Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд төр засагт “дуугаа" хүргэлээ

Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч яваа уул уурхайн салбарт эх орны өнцөг булан бүрт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж буй бүсгүйчүүдийг өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэр 40 жилийнхээ ойн хүрээнд нэгэн дээвэр дор нэгтгэж “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” уриан дор чуулах боломжийг анх олгосон. Тэр цагаас хойш Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, салбарын эмэгтэйчүүдийн холбоод болон бусад төрийн бус байгууллагууд идэвхжиж, төр засгийн, жендерийн бодлого боловсруулахад онцгойлон анхаарч, улмаар цар хүрээ, агуулгыг улам өргөжүүлэн Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн Үндэсний II чуулганыг саяхан зохион байгуулсан нь  анхдугаар чуулганы үр дүн юм. Ийнхүү геологи, газрын тос, эрдэс баялгийн салбарын хүүхнүүд жил бүр тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, ойрын ирээдүйн зорилтоо дэвшүүлэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн асуудлыг шийдэхэд өөрсдийн дуу хоолойг төр засагт хүргэдэг уламжлал тогтлоо. Өнөөдрийн байдлаар уул уурхай, олборлолтын салбарын нийт ажиллагсдын 14 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд энэ удаа Эрдэс баялгийн салбарын 500 орчим эмэгтэй "Хамтын хүч-Хөгжлийн гарц" уриан дор Төрийн ордонд чуулсан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Үндэсний II чуулганыг нээж хэлсэн үгэндээ "...Өнгөрсөн жилийн чуулганаас хойш эрдэс баялгийн салбарт багагүй ахиц гарсан. 2018 оны байдлаар уул уурхай, олборлох салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 24, экспортын бүтээгдэхүүний 87, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг тус тус бүрдүүллээ. Эдгээр эeрэг үр дүн бол энэ салбарын эмэгтэйчүүдийн хүнд хүчир ажлын талбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилласан хөдөлмөр зүтгэл, эх орон, ард иргэдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлийн бодит илрэл, бахдам амжилт юм" хэмээн онцолсон.
     Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд уул уурхай, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, энэ салбарын эмэгтэйчүүдийн оролцоо олон улсад хэр хэмжээнд буй, жендерийн бодлогын баримт бичгийг хэрхэн хэрэгжүүлэх тухай нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Харин Засаглал ба эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн нөлөө, Гэр бүл ба нийгмийн баталгаа, Амжилтад хөтлөх ур чадварууд зэрэг сэдвээр салбар хуралдаан болов. Эрдэнэт үйлдвэр уурхайчдын амьдралд хамгийн ойр сэдэв болох “Гэр бүл ба нийгмийн баталгаа” салбар хуралдааныг бие даан тун амжилттай зохион байгуулсныг сурвалжиллаа.

    Энэхүү салбар хуралдааныг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа удирдаж, үндсэн илтгэлийг Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа тавьж хэлэлцүүлсэн юм. Харин оролцогчдийн асуултад хариулахаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Хүн амын бодлогын газрын дарга С.Тунгалагтамир, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, доктор А.Пүрэв, “Гал голомт” Үндэсний хөдөлгөөний тэргүүн, гэр бүл судлаач Д.Мөнхөө, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэд дарга Г.Саран, Жендерийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нар уригдан иржээ. Энд хөдөлмөр эрхлэх адил тэгш боломж, эрдэс баялгийн салбарын ажиллах орчин нөхцөл, цалин хөлсний  үнэлгээ, ялгаа, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангахад хамаарах асуудлуудын талаар нээлттэй ярилцлаа.
     Одоогоос найман жилийн өмнө Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан ч хуулийн хэрэгжилт эрдэс баялгийн салбарт хангалтгүй байгааг дурдахын зэрэгцээ Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 204 дүгээр тушаалаар баталсан “Эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт” 2008 он хүртэл хэрэгжээд цуцлагдсаныг мэдэхгүй, тоохгүйгээс ажилтан сонгож авахдаа уг жагсаалтыг одоо хэр мөрдөж буй аж ахуйн нэгжүүд эрдэс баялгийн салбарт байсаар байгааг хөндөв. Эрдэс баялгийн салбарт эмэгтэйчүүд ажиллах боломж эрчүүдтэй харьцуулахад хомс байгаа нь эрдэс баялаг, уул уурхай бол эрэгтэйчүүдийн салбар гэж ойлгогддог нийгмийн хандлага, ажил олгогчийн ойлголт, энэ салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчинээр эмэгтэйчүүд бэлтгэгдэхгүй байгаатай холбон тайлбарлаж байлаа. Түүнээс гадна ажиллах орчин нөхцөлийн асуудал нэлээд хөндөгдсөн. Ажилчдын сууц бүхий нэгдсэн барилга байгууламж байхгүй  уурхайнуудын хувьд доторлогоогүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй контейнерт дунджаар 2-8 ажилтан амьдардаг, зундаа халж, өвөлдөө даарч, халуун хүйтэн үлээдэг агааржуулагчийг өвөл зунгүй удаан хугацаагаар хэрэглэснээр, ажлын орчин нөхцөл байнгын тоосжилттой байдгаас уушигны болон жин цохих өвчин уурхайчдын дунд түгээмэл байдаг байна. Мөн уул уурхайн салбарын эмэгтэйчүүд эрчүүдээс 15 хувиар бага цалин авдаг. Эндээс харахад эрдэс баялаг, уул уурхайн салбарт эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалин хөлсний үнэлгээ ялгаа бусад салбартай харьцуулахад их байна. Түүнээс гадна уурхайчид эцэг эхийн үүргээ биелүүлэх боломжгүй, бага насны хүүхдүүд харгалзах хүнгүй үлддэг, гэр бүлээрээ хамт байх цаг бага, хардалт, үл ойлголцол, хэрүүл цаашлаад гэр бүл салалт их байгааг анхааралдаа авах цаг болсныг дуулгав. Ээлжийн ажилтай уурхайчин эмэгтэйчүүд хуулиар олгогдсон эрх үүргийн мэдлэг дутмагаас хөдөлмөрийн харилцаанд хохирогч болж үлддэг, нийгмийн болон эрүүл мэндийн халамж үйлчилгээ хүртэж чаддаггүй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмжийг хүртэхдээ тааруу зэрэг эрдэс баялгийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн нийгмийн баталгаа хангалттай түвшинд байж чадахгүй байгаа  нь бодит үнэн юм.
     Мөн энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэйчүүддээ зориулсан сайн жишээг танилцуулсан. Энэ үйлдвэрийн 6500 орчим ажилтны 32 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Ганцхан жишээ дурдахад Эрдэнэт үйлдвэр хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эмэгтэй ажилчиддаа сар тутам 500 мянган төгрөгийн нэмэлт тэтгэмж олгодог. Өнөөдрийн байдлаар энэ тэтгэмжийг 220 эх авч байна.  

    Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд Үндэсний II чуулганы “Гэр бүл ба нийгмийн баталгаа” сэдэвт салбар хуралдаанаас дөрвөн байгууллагад уриалга, зөвлөмж хүргүүлснийг танилцуулъя.   

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМАНД:
     Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн асуудал хариуцаж буй төрийн захиргааны төв байгууллагаас энэ салбарт авч хэрэгжүүлж байгаа олон арван бүтээлч ажил идэвхи санаачлагыг бид үгүйсгэж болохгүй юм.  Гэсэн хэдий ч энэ салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд, зорилтот бүлгийн иргэдийн ажиллах нөхцөл боломж, ажлын байрны таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр төдийлөн идэвхи санаачлага гаргаж ажиллахгүй байгааг сүүлийн жилүүдэд энэ салбарт хийгдсэн судалгаануудын үр дүн илтгэнэ.  Эрдэс баялгийн салбарт дагаж мөрдөж буй хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдэд үнэлэлт дүгнэлт өгч,  энэ салбарт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүний язгуур эрх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн шинэчилэл өөрчлөлтийг цаг алдалгүй эхлүүлэх шаардлага үүссэн байгааг энд цохон тэмдэглэж, эрдэс баялаг уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн гэр бүл, нийгмийн баталгааг хангах талаар  бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн эерэг зохицуулалт,  арга хэмжээ авахыг

ХӨДӨЛМӨР, НИЙГЭМ ХАМГААЛЛЫН ЯАМАНД:
     Дэлхийн ардчилсан төрт улсуудын үндсэн зарчим нь хүний язгуур эрх буюу ажиллаж амьдрах таатай нөхцлийг хангах нь төрийн хүлээх үндсэн үүрэг байхаар тунхагласан байдаг. Манай улсын хувьд уул уурхай хүнд үйлдвэрлэлйн салбар тухайлбал эрдэс баялагын салбарын ажилтан албан хаагчдийн хөдөлмөрийн нөхцөл олон улсын стандарт шаардлагад хүрэхгүй байгааг анхааралдаа авах цаг болсынг энд цохон тэмдэглье.
     Цаашид энэ чиглэлийн хууль эрх зүйн орчны судалгааг хийж, боловсронгуй болгох чиглэлээр дорвитой ажлыг цаг алдалгүй эхлүүлэх нь зүйтэй байна.
     Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд эрдэс баялагын салбар буюу хүнд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн ажиллах нөхцөл, таатай байдлыг бий болгох талаар огт тусгагдаагүй байгаа нь энэ тал дээр салбарын яамдын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хангалтгүй түвшинд байгааг харуулж байна.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ГАЗАРТ:
     Хүний амьдралын хамгийн үнэтэй зүйл бол гэр бүл, үр хүүхэд байдаг. Монголын ирээдүй болсон хүүхдүүд, тэднийг гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд, эцэг эхийн зөв үлгэр дууриалал  хайр халамжинд өсөн торних  боломжоор хангах гэр бүлийн болон байгууллага, нийгмийн  таатай орчинг бүрдүүлэхтэй холбоотой  бүхий хууль эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтэд  олон нийтийн оролцоотой хяналт тавьж ажиллахыг уриалж байна. Ялангуяа  эрдэс баялгийн салбар дахь эмэгтэйчүүдийн ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах , үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулах, сайн боловсрол эзэмшүүлэхэд хангалттай цаг зарцуулах талаарх суурь судалгааг олон улсын туршлагад үндэслэн бодитойгоор хийж шийдвэрлэх санал зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргэх хэрэгтэй байна.

ҮНДЭСНИЙ АУДИТИЙН ГАЗАРТ:
     Эрдэс баялгийн салбарт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдалд аудит хийж, үр дүнг УИХ, Засгийн газрын түвшинд танилцуулж, салбарын эмэгтэйчүүдийн гэр бүл, нийгмийн баталгааны ахисан, шинэ түвшний эрх зүйн зохицуулалтын эхлэлийг тавьж хамтран ажиллахыг хүсье.

МӨРӨӨДӨХӨД БУС ХИЙХЭД ЧУХАЛ НЬ ОРШДОГ.
МАРГААШ БИШ ӨНӨӨДРӨӨС ХАМТДАА ХИЙЖ ЭХЭЛЦГЭЭЕ.

М.ОДГЭРЭЛ
Фото: Б.БАТТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)