Ц.Сосорбарам: Уул уурхайн салбарт хамгийн их ус зарцуулдаг уурхайнуудын нэг нь “Ухаа худаг”

Техникийн ухааны доктор, усны зөвлөх инженер Ц.Сосорбарамтай ярилцлаа.

-Монгол Улсын усны нөөцийн талаар яриагаа эхэлье?

-Дэлхийд Монгол Улс усны нөөцийн хувьд ихэд нь ч ордоггүй, багад нь ч ордоггүй. Гэхдээ хуурайвтар уур амьсгалтай. Орж байгаа тунадас, ууршиж буй ууршилт алдагдал нь тэнцдэг. Монгол орны нутаг дэвсгэрийн хойд хэсэг нь усан хангамж ихтэй. Өмнөд хэсэг нь усны нөөц багатай. Баруун талын хувьд усны нөөц хангалттай. Зүүн талаараа багатай. Манай улс усны нөөцийн хувьд байршлын их ялгавартай орон. Дэлхийн усны нөөц 1.4 тэрбум териллон метр куб байгаа. Түүний 97 хувь нь далайн ус байдаг. Энэ усыг хүн уух боломжүй. Үлдсэн гурван хувь нь цэнгэг ус байдаг. Үүний хоёр хувь нь хойд, өмнөд мөс. Ганцхан хувь нь уудаг ус. Монгол орны хувьд 554 км куб хэмжээний газрын гадаргын цэнгэг усны нөөцтэй. Цэнгэг усны газрын доорх усны нөөц 12 км куб буюу нийт нөөцийн дөрөв орчим хувь нь газрын доорх ус. 96 хувь нь гадаргын ус байдаг. Манай улс нийт хэрэглээний усыг газрын доорх усаар буюу дөрвөн хувиар шийддэг. Өөрөөр хэлбэл, 80 гаруй хувийг газрын доор усаар, үлдсэн 20 хувийг гадаргын усаар шийддэг гажиг тогтолцоотой гэсэн үг. Өмнөд говь хээрийн бүсийн хүн ам, амьтны бүх усны хэрэгцээг газрын доорх усаар хангадаг. Хангайн бүсийн хот суурингуудад голын эрэг дээр худаг гаргаад бас л газрын доорх усыг хэрэглэж байна. Гадаргыг усыг шууд авч хэрэглэж байгаа хүмүүс зөвхөн малчид л байна.

-Говийн усны нөөц хэр байгаа вэ. Уул уурхайн компаниуд говийн усыг ашигладаг шүү дээ?

-Говьд томоохон гэж нэрлэгдэх хэдхэн газрын гүний усны секундэд орд байдаг. Түүний дотор Монголын томоохон ашигт малтмалын орд нээгдсэн. Гүний ордын усны нөөцийг “Оюу толгой” ХХК-иас ашиглаж байгаа. Энэ нь нэг секундэд 1990 литр ус хэрэглэдэг. Түүнчлэн Таван толгой ХХК-ийн дэргэд газрын доорх усны хоёр гурван ордыг нээсэн. Хамгийн том нь “Балгасын улаан нуур” байна. Энэ нэг секундэд 430 литр ус өгдөг. Оюу толгойд Гүний хоолойн усны ордоос 840 литр ус авахыг зөвшөөрсөн байгаа. Таван толгойтой ойролцоо газрын доорх усны ордууд бий. Наймдаан орд, Балгасны улаан зэрэг юм. Таван толгойн коксжих нүүрсний ордын хамгийн их нөөцтэй хэсэг болох “Ухаа худаг”-ийн ордод секундэд 112 литр ус ашиглах дүгнэлт гаргуулсан байдаг. Дүгнэлтийн дагуу хоёр жил тутам мониторинг хийгээд нөөцийн зөвлөл дээр нөөцийн хайгуулыг нэмэгдүүлж тогтоосон гэсэн яриа гараад дахиж мониторинг хийх гэсэн боловч хийлгэхгүй байгаа. Үүнийг нарийвчлан дахин усны нөөцийг тогтоох шаардлагатай. Усны нөөцийг ихээр батлуулаад авчихсан нь усны эрдэмтдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Анх энэхүү газрын гүний усыг ашиглах зөвшөөрлийг хоёр жилийн дараагаар дахин усны нөөцийг тогтоох нарийвчлалтайгаар хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлттэйгээр өгсөн. Ингээд нэг секундэд 112 литр усаар нүүрс угаадаг болсон. Гэтэл говийн бүсэд хүн амын чанартай усан хангамж, малын болон газар тариалангийн усан хангамж тулгамдсан асуудал болсон. Өөрөөр хэлбэл, нүүрсийг баяжуулаад гаргахаас илүүтэйгээр хүн амын усан хангамж, мал бэлчээрийн усан хангамж, газар тариалангийн усан хангамж илүү онцгой тулгамдсан зүйл болж буй энэ үед уурхайд хэрэглэж байгаа цэнгэг усыг анхааралдаа авч хяналттай байх, дахин ус ашиглах зөвшөөрлийг шинээр өгөх ёстой.

