Монголоор 13000 км машинаар, завиар, онгоцоор аялсан чех эрдэмтэн
- 4 цаг 55 мин
- Өөр өнцөг
- 0
Монгол Улс Чехословак улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 5-хан жилийн дараа буюу 1955 онд “Монголын нууц товчоо”-г чех хэлнээ хөрвүүлсэн алдартай эрдэмтэн бол Павел Поуха байсан юм.
Тэрбээр Монголд ирж, монгол орон, монголчуудын ахуй амьдрал, түүх соёл, ёс заншил, тухайн үеийн нийгмийн байдал, хөгжил дэвшилтэй танилцан “Монгол орноор 13000 км - машинаар, завиар, онгоцоор" гэдэг ном бичиж, 1957 онд хэвлүүлжээ.
Тэрээр баруун аймгуудаар Баян-Өлгий хүртэл явсан бөгөөд аяллынх нь гол хөтөч Б.Ринчен гуай байсан байна. Хоёр алдартай эрдэмтэн хоёул 1905 онд төрсөн нас чацуутнууд байсан гэдэг.
Б.Ринчен гуай замдаа түүнд хадны зураг, хиргисүүр, хот суурины балгас гээд олон сонин дурсгалыг үзүүлж, зургийг нь авч, хэмжилт хийхэд тусалж явжээ. Европын шинжлэх ухааны анхааралд монголынхоо баялаг өв соёлыг өртүүлэх алхмыг тийнхүү хийсэн бөгөөд Монгол судлал хөгжсөн орнуудын судалгааг ч шинэ шатанд гаргахад хувь нэмрээ оруулсан гэж тэдний аялал үнэлэгддэг юм байна.
"Тэр аялал нь өвөл болж, цаг агаар хүйтэрч хүндэрсэн үед таарсан ч “69” машинаар олон хоног явж, их зүйл үзжээ. Увс аймгаас Баян-Өлгий аймаг руу явахад нь нутгийн хүмүүс түүнд малгай бэлэглэсэн гэдэг" хэмээн ахмад дипломатч Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Энхтөр манай агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.
Түүнчлэн тэрбээр, “П.Поуха монгол орноор 13000 км аялсан тухай номдоо манай үйлдвэр комбинатын байдал, Хөвсгөл аймгийн Ханхаар орж, гарч байгаа барааны нэр төрөл, очсон аймаг, сумынхаа мал сүргийн тоо толгой, 1955 оны Улаанбаатар хотын байдал гэх мэт тэр үеийн монголчуудын амьдрал ахуй, үзсэн харсан бүхнээ ихэд дэлгэрэнгүй бичиж хэвлүүлжээ” хэмээн дурссан нь бий.
Сэтгэгдэл (0)