Ж.Ганчимэг: Цагаан тоосны нөлөөгөөр өвчилсөн хүн эрүүл мэндийн үзлэгээр илрээгүй
- 2019-05-31
- Уул уурхай
- 1
- Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн элсний хуримтлалаас босдог цагаан тоос хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ? Эрүүл мэндийн үзлэгийг ямар давтамжтай зохион байгуулж байна вэ?
- “Цагаан тос” дэд хөтөлбөр Орхон аймагт 2006 оноос хойш хэрэгжиж, энэ хугацаанд 12 удаагийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж ирлээ. Энэ нь 2006-2015 онд хэрэгжүүлэх Байгаль орчны сайдын тушаал, Орхон аймгийн Засаг даргын захирамж шийдвэрийн дагуу тухайн тоосжилтын болон нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийг эрүүл мэндийн хяналт буюу урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах хүрээнд хийгдсэн ажил. Уг ажилд Эрдэнэт үйлдвэр үзлэг шинжилгээнд зарцуулагдах төсөв хөрөнгө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, аймаг орон нутгийн зүгээс мэргэжлийн эмч нарын баг бүрдүүлэн хамтран ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, цагаан тоос нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг тодорхойлох зорилготой уг үзлэгийн ажилд Орхон аймаг болон Баян-Өндөр сумын ЗДТГ, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Эмнэлэг сувиллын цогцолбор, Эрдэнэт үйлдвэр зэрэг бүхий л холбогдох мэргэжлийн байгууллагууд оролцдог гэсэн үг юм. 2006 оноос хойш энэ үзлэгт 288 иргэн хамрагдсан нь нийт хамрагдах ёстой хүний 78.9 хувь нь болж байгаа. Үзлэгт хамрагдсан хүмүүсийн энэ бүсэд амьдарсан жилийг дунджаар авч үзвэл 28.6 жил оршин суусан иргэд. Тиймээс цагаан тоосноос үзүүлж буй өөрчлөлт, өвчлөлийн шинж тэмдэг бүрэн илрэх боломжтой бүлэг гэж үздэг. Мөн үүнтэй дүйцүүлээд бид хяналтын буюу өртөлтийн бүлэг, тоосжилтын бус бүсээс иргэдийн төлөөллийг хамруулж үзлэгт оруулж байна. Нийт 196 хүнийг ийм бүлгээс оруулахаар төлөвлөж, 149 буюу 69 хувийг нь хамруулсан. Бидний хийж буй үзлэг бол тухайн иргэдийн эрүүл мэндийн байдалд нь хийдэг нарийвчилсан шинжилгээ юм. Тухайлбал, ерөнхий шинжилгээг 18, шээсний шинжилгээг 11, биохимийн шинжилгээг 9 гэх зэргээр нийт 40 гаруй үзүүлэлтээр эрүүл мэндийн үзлэгийг явуулдаг юм. Өнөөдрийг хүртэл бидний хийж ирсэн эрүүл мэндийн үзлэгийн явцад цагаан тоосны сөрөг нөлөөллөөр өвчилсөн хүн гараагүй. Өөрөөр хэлбэл, цагаан тоосноос шалтгаалсан өвчлөл илрээгүй гэж хэлж болно.
- Цагаан тоосны нөлөөлөл тогтоох үзлэгийг Эрдэнэт үйлдвэр хийж байгаа нь хариуг өөрийн талд гаргах магадлалтай гэх хардлага, сэрдлэг байдаг?
- Ярианы эхэнд би хэлсэн. Цагаан тоосны хор уршигаар хүний эрүүл мэндэд үзүүлж буй муу нөлөөг тогтоох үзлэгийг Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулдаг. Цагаан тоосны сөрөг нөлөөллийг эмнэлгийн тусгай үнэлгээний аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар нарийн мэргэжлийн баг тодорхойлно. Мөн дүрс оношилгоо, зүрхний бичлэг зэрэг нарийн үзлэгүүдийг БОЭТ болон Медипас эмнэлгийн мэргэжлийн эмч нар, хувийн хэвшлийн эмнэлэг, Эрдэнэт сувилал цогцолборын нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн хамтран хийж байна. Тэгэхээр цагаан тоосны сөрөг нөлөөг шинжлэх эрүүл мэндийн үзлэгийг Эрдэнэт үйлдвэрийн сувилалын эмч нар дангаараа бус мэргэжлийн олон төлөөллөөс бүрдсэн баг хийдэг гэдгийг дахин онцолж хэлье.
- Үзлэгт хамрагдаж буй иргэдээс ямар өвчний шинж тэмдэг ихэвчлэн илэрдэг вэ?