-Уул уурхайд газрын гүний усыг ашиглах нь хэр хор хохиролтой байдаг вэ?

-Газрын доорх ус 5000-аас дээш жилийн насжилттай байдаг учраас 5000-аас 50 сая жилийн хугацаанд ус бүрэлдэж бий болсон байдаг. Тиймээс тэр ус эргэж нөхөн сэргээгдэхдээ тийм хэмжээний цаг хугацааг зарцуулсан гэсэн үг. Дор хаяж ус эргэж нөхөн төлжихөд 5000-н жил хэрэгтэй. Тиймээс аль болохоор газрын доор усыг их хэмжээгээр хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэрэглэхээр бол газрын гадаргын устай хосолмолоор хэрэглэвэл үр дүнтэй. Ус хэрэглэхгүй байна гэж байхгүй. Эхлээд хүн амынхаа усны хангамжийг баталгаатай болгосныхоо дараагаар илүү гарсан усаа уул уурхайн баяжуулах үйлдвэрт ашиглах боломжтой. Гэтэл энэ боломж говийн бүс нутагт хангагдахгүй байна. Яагаад гэвэл говийн бүсэд байгаа том том уул уурхайнуудын усны хэрэгцээ хэдэн аймгийн хүн амын усны хэрэгцээнээс давчихсан явж байна. Жишээлбэл, Гүний хоолойн ус ашиглалт байна. Энэ газар нэг гэж хэлэх хооронд л мянган литр ус хэрэглэж байна шүү дээ. Нэг тонн нүүрсийг 30 доллараар зардаг бол угаахаар 180 доллар хүрдэг. Ийм ашиг олж байгаа ч нэгдүгээрт, ард түмэнд ашиг нь ирэхгүй байна, хоёрдугаарт, усны нөөцөд муугаар нөлөөлж байна, хэдхэн хүний эрх ашигт нийцээд олсон орлогоо гадаадын оффшорт байлгаад байна. Үүний нэг нь “Ухаа худаг” юм. Тэр бол хувь хүний хэдхэн компанийн л өмч байгаа. Эдгээр нь сүүгээр бол өрмийг авахдаа баяжуулаад усаар угаагаад байгаа л гэсэн үг.Ус бол юутай ч зүйрлэшгүй орлуулж болдоггүй стратегийн эрдэс. Энэ эрдэсийг ашиглаад нүүрс угаагаад байтал газрын усны нөөц нь ирээдүйд үр хүүхдүүдэд муугаар нөлөөлнө.

Усны тухай асуудлыг Үндсэн хуулийн 6.1-д заахдаа ус хэвлийн баялаг, ус төрийн мэдэлд байна гэж заасан байдаг. Тэгэхээр төрийн өмчит үйлдвэрийн газарт төр зөвшөөрөөд хэрэглүүлж байгаа тохиолдолд ирж байгаа татвар ард түмэнд хүрдэг. Хувийн компаниудын хувьд гадныхантай нийлээд өөрсдөө баяжаад байдаг. Төрд оруулж байгаа татвар нь янз бүрийн байдлаар наашаа цаашаа болох асуудал гардаг.Ийм тохиолдолд уул уурхайд ашиглуулж байгаа үнэ цэнтэй усыг хэмжээ хязгаартай хэрэглүүлэх ёстой. Тэд орлого ашгаа нэмэдүүлье гэвэл хангайн бүсээс усыг шилжүүлж авч ирэх төсөлд оролцож, хөрөнгө оруулах хэрэгтэй. Ингэснээр хосолмол хэрэглэх тохиолдолд усны үнэ цэнийг чөлөөлөх үндэс нээгдэнэ. Өнөөдөр экологи эдийн засгийн үнэлгээгээр газрын доорх усны үнэ гадаргын уснаасаа хоёр дахин өндөр байгаа. Тэр өндөр уснаас чөлөөлөгдөхийн тулд гадаргын усыг хангайгаас шилжүүлж ирэх төсөлд оролцох хэрэгтэй.

