Б.Түвшинбат: Бүжгийн урлагийн үе үеийн төлөөлөл багтсан баялаг тоглолт болж байна
- 2018-04-29
- Энтертайнмент
- 0
Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан УДБЭТ- ын уран бүтээлчид сонирхолтой хөтөлбөр гаргажээ. Монголын бүжгийн урлагт хүчин зүтгэж буй уран бүтээлчид нэгдэж энэ сарын 28,29-нд үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барихаар бэлтгэж байна. Энэ талаар УДБЭТ-ын Уран сайхны удирдагч Б.ТҮВШИНБАТТАЙ цөөн хором ярилцлаа.
-Удахгүй болох Дэлхийн бүжгийн өдрийн мэнд хүргэе. Энэ өдөрт зориулж та бүхэн сонирхолтой хөтөлбөр гаргасан тухай сонслоо. Хөтөлбөрт ямар бүтээл багтсан болон бусад зүйлийн талаар мэдээлэл өгнө үү?
-ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1982 оноос дэлхийн улс орнуудад бүжгийн өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. “Дэлхийн орчин үеийн балетын эцэг” хэмээн нэрлэдэг Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новер 1727 оны дөрөвдүгээр сарын 29-нд мэндэлсэн. Энэ хүн бүжгийн онолыг шинжлэх ухааны хэмжээнд боловсруулсан хүн юм. Өөрөөр хэлбэл, бүжгийн урлагийг мэргэжлийн хэмжээнд хүртэл хөгжих хэлбэрт нь оруулсан гэсэн үг. Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан бид дөрөвдүгээр сарын 28-нд Ф.Шопены ”Щопениана” Л.Минкусын “Пахита” балетыг Монголд тавьсны 25 жилийн ойн тоглолтыг зохион байгуулна. Харин дөрөвдүгээр сарын 29-нд “Балетын үдэш” гала тоглолт хийхээр бэлтгэж байна.
-“Балетын үдэш” тоглолтод танайхаас гадна өөр ямар байгууллагын уран бүтээлчид оролцох вэ?
-Монголын бүжгийн урлагт хүчин зүтгэж яваа бүх байгууллагын мэргэжил нэгт нөхдөө урьсан. Монголын үндэсний их театр, “Түмэн эх”, Улаанбаатар, “Сүлд” чуулга болон СУИС-ийн бүжгийн хоёр танхимын багш, бүжигчид, Монгол Улсын консерваторийн бүжгийн багш нарын төлөөлөл оролцоно. Монголын бүжгийн урлагийн үе үеийн төлөөлөл оролцсон баялаг тоглолт болно. Мөн ахмад бүжигчдийн төлөөллийг тоглолтдоо урина.
-Энэ тоглолтоороо сайн үйлсийн аяныг дэмжин ажиллана гэл үү?
-Тийм ээ. “Аутизмтай хүүхдүүдийн төлөө хамтдаа” уриаг зорилгоо болгон аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг, эхчүүдэд урам зориг өгөх, энэ эмгэгийн талаар уран бүтээлээрээ дамжуулан таниулж мэдээлэл өгөх үйлсэд нэгдэн ажиллана. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгодог урлагийн бүтээл хүргэх ажлыг зохион байгуулна. Мөн “Хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад багаас нь урлагийн боловсрол олгоход хамтран ажиллаж байна.
-Дэлхийн улс орнуудад эх орныхоо нэрийг гаргаж яваа уран бүтээлчдээс “Балетын үдэш” гала тоглолтод ирж оролцох уу?
-Тэдгээр бүжигчдийн оролцох тоглолтын хөтөлбөрийг жилийн өмнө гаргачихдаг. Бидний энэ удаагийн тоглолт цаг хугацааны хувьд шахуу байлаа. Тиймээс тэд тоглолтод ирж амжихааргүй болж байна.
-Ирэх саруудад Улаанбаатар хотноо бүжгэн жүжгийн томоохон тоглолт, уралдааныг зохион байгуулах гэж байгаа. Үүнд Дуурийн театрынхан тэргүүлэх үүрэгтэй оролцох байх?
-Тавдугаар сарын 28- 30-нд үндэсний балетын хоёрдугаар уралдаан болно. Үүний дараа тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 2-ны хооронд балетын олон улсын анхдугаар уралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон. Эдгээр уралдааныг театрын зүгээс бодлогоор дэмжиж байна. Уралдааны үеэр тоглох байсан “Дон Жуан” дуурийг хааж, зарим төлөвлөсөн ажлаа цуцалсан. Манай театрын залуу бүжигчид уралдаанд оролцохоор бэлтгэлээ илүү сайн хийж байна.
Б.СИЙЛЭН
Сэтгэгдэл (0)