- Үзлэгт хамрагдсан иргэдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийг аваад үзэхэд, ихэнх хувь нь архаг хууч өвчтэй, уушигны бронхиттэй гэсэн онош гарсан. Харин өнөөдрийн яриад байгаа цагаан тоосны урхагаар уушиг тоосжих өвчин илрээгүй. Ер нь энэ хугацаанд үзлэгт хамрагдсан иргэдийн 69.7 хувь нь уушигны үйл ажиллагаа алдаагүй, хэвийн үзүүлэлттэй байдаг. Тоос тоосонцор, тэр тусмаа нарийн ширхэгтэй тоосны сөрөг нөлөө голдуу уушиг тоосжих өвчинд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, тоос нь хүний ам хамраар дамжиж уушигны цулцанд очиж наалдсанаас үүсдэг өвчин. Тэгэхээр ийм өвчний шинж тэмдэг аль ч үзлэгийн үр дүнгээр илрээгүй. Харин гуурсан болон залгиур хоолойн үрэвсэлт өвчнүүд, ахуйн хүрээний тоос, тамхидалт зэрэг зуршлаас үүддэг бронхит, астам өвчнүүд үзлэг шинжилгээгээр гардаг. Онцолж хэлбэл, тамхи татсанаас шалтгаалан уушигны бронхит болон бусад үрэвслээр өвчилсөн тохиолдол нэлээд байдаг. Бид эдгээр иргэдийг зөвхөн үзлэгт хамруулаад орхидоггүй, нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзүүлэлт бүрт нь зөвлөгөө өгч, эмчилгээ заадаг.
- Цагаан тоос урагт нөлөөлөх хэмжээний хор хөнөөлтэй гэсэн цуу яриа ч бий?
- Цагаан тоос нярай, урагт нөлөөлдөг эсэх нь энэ эрүүл мэндийн үзлэгт ороогүй. Энэ бол өөр асуудал. Эрдэнэтийн 40 жилийн хугацаанд ийм зүйл огт сонсогдоогүй, гарч байгаагүй. Эрүүл мэндийн үзлэгт Эрдэнэтэд хамгийн багадаа 15 жил амьдарсан хүмүүс хамрагддаг. Энд хамрагдах хүмүүсийн сонголтыг Эрдэнэт үйлдвэр хийдэггүй, тухайн баг нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгж нь хийдэг. Харин сүүлийн жилүүдийн судалгааг санамсаргүй түүврийн аргаар сонгож байна. Одоогийн байдлаар, хүний эрүүл мэндэд цагаан тоос ийм сөрөг нөлөө үзүүлсэн байна гэсэн нотолгоо байхгүй тул илүү нарийн шинжилгээг хийх үүднээс бид шинжлэх ухааны академид хандан хамтарч ажиллах санал тавьсан. Тодруулбал, Шинжлэх ухааны академи, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ чиглэлийн нөлөөллийн үнэлгээг хийж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан байгаа. Энэ нь хөндлөнгийн хяналттай төдийгүй өөрийн нарийвчилсан аргачлалаар хийгддэг онцлогтой. Тиймээс эдгээр байгууллагууд нөлөөллийн үнэлгээ хийснээр бидний олон удаагийн эрүүл мэндийн үзлэгийн дүн баталгаажина гэж харж байна.
- Хүний биед сөргөөр нөлөөлдөг тоосны өөр эх үүсвэр байдаг уу?
- Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Байгаль орчны яамны шалгалт ирж, эрүүл мэндийн үзлэгийг хамтран хийсэн. Энэ шалгалтын үеэр яамнаас өгсөн чиглэл нь ер нь хотжилт дагасан тоос тоосонцорын асуудал байнга яригддаг. Тухайлбал, асфалт буюу хар зам, гэр хорооллын утаа, агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөллийг тогтоох шаардлагатай гэдгийг онцолсон. Эдгээрийн нөлөөллийг тогтооход зориулалтын аппаратаар тодорхой хугацаа зарцуулж хийх шаардлагатай юм. Тиймээс өнөөдөр манай иргэдийн яриад байгаа асуудал бол мэргэжлийн түвшний үзлэг шинжилгээгээр батлагдаагүй. Ямар нэг нотолсон зүйл байхгүй. Тэгэхээр цагаан тоос босдог болон нөлөөллийн бүсэд амьдарч байгаа гурван багийн 10 мянга гаруй хүн, тэдгээрээс илүү өртөлтийн бүсэд буй 3000 хүнд цагаан тоосноос шалтгаалсан өвчлөл илрээгүй гэсэн үг. Мэргэжлийн байгууллагуудаас бидэнд зөвлөмж ирүүлсэн. Зөвлөмжид орон нутгийн төр захиргааны байгууллага, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хийх ажил үүрэг, нөгөө талаас цагаан тоос боссон үед иргэд өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэдгийг тодорхой тусгаж өгсөн байгаа. Үүний хэрэгжилтэд Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрууд хяналт тавьж ажиллаж байна.
М.Балжинням
Сэтгэгдэл (1)
Эрдэнэтийнхэн (43.228.129.129)
Элбэгдорж луйварчингийн нэг дугуй ,цагаан тоосны тухай үнэлэлт өгөх болоогүй шүү. Эба-гаа дагаад чагнуураас өөр юм мэдэхгүй лалар толгойлоод эрдэнэтээс тонил Ган-гээ,Чи ч Эбагаа насаараа Монголыг дарлана гэж их л тэнэгтэж байсан аа мартаагүй биз дээ. Гок-оос хөөж Ховдод багийн эмч хий