Гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчин, түүний хор уршиг

Уншигч та бүхэндээ эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “Тархины цэнэг бичил төсөл”-ийг мэдээллийн тэргүүлэгч сайт “Залуу.ком”, эрүүл мэнд, боловсролыг дэмжигч “Цэнэг.мн”, эрүүл мэндийн төрөлжсөн “Эмч.мн” сайтууд Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж эхэлж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа “Гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчин, түүний хор уршиг”-ийн талаар мэргэжлийн эмчийн зөвөлгөө, мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Юуны өмнө залгиур болон гүйлсэн булчирхайн бүтцийн талаар авч үзье. Залгиур нь хүзүүний урд хэсэгт байрласан юүлүүр хэлбэртэй булчинлаг хөндий эрхтэн бөгөөд амны хөндийг улаан хоолойтой, хамрын хөндийг төвөнхтэй холбож, мэдрэлийн үйл ажиллагааны удирдлагаар хоол боловсруулах, амьсгалах үйл ажиллагааг зэргийг  зохицуулдаг. Гүйлсэн булчирхай нь залгиурын дунд хэсэг буюу амны хэсэгт байрлах бөгөөд залгиурт орших тунгалагийн нэхдэсийн бөөгнөрөлийг хэлнэ. Түүний гадаргуугаас цагаан эс байнга  ялгарч байдаг. Гүйлсний хальс залгиурын ханын хооронд хөвсгөр холбогч эдээр дүүрсэн гүйлсний ойролцоох зай оршдог. 

Ангина нь гүйлсэн булчирхайн гэмтлийн шинж тэмдгээр илэрдэг халдвар харшлын гаралтай  бүх биеийн өвчин бөгөөд 80 гаруй хувть нь эмгэгээр даамжирдаг.

            

Ямар шалтгаанаар гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчин үүсдэг вэ? 

Ангины үндсэн үүсгэгч нь стрептококк (цус задлагч β бүлгийн)  79% - 98%-д тохиолддог.    Халдварлах зам нь агаар дуслын зам,  агаар тоосны зам, кариестай шүд, лакуны бөглөөс, идээт хамрын дайвар хөндийн үрэвслээс халдварладаг.

 Вирүсын үүсгэгчид:

  • Rhinovirus- Ханиадны шинжтэй залгиур хоолой улайж үрэвсэх;
  • Coxsackievirus- Гар, хөл, амны хөндийн үрэвслийн хэлбэрээр халуурах, хоолой өвдөх,  цэврүүт тууралт гарах шинжээр илрэх;
  • Herpes Zoster- Арьс салстад цэврүүт тууралт гарч, гурвалсан мэдрэл цочрох;
  • Herpangina- Ханиадны олон шинжээр илрэх;
  • Aphthous Stomatitis-Зөөлөн тагнай хэл завжинд олон тооны өвчтэй шархлаа гарах;
  • Papilloma HPV – Төвөнхийг гэмтээх;
  • Epstein-Barr Virus- Халдварт мононуклёз өвчин үүсгэх;

Бактерийн үүсгэгчид:

  • Вeta hymolitic streptococci – Залгиур гүйлсэн булчирхайг үрэвсүүлэх;
  • Streptococci pneumoniae;
  • Staphylococcus aureus;
  • Людвигийн халдвар;

Үрэвссэн үед ямар зовиурууд илэрдэг вэ?

Залгиурын өвчин эмзэглэл, улайлт, гүйлсэн булчирхайн шар, цагаан өнгөр, залгиурын шархлаа цэврүүт хүндрэл , дуу сөөнгөтөх,  толгой өвдөх, хоолны дуршил алдагдах , чихний өвдөлт, залгихад бэрхшээлтэй болох, хүзүү эрүү орчмын булчирхай цочих, халуурах, бусад эрхтэн системийн талын өөрчлөлтүүд гардаг.

Эмчилгээ

Гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээг гэртээ хийж болох бөгөөд ихэнхдээ хэвтрийн дэглэм баримтална. Антибиотикыг зөвхөн эмчийн заавраар антибиотик мэдрэг чанарыг үзүүлсэний дараа антибиотикийн курс эмчилгээг дуустал нь хийх хэрэгтэй. Эмчилгээний дэглэм алдагдах, эмчилгээ дутуу хийгдсэн тохиолодолд тодорхой хугацааны дараа  үрэвсэл дахин үүсэх магадлалтай байдаг.

