооцоог хийхгүй бол үйлдвэрийн мөнгөн урсгалыг царцаах, үндсэн хөрөнгийг битүүмжлэх, үйлдвэрийн удирдлагын үйл ажиллагааг хязгаарлах, хорих цагдах гээд эрсдэл дагуулсан олон асуудал үүсэх байлаа. Стандарт  банкны зүгээс өр төлбөрийг гуравдагч этгээдэд зарах асуудлыг хүртэл хөндөж байсан юм билээ.  Ийм нөхцөл байдал үүсвэл Эрдэнэт үйлдвэрт маш их аюул, эрсдэл нүүрлэх байсан. Үйлдвэртэй харилцдаг компаниудад “Бидний болон тэдгээр компанийн үйл ажиллагааг хязгаарлах, царцаах тухай Английн Арбитрийн шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн бичиг хүргэгдсэн” байдаг. Энэ бол аюулын дохио байлаа. Тиймээс хурдан, яаралтай арга хэмжээ авахаас өөр арга зам байгаагүй.
     Хамгийн гол нь үйлдвэртээ хор хохирол багатайгаар, улс орныхоо нэр хүндэд сөрөг үр дагавар гаргахгүйгээр шийдвэрлэхийн төлөө л дээр дооргүй ажилласан. Юуны түрүүнд хоног тутам өсөн нэмэгдэж байгаа хүүг зогсоох, Олон улсын Арбитрийн шүүхээр шийдэгдсэн мөнгөн дүнг багасгах асуудлаар олон сар хөөцөлдөж  явсны эцэст бид хүү торгууль, алданги нийлээд 115 сая орчим ам.долларын төлбөр яригдаж байсныг бараг гурав дахин бууруулж, 40 сая ам.доллар төлөөд өр төлбөр, хүү торгуулийг бүрэн хаалаа.  Эрдэнэт үйлдвэр гадаад талдаа өр төлбөргүй болж,  бид нэр төрөө цэвэрлэж чадсан.  Хамгийн гол нь бид энэ өр төлбөрийг төлөөгүй бол ямар эрсдэл үүсэх байсан бэ гэдгийг манай ард түмэн ойлгоно байх аа. Эрсдэл Монголын төрд ч,  Эрдэнэт үйлдвэрт  ч байсан. Түүнээс л бид улс орноо, үйлдвэрээ хамгаалсан хэрэг.  

     - Ингэхэд “Ocean Partners” гэж ямар учиртай компани юм бэ? Яг 40 сая ам.доллар төлсөн үү, эсвэл зэсийн баяжмалаар төлбөр хийчив үү гээд элдэв хардлагаар чамгүй нүдүүллээ. Та бүхний зүгээс дор нь хариу тайлбар өгөөгүй. Учиртай л байсан биз?
     - Энэ асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй байв. Стандарт банкинд 40 сая ам.доллар төлөгдмөгц  тухайн банкны зүгээс шууд хариу өгөх боломж байдаггүй юм билээ. Ямар ч гадаад төлбөр тооцоонд тодорхой хугацаа шаарддаг. Их нарийн, олон шат дамжлагатай юм. Энэ зарчмаар л процесс өрнөсөн.
     Эрдэнэт үйлдвэрийн тухайд 10 гаруй трейдер компанитай харилцдаг. Тэдний нэг “Оcean Partners” нь дэлхийн зах зээл дээр  ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүний  худалдаанд дээгүүрт эрэмбэлэгддэг томоохон трэйдэр компани юм. Эрдэнэт үйлдвэртэй  олон жил хамтран ажилласан түүхтэй. Ер нь үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой байх нь  трейдэр компаниудад ч хэрэгтэй тэр л зарчмаар ажилласан. “Оcean Partners” зуучлал үзүүлсэндээ ямарваа нэг хөлс, шан харамж огт аваагүй ээ.

     - Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангийн талаар та тодорхой мэдээлэл өгөх үү.  Энэ сангаас  Ш.Батхүү гэдэг хүний өрийг төлснөөр үйлдвэрийн цаашдын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй байгаа?
     - Эрдэнэт үйлдвэр Стандарт банктай холбоотой хэрэг маргааны улмаас төлж болзошгүй өр төлбөрийн нөөц санг 2016 онд анх байгуулсан. Ингэхдээ KPMG олон улсын аудитын байгууллагын зөвлөмжийг баримталсан. Мөн 2017 онд  нөөц санг нэмэгдүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу хоног тутамд хүүгийн зардал нэмэгдэж байсан тул нөөц сангийн тооцооллыг 2018 оны эцэст дахин шинэчилсэн. Ийнхүү “Болзошгүй өр төлбөрийн нөөц” буюу эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар төллөө. Ийм сан байгуулж компанийн зардал, хүлээх хариуцлагыг зохих хугацаанд нь  хамааруулан бүртгэж байсан нь том дүн бүхий алдагдал нэг дор хүлээх эрсдэлийг бууруулсан юм. Өөрөөр хэлбэл, татварын дараахь хуримтлагдсан ашгаас нөөц сан байгуулсан тул энэ сангаас төлсөн төлбөр Эрдэнэт үйлдвэрээс төсөвт төлөх татварын хэмжээг бууруулаагүй болно. Энэ төлбөр Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл учруулахгүй. Үйлдвэр маань одоо ч, цаашдаа ч  хэвийн ажиллана.

     - Эрсдэлийн сангаас өр төлбөрийг барагдуулчихдаг юм байж. Эргээд Ш.Батхүү нарын хүмүүсээс мөнгөө яаж олж авах вэ? Улсын мөнгөөр хувийн бизнесмэний өрийг дарчихлаа гэсэн шүүмжлэл маш их байна.
     - Стандарт банкинд төлсөн мөнгөө буруутай этгээдүүдээс олж авахын төлөө үйлдвэр ажиллаж байна, ажиллах ч болно. Төр өмч хөрөнгөө хамгаалах ёстой. Өмнө нь  Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь төрийн өмч байсан бол одоо  100 хувь төрийнх боллоо. Тэр тусмаа өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг илүү сайжруулж, хариуцлагажуулах учиртай. Ш.Батхүү нарын Эрдэнэт үйлдвэрт учруулсан хохирол, тус үйлдвэрээс гаргасан зардлыг бодитоор тооцож, нэхэмжлэх ажлуудыг хийж байна. Гэм буруутай этгээдүүдийн  эд хөрөнгийг судлан тогтоох, битүүмжлэх,  Эрдэнэт үйлдвэрийг хохирол, зардлаа олж авахад хууль хяналтын байгууллагууд тусална  гэдэгт найдаж байна. Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ч өмчөө хамгаалж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа.

     - Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж Монголчууд ярьдаг даа. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шүүхийн маргаантай өөр асуудлууд ч бий гэлцдэг.  Одоо байдал яг ямар байна вэ.  Энэ талаар илүү тодорхой мэдээлэл  өгөх үү?  
     - Намайг ажил хүлээж авах үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой Арбитрын хэд хэдэн хэрэг маргаан үүссэн байсан. Эдгээр асуудлыг үндсэндээ шийдвэрлэж дууслаа.
     Тухайлбал, MRI trading AG компанитай 2005, 2009 онд тус тус байгуулсан зэсийн баяжмал нийлүүлэх гэрээний үүргээ Эрдэнэт үйлдвэр биелүүлээгүй гэсэн үндэслэлээр манайхыг 2008 онд Лондоны олон улсын Арбитрын шүүхэд өгсөн нь айлын талд шийдвэрлэгдсэн.  Энэ бол 8.34 сая ам.долларын нэхэмжлэлтэй хэрэг л дээ. Английн шүүх энэ мөнгийг гаргуулахын тулд Эрдэнэт үйлдвэрийн гадаад дахь хөрөнгө дансыг битүүмжлэх захирамж гаргасан. Түүгээр ч зогсохгүй трейдер компаниудаас Эрдэнэт үйлдвэрт төлөх байсан 22.7 сая ам долларыг гадаадын банкууд дээр 2017 оны нэгдүгээр сард шууд царцаасан. Ингэж үйлдвэрийн үйл ажиллагаанд хохирол учруулах аюул нүүрлэсэн тул манай зүгээс яаралтай арга хэмжээ авч, хэлцэл хийж, өр төлбөрийг 590 мянган ам доллараар бууруулан, 7.75 сая ам.доллар төлж уг хэргийг хаасан.
     Яг үүнтэй адил нөхцөл байдал Стандарт банкин дээр үүссэн л дээ. Бидэнд өмнө нь том сургамж байсан, хэрвээ төлөхгүй бол дээрх байдал давтагдах байсан учраас л бид яаравчилсан хэрэг.
     Мөн л 20 гаран жил яригдсан “Балхашмыс” компаниас авах 20 сая ам.долларын өрийн асуудал байв. Хэлцэл хийж, хуваарь гаргаж шаргуу хөөцөлдсөний үр дүнд холбогдох компаниас мөнгөө бүрэн авч дууслаа.  Бид энэ 20 сая ам.долларыг  эргээд улс эх оронд, үйлдвэрт үр ашгаа өгөх ажил, төсөл, тодорхой бүтээн байгуулалтад зарцуулна. “Балхашмыс” компанитай холбоотой олон жил хуримтлагдсан өрийн асуудлыг шийдэхэд Гадаад харилцааны яам зохих дэмжлэг, туслалцаа үзүүлсэн гэдгийг зориуд тэмдэглэж хэлье.
     Ер нь бол олон арван жил яригдсан, олны хараа сонорт хүрсэн, ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг нэг тийш нь болгоход ярих ч зүйл байна. Хэлэхгүй азнах ч цаг үе гэж байна. Гэрээ хэлцлээр хүлээсэн үүрэг ч гэж байдаг.  Яриа хөөрөөг үр дүнтэй болгохын тулд зарим үед ам хэлээ хамхих ч шаардлага гарч байсан. Ийм л нөхцөл байдлын улмаас  Эрдэнэт үйлдвэртэй холбоо бүхий шүүхийн маргаантай, олон жил ужгирч сунжирсан, арбитрийн нэхэмжлэлтэй хэргүүдийн талаар товч хариултыг хэвлэл мэдээллийнхэнд өгч байв.  Зарим үед хариулахгүй ч байсан тохиолдол бий. Улс орны эрх ашиг, Эрдэнэт үйлдвэр шиг том компанид бизнесийн нууц гэж байдгийг манай хэвлэл мэдээллиийнхэн ойлгож байсан байх аа.  Харин одоо гадаад талдаа өр авлагын асуудлуудыг Эрдэнэт үйлдвэр бүрэн  цэгцэлж дууслаа. Авлага ч үгүй, өр ч үгүй боллоо. Тиймээс цаг нь болсон гэж үзэн, таны асуултанд  тодорхой тоо баримттай, илэн далангүй ярьлаа.

 

ҮЙЛДВЭРИЙН НАСЖИЛТЫГ 20 ЖИЛЭЭР УРТАСГАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЛЭЭ

     - Хэл ам, хар сэр дагуулсан асуудлуудад тодорхой тайлбар өгсөнд баярлалаа. Одоо харин ярилцлагаа Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй рүү чиглүүлье. Ойрын болон хэтийн зорилго, зорилтууд, ямар бодлого чиглэл баримталж ажиллаж байна вэ?
     - Стратегийн ач холбогдолтой энэ том үйлдвэрийг удирдаж байгаа хүний хувьд бодлогын асуудлаа ард түмэнтэйгээ хуваалцах ёстой байх аа. Аливаа асуудлаар хаа хаанаа үнэн зөв мэдээлэлтэй, цэгцтэй ойлголттой байх явдал чухал. Тэгж байж л улс орны эдийн засагт чухал нөлөөтэй  үйлдвэрийн талаар Mонголчууд маань үнэн зөв ойлголттой, нэгдсэн байр суурьтай  болно. Эрдэнэт үйлдвэртэй амьдрал, хувь заягаа холбосон ажилтан,  ажилчид маань ирээдүйдээ итгэлтэй байх болно гэж бодож байна.  
     Уурхайчид бид үйлдвэрийнхээ өнөөгийн үйл ажиллагааг сайн явуулахын зэрэгцээ алс ирээдүйдээ онцгой анхаарах шаардлага байгаа. Тиймээс ч үйлдвэрээ хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийг гаргасан. Энэ үндсэн чиглэлээ тав, таван жилээр төлөвлөлөө. Томоохон 5-6 төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл нь бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, эцсийн дүндээ үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэх юм. Энэ ажлуудаа бизнес төлөвлөгөөнд нарийвчлан тусгаад хэрэгжүүлээд эхэлсэн.
     2019 он бол төслүүдээ эхлүүлэх,  хийж хэрэгжүүлэх онцгой жил. Нийтдээ 410 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд энэ жил хийгдэнэ.  Тавдугаар сарын 1-нээс Эрдэнэт үйлдвэр бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх гэж байна. Ингэхдээ Орхон аймгийн удирдлагуудтай ярилцаж, орон нутагт нэг зэрэг эдгээр ажлын нээлтээ хийхээр тохирсон. Монгол орон маань эргэх дөрвөн цагийн улиралтай, эрс тэс уур амьсгалтай. Жилийн бараг талаас илүү нь хүйтэн сэрүүний улирал байдаг. Тиймээс үйлдвэрийн хэмжээнд хийгдэх их засвар, өргөтгөл шинэчлэл, томоохон төслүүдээ урин дулааны улиралдаа багтаан хийж амжуулах, ахиулах зорилгоор бэлтгэлээ хангаж байна. Ингэснээр бид арваннэгдүгээр сар хүртэлхи урин дулааны богинохон цаг хугацаанд амжиж үр ашигтай ажиллах, зарим төлөвлөгөөт ажлаа дуусгах боломж бүрдэнэ.