-Уул уурхайн ямар компаниуд хамгийн их газрын гүний ус ашиглаж байна вэ?

-Уул уурхайд хамгийн их ус хэрэглэж байгаа нь Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, ДЦС-3, ДЦС-4 ордог. Түүнчлэн бусад уул уурхайн салбарууд хамгийн их ус хэрэглэдэгт ордог. Үүнээс хамгийн их ус хэрэглэдэг нь Энержи ресурсын “Ухаа худаг” уул уурхайн ХХК нь нэг секундэд 112 литр ус хэрэглэх зөвшөөрөлтэйгөөр ордог. Хэдийгээр энэ компанийн хувьд говийн хуурай бүсэд газрын гүний усыг хэрэглэх нь хуулиар нээлттэй ч гэсэн ирээдүйн хүн амын ус хангамжийг шийдсэний дараа илүү гарсан усыг үйлдвэрлэлд хэрэглэхийг дэмжих хэрэгтэй. Түүнчлэн аль болох хуурай технологи хэрэглэх, усыг хэмнэх бүх технологийг эзэмших ёстой. Энэ чиглэл рүү төр засаг бодлогоо ч оруулах ёстой. Одоогийн байдлаар хэсэг гишүүд хууль санаачилсан. Өмнөд бүсийн газрын доорх усны нөөцийг ашиглахдаа нэгдүгээрт, хүн ам, мал аж ахуй, газар тариалангийн усан хангамжийг шийдсэний дараа уул уурхайд ашиглах ёстой гэсэн чиглэлээр хуулийн төсөл өргөн бариад байнгын хороон дээр дэмжлэг аваад явж байна. Монгол орны ирээдүйн хөгжилд уул уурхай чухал үүрэгтэй. Гэхдээ газрын доорх гүний усаар нүүрс угаах нь ирээдүйд үүнээс илүү хор хохиролтой.

Өмнөд говьд нүүрс угаах үйлдвэрүүд олноор баригдах нь газрын доорх усны хувьд маш хохиролтой. Тийм учраас Монгол Улсын Үндэсний аюлгүй байдлын зөвлөмж усны тухай, ус үндэсний хөтөлбөр, аюулгүй байдлын зөвлөмжүүд дээр тусгагдсанаар гадагшаа болон дотогшоо урсгалтай гол мөрнүүдийн усыг хуримтлуулж, усыг зайнд шилжүүлснээр өмнөд говийн усны асуудлыг тэр дундаа үйлдвэрлэл паркийн, баяжуулах үйлдвэрийн усны асуудлыг шийдэх нь Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой. Үүний тухай тогтоол шийдвэр УИХ гаргасан. Гагцхүү амьдралд хэрэгжихгүй байна. Амьдралд хэрэгжүүлэхийн тулд гурван ай сав руу урсаж байгаа голуудын усыг хуримтлуулж авах хэрэгтэй. Хуримтлуулсан усаар том үйлдвэрүүд болох Оюу толгой, Таван толгойг дэмжинэ. Үндсэн хуулийн 6.1, Усны тухай хуулийн 32.7-ийн тухайд төрийн мэдэлд байгаа усыг захиран зарцуулах эрхээ мэдэх ёстой. Газрын доорх усны үнийг нэмсэн ч болно. Хэрвээ тэд хувьцаа гаргаад хувьцаагаараа оролцоод урагшаа ус татах төслүүдийг дэмжих юм бол татвараас чөлөөлөх эрх нь байгаа.

-Уул уурхайд газрын доорх усыг ашиглахыг зөвшөөрөх нь буруу гэж ойлгож болох уу?

-Хүн амын ус хангамжийн асуудлыг нэгдүгээрт тавих ёстой. Уул уурхайд ус ашиглахыг зөвшөөрөх нь огт буруу гэж хэлээгүй. Ашиглаж болох боловч Төрийн бодлого усыг ашиглахдаа газрын гадаргын усыг хослуулж ашиглахад түлхэж чиглүүлж байна. Үүнд том нөөцтэй ордуудын удирдлагууд оролцох ёстой. Улсаа ч дэмжих ёстой, ашгаа ч хүртэх ёстой. Яг усаа шавхаж болохгүй гэсэн хууль гараагүй байна. Харин орон нутгийн удирдлагууд уул уурхайгаас нутгаа хамгаалж байна. Говийн бүсийн нутагт газрын доорх усыг ашиглах зөвшөөрлийн гэрээг хийхдээ татгалзах хэрэгтэй.

-Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэхдээ угаадаг гэсэн. Энэ нь усны нөөцөд хэр нөлөө үзүүлж байгаа бол?

-Баяжуулах болон боловсруулахад ус их хэрэг болдог. Уул уурхайн баяжуулах бүхий л үйлдвэр ус ашигласаар байна. Хэдийгээр хуурай технологи хэрэглэдэг ч хамгийн хямдхан нь усаар баяжуулах байдаг. Коксжих нүүрсийг баяжуулаад өндөр үнээр зардаг. Шахмал түлшний асуудал тодорхой хяналт шалгалтан дор явагдах ёстой. Үүнтэй холбоотой асуудал гарч байгаа. Борлогдоогүй, ачигдаагүй нүүрсний хог хаягдлыг шахмал түлшинд хорголжин түлш болгож хэрэглэхэд ашиглаж байна. Үүнээс үүдээс шахмал түлшинд угаарын хий CO2 их хэмжээгээр агуулагдаж байна. Нүдэнд харагддаггүй, үнэртдэггүй учраас ийм угаарын хий их гарч байна гэсэн дүгнэлтүүд бий. МХЕГ-аас тэр битгий хэл Ерөнхийлөгчийн хэлсэн үгэн дотор онцгой цочирдом дүгнэлтүүд гарч байна лээ. Би өөрийн нүдээр хараагүй учир сайн мэдэхгүй байна. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн учраас үндэслэлтэй гэж үзэж байна.

-Хяналт шалгалтаар хэвийн гэж гараад байсан шүү дээ. Та энэ мэдээллийг хаанаас олсон юм бэ?

-Би янз янзын мэдээллийн эх үүсвэрээс авч байгаа. Хэрвээ орлого хөөгөөд хог хаягдал нүүрсээр хийж байгаа бол луйвар гэж үзнэ. Үүнийг нойтон аргаар боловсруулаад хагас коксжих нүүрсээр хийх байтал хог хаягдлар хийж байна аа гэсэн үг. Зүй нь бол хагас коксждог нүүрсийг боловсруулаад хорголжин нүүрс хийдэг технологи Оросод бий. Ямар ч хорт хий ялгаруулдаггүй нүүрс хийгээд түүнийгээ туршаад интернэтэд тавьчихсан байна. Үүнийг л хийх ёстой байсан. Гэтэл өөрийнхөө хог хаягдлаар гялс боловсруулаад олон түмэнд зарснаас болж угаартсан мэдээлэл явж байна. Энэ үг Ерөнхийлөгчийн хэлсэн үгэн дотор дурдагдаж байсан. Үнэн бол үүнийг зогсоогоод хянаад явах ёстой.

-Энержи ресурс ХХК-ийн “Ухаа худаг” уул уурхайн компани нь ашиглах усны нөөцөө нэмэгдүүлж эхэлсэн гэсэн үг үү?

-“Ухаа худаг” нь нэг секундэд 112 литр ус хэрэглэх зөвшөөрөлтэй компани гэж дээр хэлсэн. Ийм хэмжээний ус ашиглахдаа газрын доорх усны нөөцийг батлуулахдаа нэлээн өндөр тоо оруулж ирлээ гэж интергеологичид үзэж байсан. Хоёр жилийн дотор системийн шинэчлэл хийгээд шалгаад хяналт мониторинг хийгээд хэр зэрэг зөв байна гэдгийг тогтоох протоколтойгоор шийдэл гарч байсан. Би тэр үед усны нөөцийн зөвлөлийн дарга байсан. Үүнээс хойш эргэж энэ асуудал яригдаагүй байгаа. Одоо үүнийг эргэж харж шинэчлэн шалгах хэрэгтэй байна.

-Уул уурхайн компаниуд усны нөхөн сэргээлт хийдэг үү?

