“Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Асгатын мөнгөний ордод ажиллалаа
- 2019-08-14
- Уул уурхай
- 0
Засгийн газраас “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсний дагуу өнгөрсөн зургаадугаар сард Ашигт малтмал, газрын тосны газраас уг ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн юм. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Ашигт малтмал, газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай хамтран Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судлахаар ажиллав. Тэд ордоос технологийн дээж авах, замын нөхцөл байдал, уурхайн хэвтээ амуудад нэвтрэх боломжийг судаллаа.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Уул уурхай, техник, технологийн газрын захирал Б.Элбэгзаяа тэргүүтэй төлөөлөл Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай уулзаж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар санал бодлоо солилцов. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар орон нутгийн төсөвт дэмжлэг болж, иргэдийг ажлын байраар хангах боломжтой болж буйг дурдаад аймгийн удирдлага бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл (0)