Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Багануур" ХК-д ажиллалаа
- 2019-06-30
- Уул уурхай
- 0
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллалаа. Тэрбээр эхлээд “Багануур” ХК-ийн удирдлагууд, ажилчидтай уулзлаа. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан, 1121 ажилтантай. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг. Сүүлийн 3 жил ашигтай ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо 85 хувийг цахилгаан станцуудад нийлүүлдэг. Газраа буюу ордынхоо лицензийг алдсан асуудлаар шүүхэд хандаж, төр ордоо эргүүлж авсан” гэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Багануурын уурхай бол улсын гал голомт болсон газар. Өвөлжилтийн бэлтгэлээ энэ сараас хангаж ажиллах ёстой. Мөн санхүүгийн сахилга бат дээр анхаарч ажиллах ёстой. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, хууль бусаар ажилд орсон асуудал яригдаж байна. Сахилга бат, дэг журам тогтоож, үрэлгэн зардлаа танаж ашигт ажиллагаагаа дээшлүүлэх хэрэгтэй" гэв. Багануурын уурхай өнгөрсөн 40 жилд 116 сая тн нүүрс олборложээ. Энэ онд 4,1 сая тн нүүрс олборлож борлуулах төлөвлөгөөтэй. 2018 онд улсад татвараар 24 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)