Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам засварын ажил 75 хувьтай үргэлжилж байна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд хугацаатай албан даалгавар гаргасан. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтийн явцад хяналт тавих хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Энхболд болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү тэргүүтэй албаны хүмүүс амралтын өдрүүдэд /2019.08.09-08.11/ Өмнөговь аймагт ажиллалаа.

Албан даалгаварт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг засч, тэмдэг, тэмдэглэгээг нь сайжруулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ болон “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захиралд даалгасан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын засвар арчлалтын ажил 75 хувьтай буюу 47 км замыг асфальтаар хучсан бөгөөд ирэх есдүгээр сарын 12-нд дуусгахаар төлөвлөсөн гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяр дуулгалаа. Мөн зам засварын ажлыг богино хугацаанд, чанартай гүйцэтгэж байгаагийн үр дүнд осол аваар өнгөрсөн онтой харьцуулахад 14.3 хувиар буурсан аж. Замын эвдрэл гэмтэл эрс багасч, засвар арчлалт сайжирч буйг жолооч нар ярьж байна. 

Цаашид “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс тус чиглэлд ажиллаж буй цагдаа нарын орон тоог нэмэгдүүлэх, цагдаагийн албанд хоёр автомашин олгох, мөн зам дагуу гэрлэн дохио болон гэрэлтүүлэг тавих ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрт явж буй жолооч нарын амарч тухлах орчныг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн газарт авто зогсоол байгуулж буй. Тодруулбал, Гашуунсухайт боомтоос 8.4 км-т 2500 автомашины “Тайван зогсоол” цогцолбор байгуулах ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэхүү цогцолборыг барьснаар жолооч нар автомашинаа аюулгүй газар байрлуулж, 10 мянган м.кв талбай бүхий нэг цэгээс төрийн болон хувийн бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой болох юм. Мөн ажлын хэсэг Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг эхлүүлэх судалгааны ажлын явцтай танилцлаа.

Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолжээ.  

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.161.126)

    2019-08-13

    Ene zasvariin ajil deer ajillaj baigaa xuchiig shuud Darxanii zamd ashiglaval ard tumen bidendee ix xereg bn daa