Гүйлсэн булчирхайн үрэвслийн үед шингэн юм ихээр ууж, илчлэг өндөртэй, аминдэм ихтэй шингэвтэр хоол хүнсийг хэрэглэнэ. Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хэрэх /хэрлэг/ буюу ревматизм өвчин үүсэхийн эхний дохио болох магадлалтай. Хэрэв гүйлсэн булчирхайн үрэвслээр өвчилснөөс хэд хоногийн дараа үеэр өвдвөл  үений холбогч эдийн эмгэгийн мэргэжлийн эмчид хандан үзүүлэх хэрэгтэй. Гүйлсэн булчирхайн архаг үрэвслийн үед хамгийн үр дүнтэй арга нь мэс заслын эмчилгээ байдаг.

Ямар үед гүйлсэн булчирхай авах мэс засалд орох шаардлагатай вэ?

Гүйлсэн булчирхайн мэс заслыг тодорхой заалтаар авдаг. Харьцангуй болон туйлын заалт гэж байдаг. Туйлын заалтад залгиурын халдвар олон дахих, гүйлсэн булчирхай үрэвсэж залгиурт буглаа үүсэх, тагнайн гүйлсний томролтой байх, хоруу явцтай үрэслийн хэлбэр олон тохиолддог үед зайлгүй мэс засал хийнэ. Хэт том гүйлсэн булчирхайтайгаас хоолой бачуурах шинж илэрдэг, залгиурын нянгийн шинжилгээнд хоолойн ангины гол үүсгэгч болох стрептококк илрэх, аманд муухай амт амтагдах, амнаас эвгүй үнэр гарах, зүрх судасны эмгэг, бусад эрхтэн системийн эмгэгүүдийн үед харьцангуй заалтаар мэс засалд бэлтгэдэг.  

Мөн гүйлсэн булчирхайн үрэвслийн дахилтаар нь сүүлийн нэг жилийн дотор 7 буюу түүнээс дээш тохиолдол, сүүлийн 2 жил дараалан 5 буюу түүнээс дээш тохиолдол, сүүлийн 3 жил дараалан 3 буюу түүнээс дээш тохиолдолд мэс засал эмчилгээ хийдэг.

Мэс засал эмчилгээг ямар үед хийхгүй вэ?

Цусны гемоглобины түвшин 10г/л-ээс бага буюу цус багадалт, гүйлсэн булчирхайн цочмог үрэвсэл , амьсгалын дээд замын халдвар, уруул тагнай сэтэрхий хүүхэд, цусны эмгэгүүд, бусад эрхтэн системийн өвчний сэдрэлийн үе, цус шингэлэх эм хэрэглэж байгаа болон сарын тэмдэгийн үед, уналт таталтын эмгэгтэй, 50-с дээш насанд тус тус мэс заслыг хийхийг хориглодог.

Ангины улмаас ямар хүндрэл, хор нөлөө үүсдэг вэ?

Сүүлийн үед залгиур хоолойн үрэвсэл нянгийн хоруу чанар, тухайн хүний дархлаа чадамж, эмийн сангаас дур мэдэн тохирохгүй антибиотик худалдан авч ууж байгаагаас залгиур луу эм цацах, гүйлсруу тариулах, хүзүү хоолойд жин тавьж байгаа зэргээс хамаарч үрэвсэл хүзүүний булчин, хальс, яс эрхтэнүүдийн хоорондын  тусгаар зайнуудад үрэвсэл үүсгэж, идээ хуралдан залгиурын буглаа үүсгэдэг.   Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь зүрх судасны системтэй холбоотой зүрхний булчингийн үрэвсэл, үе мөчний талаас реватизм буюу хэрэх өвчин, бөөрний талаас бөөрний үрэвсэл зэрэг хүндрэлийг үүсгэх аюултай юм.

 

“Тархины цэнэг төсөл”

УГТЭ-ийн ЧХХМЗТасгийн их эмч Г.Уянга

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Даариймаа (202.55.188.85)

    2020-05-23

    Миний залуур хоолойнд юм тээгэлсэн мэдэрэгдээд байхийн хаана үзүүлбэл зүгээр вэ туслаач миний дугаар96269898

  • зочин (103.9.90.98)

    2019-10-29

    Уянгаа эмчтэй уулзмаар бна утсы нь өгөөч