   - Хоногийн 24 цаг тасралтгүй ажилладаг үйлдвэрийн хувьд техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа чухал үүрэгтэй болов уу. Ер нь тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чадав уу?
     - Үйлдвэр маань 41 дэх жилдээ ажиллаж байна. Анх байгуулагдахад нь хамгийн шилдэг, тэргүүний техник, технологи ашигласан байдаг. Техник, тоног төхөөрөмжүүд цагийн уртад элэгдэж, насжилт өндөр болжээ. Хоёр жилийн өмнө намайг ажлаа хүлээн авахад үйлдвэрийн хэмжээнд ашиглаж байгаа нийт техник, тоног төхөөрөмжийн 60-80 хувийг шинэчлэх шаардлагатай болсон нь тулгамдсан асуудлын нэг байлаа. Бид нарийвчилсан дүн шинжилгээ хийж, шинэчлэн сайжруулах, солих ажлыг бодлоготой, үе шаттайгаар хийж байна.
     Өнгөрсөн 2017-2018 онд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 151 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөс хийж, цех нэгжүүдийнхээ тоног төхөөрөмжийн 10-20 хувийг шинэчиллээ. Үүний үр дүнд техник, тоног төхөөрөмжийн насжилт багасаж, тэр хэрээр үйлдвэрийн найдвартай ажиллагаа дээшилсэн. Цаашид энэ ажил төлөвлөгөөний дагуу, үе шаттайгаар үргэлжилнэ.

     - Үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар дурдлаа. Тухайлбал, ямар чиглэлээр төслүүд хэрэгжүүлэх вэ?
     - Хэрэгжүүлэх төслүүд ихэвчлэн бүтээмжийг дээшлүүлэх, зардал бууруулахад чиглэнэ. Эрдэнэт үйлдвэрийг илүү үр ашигтай ажиллуулахын тулд үндсэн чиглэлийнхээ хүрээнд хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.
     Нэгдүгээрт, Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл. Уул уурхайн үйлдвэрлэлийн оршин тогтнохын үндэс нь нөөц баялаг юм.  Манай геологчид 2017-2018 онд геологи хайгуулын ажлыг эрчимтэй хийлээ. Хүдрийн нөөц нэмэгдүүлэх өрөмдлөг үргэлжилж байна. Геологи хайгуулын ажил нь “Эрдэнэтийн-Овоо” ордын хүрээ хязгаарт төдийгүй түүнийг тойрсон 60 км-ийн радиуст явагдаж, сансрын зураглал, агаарын, геофизикийн олон төрлийн судалгаанаас гадна геохими болон геологийн тандан судалгааны ажлуудыг өргөн цар хүрээтэй хийж  байна.
    Ингэснээр уурхай цаашид тогтвортой ажиллах, нөөц баялгийг бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэх учиртай. Бид геологи хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг 2016 онтой харьцуулахад 2017 онд хоёр дахин, 2018 онд 3.2 дахин нэмэгдүүлж, 67 мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийсний үр дүнд “Эрдэнэтийн Овоо” ордын ашиглалтын хугацааг 20 орчим жилээр нэмэгдүүлж, үйлдвэр маань наанадаж  60 жил ажиллах боломж бүрдэж байна.
     Хоёрдугаарт, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл. Энэ төслийг хэрэгжүүлснээр автотээврийн зай хоёр дахин багасгана. Хүдэр олборлох  өртгийг 20 хүртэл хувиар бууруулж, жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарна.
    Гуравдугаарт,  Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл.  Энэ төсөл хэрэгжсэнээр хүдэр бэлтгэх, хөвүүлэн баяжуулах хэсгийн олон тооны бага хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжүүдийг өндөр хүчин чадалтай орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр сольж,  сүүлийн үеийн технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр хүдэр боловсруулах өртөг зардлыг 10 хүртэл хувиар бууруулахаар тооцож байна.  
     Дөрөвдүгээрт, Засвар механикийн заводыг өргөтгөн шинэчлэх төсөл. Энэ төслийн хүрээнд уг заводыг импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр өргөтгөж, цар хүрээг нь тэлж ажиллуулна. Ер нь бид Засвар механикийн заводыг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд төдийгүй  Монгол Улсын Засвар механикийн завод болгох хэмжээнд өргөжүүлэхээр зорьж, шинэчлэх ажлыг хийнэ. Уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуй салбарын хэрэглэгчдэд зориулсан  бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө байна.   
     Тавдугаарт, Уусган баяжуулах технологиор катодын зэс үйлдвэрлэх төсөл. Эрдэнэт үйлдвэр исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийг тусад нь овоолго үүсгэн хадгалдаг. Мөн цаашид ч ийм хүдэр гарна. Баяжуулах үйлдвэрт уламжлалт технологиор боловсруулдаггүй хүдрийг ашиглан уусган баяжуулах аргаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн катодын зэс үйлдвэрлэх үндэслэл тооцоо хийгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн, байгаль орчинд халгүй технологи ашиглахаар төлөвлөж байна. Энэ бол нөөц баялгаа иж бүрэн ашиглах чиглэлээр хийгдэх ажил. Үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг эрж хайж, судалж байна.
     Зургаадугаарт, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл.  Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг хайлуулан боловсруулж, катодын зэс гаргах үйлдвэрийн төслийг салбарын яамны Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан.  Иймээс зэсийн баяжмалыг хайлуулан боловсруулж, катодын зэс гаргах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлдээ тусгасан. Уг төслийг хэрэгжүүлснээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа үндсэн асуудал нь дагалдан гарах хүхрийн хүчлийн асуудал. Зарчмын хувьд бол элемент хүхэр, фосфорын бордоо, гипс үйлдвэрлэх замаар шийдвэрлэх боломжит хувилбарууд бий. Эдгээрээс хамгийн үр ашигтай байх, хэрэгжүүлж болох хувилбарын сонголтын талаар судалгаа, тооцооны ажил хийгдэж байна.
     Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой юм.

     - Эрдэнэт үйлдвэрийн хүдэр олборлолт, боловсруулалтын хэмжээ өсч байна уу? Тулгамдаж буй асуудал бий юу?
   - “Эрдэнэтийн-Овоо” ордыг үндсэндээ 40 гаруй  жил ашиглачихлаа. Уурхай маань жилээс жилд гүнзгийрч, уул-геологийн нөхцөл хүндэрч байна. Хүдрийн агуулга буурч, хатуулаг нь нэмэгдэж байна. Мөн хүдрийн хаягдал, бохирдол өсөх хандлагатай байгаа. Энэ нь өртөг зардлыг нэмэгдүүлэх хүчин зүйлс болж байна. Эдгээр тулгамдсан асуудлыг бид техник технологийнхоо шинэчлэлтээр шийднэ. Нэгэнтээ боловсруулах хүдрийн агуулга буурч байгаа нь баяжуулах фабрикийн үзүүлэлтүүдэд  сөргөөр нөлөөлнө. Иймээс баяжуулах фабрикийн техник технологийг шинэчлэх шаардлага ажил амьдралаас урган гарч байна. Магадгүй хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага ч гарах байх.

