Монгол – Германы эдийн засгийн хорооны 8 дугаар уулзалт боллоо

“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хянах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн дэргэдэх Эдийн засгийн хорооны ээлжит 8 дугаар уулзалт ХБНГУ-ын Берлин хотноо боллоо. 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү Монгол-Германы Эдийн засгийн хорооны Монголын талын тэргүүлэгчээр ажилладаг юм. Тэрбээр уулзалтын эхэнд талуудын хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон цаашдын зорилго, хөрөнгө оруулалтын талаар хөндөв. Эдийн засгийн хороо нь өнгөрсөн 7 жилийн хугацаанд Монгол Улсад жишиг болохуйц олон төсөл хэрэгжүүлж, улс орны болон орон нутгийн эдийн засагт дэмжлэг болж байгаа юм. Түүний нэг нь 2018 онд ашиглалтад орсон Сайншандын салхин парк бөгөөд төслийн үр дүнд ажлын байр нэмэгдэж, үндэсний эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлснийг П.Ганхүү захирал онцолсон байна. Мөн Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийг байгуулснаар одоогоор 160 гаруй оюутан суралцаж, энэ жил хоёр дахь төгсөлтөө хийж буйг дурджээ.

“Эрдэнэс Монгол” компани нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул хийж буй бөгөөд ашиглалтын төсөлд хамтран ажиллах боломж бийг илтгэлдээ онцлоод цаашид амжилттай хэрэгжих олон ажлын эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Уулзалтаар хөндөгдсөн төсөл, хөтөлбөрүүдийг Монгол-Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн 7 дугаар хуралдаанд танилцуулжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)