Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав
- 20 цаг 26 мин
- Дэлхий
- 0
АНУ-ын Геологийн албанаас гаргасан газрын ховор элементийн нөөц бүхий орнуудын жагсаалтад Казахстан улс багтаагүй
Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонны боломжит нөөц бүхий газрын ховор элементийн томоохон орд илрүүлсэн байна.
Нүсэр ордын потенциал
"Жана Казахстан" хэмээн нэрлээд буй тус орд нь нийслэл Астана хотоос 420 км зайд, Караганда мужийн нутагт оршдог. Ордын 300 орчим метрийн гүнээс неодим, церий, лантан, иттригийн нөөц илрүүлсэн бөгөөд тонн тутамд дунджаар 700 грамм газрын ховор элементийн агуулга байна гэж тооцоолсныг тус улсын Аж үйлдвэр, бүтээн байгуулалтын яам мэдээлжээ.
АНУ-ын Геологийн албанаас гаргасан газрын ховор элементийн нөөц бүхий орнуудын жагсаалтад Казахстан одоогоор багтдаггүй. Хэрэв шинэ ордын нөөцийн хэмжээг баталгаажуулбал Казахстан улс газрын ховор элементийн нийт нөөцөөр БНХАУ, Бразилын дараа гуравдугаарт бичигдэх юм.
Хайгуулыг Төрийн санхүүжилттэй хөтөлбөрийн хүрээнд явуулсан бөгөөд ордын хөгжүүлэлт хэзээнээс эхлэх, ямар компани хариуцах талаар одоогоор тодорхой болоогүй аж.
Үнэндээ “ховор” биш
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Гренланд арлыг улсдаа нэгтгэх сонирхол, мөн Украинд үзүүлсэн дэмжлэгийнхээ хариуд байгалийн баялгийг нь ашиглах саналын цаана газрын ховор элемент хэмээх 17 элементийн бүлэг бий. Хэдий тийм боловч нэрээсээ ялгаатай нь тэдгээр элементүүд үнэндээ дэлхийн царцдаст элбэг тохиолддог. Тухайлбал: церийн нөөц нь цагаан тугалга, хар тугалганыхаас илүү байдаг.
Харин газрын ховор элементийг нэг газраас хангалттай түвшний агуулгатайгаар олж, эдийн засгийн үр ашигтай олборлох нь гол сорилт болдог.
Газрын ховор элементийн олборлолтоор БНХАУ дэлхийд тэргүүлдэг бөгөөд нийт олборлосон газрын ховор элементийн 70 хувийг дангаараа хангаж буй. Мөн батлагдсан нөөцийн тал хувь нь л тус улсад ногдоно. 2024 онд БНХАУ 270 мянган тонн газрын ховор элемент олборлож, сүүлийн таван жилийн хугацаанд олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлжээ.
Сэтгэгдэл (0)