-Газрын доорх усны нөөцийг нөхөн сэргээх ажлыг уул уурхайн компаниуд хийх ёстой байдаг. Жишээлбэл, Автрали улсын Перцэд ашиглаад гарч байгаа усны шүүрэлтийг газрын доорх цооног руу шахаад газрын доорх усны тэнцвэрийг бариулдаг технологиудыг “Ухаа худаг”, “Таван толгой” компаниуд хэрэгжүүлэх ёстой. Нүүрсийг янз бүрийн аргаар олборлоход шүүрэл их хэмжээгээр ялгардаг. Энэ шүүрлийн усыг тусгай саванд хуримтлуулаад ашиглалтынхаа тусгай цооног руу шахаад газрын доорх усныхаа нөөцийг нэмэгдүүлдэг.

-Одоогийн байдлаар Монгол Улсын усны нөөц хангалттай бус гэж ойлгож болох уу?

-Говийн нутаг болон хөдөө орон нутгийн хүмүүст нэг хоногт зургаан литр ус ногдож байна. Улаанбаатарын гэр хорооллын айлуудад ч мөн ялгаагүй хоногт зургаан литрээс арван литр ус ногдож байгаа. Харин орон сууцны айлууд нэг хоногт 200 литр ус хэрэглэдэг. Тэгэхээр гэр хорооллын болон хөдөө орон нутгийн иргэдийг орон сууцжуулах юм бол усны хэрэглээ 30 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Хэрэглээ 30 дахин нэмэгдэнэ гэдэг бол усны хомсдол үүснэ гэсэн үг. Үйлдвэрлэл, хүн амын ус хангамж, малын өсөлтийн хэрэгцээ үсрэлтээр нэмэгдэхэд усны хэмжээ нэмэгдээгүй. Усны хомсдол үүсээд эхэлчихсэн байгаа. Ойрын үед эрдэмтдийн тооцоогоор хур тунадас багатайгаар хориод жил үргэлжлэх төлөвтэй байна. Энэ бол том гамшиг. Яагаад гэвэл газрын доорх усны нөөц багасна, бороо ороод л ууршаад алга болно. Хуурай жилүүд ирэх магадлал өндөр байгаа учраас газрын доор усныхаа нөөцийг хамгаалж үлдэх хэрэгтэй.

Ер нь газрын доорх усыг уул уурхайн баяжуулах үйлдвэрт хэрэглэх нь ирээдүйд Монголын ард түмэнд хохиролтой. Тийм учраас Монголын гол зорилго бол гурван чиглэлээр гадаргын усыг говь руу чиглүүлэх хэрэгтэй. Энэ талаар “Ногоон говь” хэмээх төсөл хэрэгжүүлж байна. Орхон, Сэлэнгийн чиглэлээс усыг татаж урагшаа говь руу шилжүүлэх болон дотоодын олон урсгалтай голуудад олон хиймэл нуур үүсгэх ажил манай улсад тулгамдсан асуудал. Энэ усыг говь руу татаж чадвал бид говийн газар доорх усыг ирээдүй хойч үедээ хадгалж үлдээх боломж нээгдэнэ.

Энэ төслийг Оюу толгой авахгүй гэж хэлдэг. Хэрвээ авахгүй бол төр усныхаа үнийг нэмэгдүүлэх үндэслэлтэй. Монгол Улсад усны 34 хувь нь улсын мэдэлд байдаг. Эргээд ус төрийн мэдэлд байна гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. Энэ тохиолдолд усыг яаж ашиглуулах тухайгаа төр өөрөө мэднэ гэсэн үг. Тиймээс усныхаа үнийг нэмэх боломжтой. Говь руу Хангайн бүсээс ус татах төсөлд хамрагдах юм бол усны татвараас чөлөөлөгдөх боломж нээгдэх боломжтой.

Говийн томоохон ус хэрэглэгчид ялангуяа нүүрсний баяжуулах үйлдвэрийн удирдлагууд юуны түрүүнд алс хэтийн бизнесийн төлөвлөгөөндөө Хангайгаас ус хуримтлуулан татах, түүнчлэн Монгол Улсын төр засаг, аюулгүйн зөвлөлөөс санал болгож байгаа энэхүү төслийг дэмжиж хамтарч ажиллах хэрэгтэй.

 

Б.ОЮУНЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • мэргэнбөөдий (202.9.43.233)

    2019-10-29

    өвөл болохоор хүйтэрдэг-Билэгт гэж эргүү авгайн их хурал дээр хэлсэн үг. уул уурхай хамгийн их ус ашигладаг-эргүү доктор цолтой сосорбарамын хэвлэлд ярьсан яриа. адилхан л эргүү малнууд ажээ