“Эрдэнэс-Тавантолгой” ХК "Шилдэг менежмент"-тэй компаниар шалгарлаа
- 2019-05-14
- Уул уурхай
- 0
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон "Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент" номинацийн эзэн болсонтой холбогдуулан Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн нийт уурхайчин, ажилтнууддаа баяр хүргэлээ.
"Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент" номинацид "Анд глобал” ХХК, "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэр дэвшсэнээс "Эрдэнэс Тавантолгой” ХК "Шилдэг менежмент" шагналыг гардсан юм. "Шилдэг менежмент” номинацид нэр дэвшиж өрсөлдсөн "Анд глобал” компани нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас таван сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, компанийн зах зээлийн үнэлгээ 30.4 сая ам.доллар хүргэсэн байна. Мөн өрсөлдөгч "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын хувьд зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог бөгөөд хүдрийн олборлолт сүүлийн хоёр жилд өсөж, 2018 оны байдлаар 36 сая 600 мянган тонн хүрчээ. Мөн 31.4 сая тонн хүдэр боловсруулдаг болоод байгаа аж.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ үеэр "Дэлхийн 180 гаруй улс оронд эдийн засгийн онцлох үйл явдлыг түргэн шуурхай, үнэн бодитоор хүргэдэг энэ том байгууллагын хамгийн бодитай шалгаруулалтын эзэн болж, амжилтыг амжилтаар бататгаж, дэлхийд танигдсан нь бидний хамтын зүтгэл юм. Манай компани 2016, 2017, 2018 онуудад эдийн засгийн үзүүлэлтээр амжилт гаргасан бөгөөд төр муу менежер биш юм гэдгийг харуулж чадлаа” гэж онцлон хэллээ. Мөн "Татварын Ерөнхий газраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ хэрэгжүүлж 2018 онд төрийн алтан санд нийт 391 тэрбум 979 сая төгрөг төвлөрүүлж, татвар төлөлтөөрөө улсад хоёрдугаарт, ААНОТ-ын төлөлт болон хамгийн өндөр ашигтай ажилласан байдлаараа нэгдүгээрт эрэмбэлэгдсэн талархлын батламжийг гардан авлаа. Бидний амжилтад Засгийн газар, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс өгсөн оновчтой бодлого, дэмжлэг ихээхэн нөлөөлснийг онцолж байна” гээд бүгдэд ажлын амжилт хүслээ.
"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажилласан бөгөөд амжилттай ажиллахад нэгдүгээрт, олборлолт, борлуулалтын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн, хоёрдугаарт, үндсэн бүтээгдэхүүн борлуулах бодлогоо өсгөх, тогтвортой байлгах боломж бүрдүүлсэн, гуравдугаарт, менежментийн зөв бодлого баримталсан нь голлон нөлөөлснийг шалгаруулагчид үзсэн байна.
Компани ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 70 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. IPO хийх бэлтгэл ажилтай холбоотойгоор компанийн менежментийг сайжруулах чиглэлээр шат дараалсан ажлууд хийж байгаа юм. Одоогоор нүүрсний нийт нөөцийг 7.4 тэрбум тонн гэж тогтоосон бөгөөд үүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс юм.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2019 онд өнгөрсөн оны амжилтыг бататган үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулж, бусад дагалдах томоохон төслүүдийг хөдөлгөн ашигтай ажилласнаар цаашдаа 1072 хувьцаа эзэмшигч нэг иргэнд жилд 26800 төгрөг өгөх тухай биш үүнийг 5-10 дахин нэмэгдүүлсэн хэмжээний ногдол ашиг өгдөг компани болох боломжтой юм.
Сэтгэгдэл (0)