     - Эрдэнэт үйлдвэр хэр үр ашигтай ажиллах нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнээс хамааралтай байдаг. Энэхүү гадаад зах зээлийн орчин та бүхний ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?
      - Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тогтворгүй байна. Тухайлбал, бид 2019 онд улсын төсөвт тусгагдсаны дагуу нэг тонн зэсийн үнийг 6272 ам.доллар байхаар төлөвлөсөн. Энэ оны нэгдүгээр улирлын дунджаар дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ бидний төлөвлөсөн хэмжээнээс 50 гаруй ам.доллароор доогуур байлаа.  Энэ нь өртөг зардлаа хямгадаж ажиллах, арвилан хэмнэлтийн бодлогыг тууштай явуулах зайлшгүй шаардлагатайг сануулж байна. Тэр ч утгаараа бид үйлдвэрлэл, эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлж байна. Энэхүү шинэчлэлийг хийхдээ уламжлал-шинэчлэлийн зарчим  баримталж, цех, нэгж бүрийн онцлогт тохируулна.
     Шинэчлэлт өөрчлөлт хийснээр цех, нэгжийн бие даасан байдал дээшилнэ. Мэдээж ажлын уялдаа холбоо сайжирна. Өртөг, зардал буурна гэж тооцож байна. Эрдэнэт үйлдвэр 24 цагийн турш нэг минут ч зогсох ёсгүй, тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэр. Тиймээс ч бидний хийж байгаа өргөтгөл шинэчлэл, шинэ төслүүдийн ажил үйлдвэрлэлийн ажлыг зогсоохгүйгээр, хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр хийгдэх ёстой. Үүний тулд бид аюулгүй ажиллагааг хангаж, хөдөлмөр хамгааллын асуудалд онцгой анхаарах учиртай. Ер нь ажилтан бүр сахилга, дэг журмыг өндөр хэмжээнд баримталж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, бүх түвшинд хариуцлагыг өндөржүүлэх, санаа зорилго нэг байх, ёс зүйтэй байх гээд олон асуудал бий. Энэ бүхнийг бүтээлчээр эрчимтэй, зөв зүйтэй хэрэгжүүлж чадсанаар бид өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлж, том сорилтуудыг даван туулах болно.

      - Эрдэнэт үйлдвэрийн амжилт, ололт, бэрхшээлийн талаар та бид хоёр дэлгэрэнгүй ярилцлаа. Энэ том үйлдвэрийн цаашдын хувь заяаг авч явахад та ямар зарчим баримтлах вэ?
     - Үйлдвэрийн үйл ажиллагаа нэг минут, секунд ч зогсох, тасрах учиргүй. Тиймээс энэ тасралтгүй үйл ажиллагааг  мэргэжлийн өндөр түвшинд удирдаж, аливаа асуудалд  инженерийн ухаанаар хандаж, оновчтой шийдэл гарган ажиллах нь  юу юунаас чухал. Цаашид техник, технологи, байгаль орчин, мөнгө санхүүгийн болон боловсон хүчин, хүний нөөцийн талаар баримтлах тогтвортой хөгжлийн цогц бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлнэ. Эдгээр бодлогууд нь хоорондоо харилцан уялдаатай, нэгнээ дэмжсэн байдлаар хэрэгжих юм. Бид  эдгээр бодлогоо гарын таван хурууны бодлого гэж байгаа. Манай хамт олон 2018 онд гаргасан ололт амжилтдаа тулгуурлан 2019 оны ажлаа дажгүй сайн эхэлж, оны эхнээс техник, технологи, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн бүх үзүүлэлтийг 100-гаас дээш хувиар биелүүлэн ажиллаж байна.
     Уурхайчид бид хичээж ажилласнаар өнгөрсөн 2018 онд түүхэн дээд амжилтууд тогтоосон. Энэ амжилтаа бататгах амаргүй. Гэхдээ Монголчуудын ярьдгаар эзэн хичээвэл заяа түших биз ээ.
     Үйлдвэр, хамт олны маань ирээдүй тодорхой, гэрэлтэй, өөдрөг сайхан байгааг онцолмоор байна. Манай уурхайчид дөчин жилийн түүхтэй, жаран жилийн ирээдүйтэй үйлдвэрийнхээ хөгжил дэвшлийн төлөө итгэл төгс ажиллаж, зүтгэж байна даа.

     - Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

 

Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)